Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэх гээд хичээе гэв

Н.БАТ

Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Хятадаас шууд хамааралтай байгааг өнгөрсөн жилүүдийн үнэ, борлуулалт батална. Зэс, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, нефть гэх зэрэг ашигт малт­малыг бид урд хөршдөө борлуулдаг.  Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтаас манай бүтээгдэхүүний үнэ болоод экспортын хэм­жээ шалтгаалдаг. Гэхдээ Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үнэ цэнийг Хятадын импортлож авдаг үнийн дундажтай харьцуулахад бага байгааг “Си Ар Юу” группийн Хятад дахь салбарын гүйцэтгэх захирал Жон Жонсон онцолсон юм.  Өнөөдөр Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ их хэмжээгээр унасан нь ашигт малтмалын үнэд ч нөлөөлөх гол хүчин зүйл болчихож. Ойрын жилүүдэд Хятадын зах зээл дээр ашигт малтмалын үнэ  өсөхгүй бөгөөд хамгийн өндөр үнэд хүрч байсан жилүүдийнхээ төвшинд ахиж очихгүй гэдгийг ч тэр хэлсэн.

Харамсалтай нь, манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ уул уурхайн салбар нь эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй хэвээр байх төдийгүй гадаад орлогын дийлэнх хувийг бүрдүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эдийн засагт тэргүүлнэ хэмээн төрийн бодлогыг чиглүүлж байна гэдэг ч өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбар нь экспортод ердөө 8 хувийг эзэлдэг.  Тэгэхээр ёстой “зай ч байна, лай ч байна” гэгчээр 60 сая малтай ч эдийн засгийн тэргүүлэх салбар гэж Хөдөө аж ахуйг онцолж чадахгүй байгаа юм.

Уул уурхайн салбарын хувьд ашигт малтмалын үнэ өсөхгүй нь нэгэнт тодорхой болохоор Монгол Улс бүтээгдэхүүнээ олон улсын жишиг үнэ, таатай нөхцөлөөр борлуулж чадахгүй ч тэр үнээс хол зөрүүгүй л гэрээ байгуулах ёстой.  Өнөөдөр бид дэлхийн жишгээс хэд дахин бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаа нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн. Чанарын хувьд дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг ч дэд бүтэц болоод бусад зардлаас шалтгаалж, уурхайн амнаас нүүрсээ дэндүү хямд үнээр борлуулахаас өөр гарц алга хэмээн салбарынхан баталж байна.

“Кью Эм Си” компанийн захирал М.Дагва “Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэхийн төлөө зүтгэх хэрэгтэй” хэмээн үүнийг тодорхойлно билээ. Сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр төмрийн хүдэр олборлогчид олборлолтын өртгөө 2-4 дахин, нүүрс, зэс олборлогчид 40-60 хувиар бууруулжээ. Тэгвэл манай уурхайнуудын хувьд техник, технологи боловсон хүчний төвшин ямар билээ. Дэлхийгээс хөрөнгө оруулалт татсан Оюутолгой хийгээд зарим нэг томоохон төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд олборлолт хайгуулын ажлыг олон улсын жишигт хүрсэн технологиор хийдэг гэж баталдаг. Тийм ч учраас дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө татдаг. Тэгвэл хөрөнгө оруулалт татаж чадахгүй уурхайнуудын байдал ямар байдаг вэ. Олборлолтын зардал, тээвэрлэлтийн зардал өндөр. Борлуулалт хийсэн ч олж байгаа ашиг нь зардлаа нөхөх төдий. Нөхөн сэргээлт болоод бусад зардлын талаар одоогоор дуугарах ч эрхгүй. Хөрөнгө оруулалт татья гэхээд гадны хөрөнгө оруулагчид татварын таатай орчин, төрийн тогтвортой байдал шаарддаг. Төр нь дөрвөн жилээр л  бодлогоо тодорхойлж, өмнөхөө маргааш нь үгүйсгэсээр хөрөнгө оруулагчдыг үндсэнд нь эргэлзээ тээнэгэлзээгээр  дэгээдчихдэг. Өнгөрсөн долоо пүрэв, баасан гаригт болсон “Дисковер Монголиа” уул уурхайн салбарын чуулганаар энэ асуудлыг л хамгийн ихээр хөндөж байлаа. Энэ удаагийн уриагаа ч “Тогтвортой байдлын төлөө” гэж тодорхойлжээ.

Мөн  гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд төрийн тогтвортой бодлого ус агаар шиг хэрэгтэй байгааг анхаарууллаа. “Эрдэнэс Ресурс Девелопмент” компанийн ерөнхийлөгч П.Акерли "Монголд хөрөнгө оруулсан 20 жилийн сургамж" илтгэлдээ “1997 оноос хойш Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, тасралтгүй ажиллаж байна. 2006 он хүртэл танай улсын эрхзүйн орчин хөрөнгө оруулагчдын хувьд боломжийн байсан. Гэтэл гэнэтийн ашгийг татвар гэж дэлхийн хаана ч байхгүй өндөр татварыг уул уурхайн салбарт бий болгосноор хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн эргэлзээнд оруулсан. 2009 оноос гэнэтийн ашгийн татвараа зогсоосон боловч энэ үеэр дэлхийн эдийн засгийн хямрал таарч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүн ч цөөрсөн. Нэгэнт алдсан итгэлийг эргүүлж буй болгоход цаг хугацаа шаарддаг гэдгийг Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт бодитоор баталсан. Манайх 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан цөөхөн компанийн нэг.  Нэлээн хэдэн орд дээр хайгуулын ажил эхэлсэн. Хэрвээ амжилттай болбол олборлолтоо эхлүүлнэ. Монголын уул уурхайн салбарт асар их ирээдүй байгаа гэж хардаг. Гол нь хугацаа, тууштай байдал чухал. Өрсөлдөх чадвараа сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлж чадвал эдийн засгийн үр өгөөж ч нэмэгдэнэ. Дэлхийн банк “Монгол улс ашигт малтмалын потенциал сайтай ч дэд бүтцээ хөгжүүлээгүй цагт эдийн засгийн үр өгөөж байхгүй” гэж тодорхойлсон байдаг юм. Чилийн жишээнээс харахад татварын болон ашигт малтмалын бодлогоо сайн боловсруулж чадвал өндөр үр дүн өгч байна “ гэв.

Тэгэхээр уул уурхайн салбарт өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал байгааг тус салбарынхан хэлжж, 10 хүрэхгүй жилийн өмнө 4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт өнөөдөр 40 сая ам.доллар болж, 10 дахин буурсанд дүгнэлт хийх цаг ирснийг онцлов.

Банкны салбарынхан ч зөвхөн дотоод зээлээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх боломжгүй гэж байлаа. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны нийт өөрийн хөрөнгө нь 2,6 их наяд төгрөг. Тэгэхээр банкны тухай хуулиа мөрдөн Монголын нийт банкууд хамтран нэг төсөлд хөрөнгө оруулахад ердөө 530 тэрбум буюу 260 орчим сая ам.долларын нөөц бололцоо байгааг дуулгасан. 

Нэгэнт Монгол түмний гэж нэрлээд буй газрын хэвлийн баялгаа зарж, экспортын орлого олох нь эдийн засгаа өөд татах том гарц хэвээр байгаа цагт дэлхийн зэх зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн л санал болгох ёстой. Үүний тулд бусдаас дэмжлэг авах нь тодорхой учраас эргүүлээд тааламжтай нөхцөл бүхий санал тавих нь хэрэгтэй болоод байна гэдгийг уул уурхайн салбарынхан сэтгэл нэг дэмжиж, төр засагт уриалав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан