Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Угаадас”-даа хүүхдийн зураг ашиглахыг зогсооё

Н.БАТ

Фейсбүүк гэж хязгааргүй орон зай. Цукербергтэй хэл авалцахгүй л юм бол дайрч доромжлуулсан ч энэ ертөнцөд амьдраад л байх шаардлагатай болчихож. Сонгуулийн сурталчилгааны хэдэн өдрүүдэд үүнийг илүүтэй мэдэрч байх шив дээ.
Нүүр номын нэг найз маань сумынхаа тухай их бичдэг юм.  Орон нутагт залуус ажиллаж, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхыг харах үнэхээр сайхан учраас түүний постыг уншина аа. Гэтэл өчигдөр зөвхөн нэг хүнийг дайрч доромжлоход чиглэн нээсэн баахан хаягийг постлоод “МАН-ын пиар хийж байгаа хүүхдүүд. Миний дүү нар ядаж 18 нас хүрчихээд том ярь л даа” хэмээн их л бухимдангуй бичжээ.

Тэр бүр нүүр номын хаяг руу ороод төрсөн он сарыг анзаараад байдаггүй ч энэ удаад орж үзлээ. Гэтэл өнөөх хаягийн эзэд маань нэг өдөр төрсөн “хөөрхөн охид” байх юм. Хамгийн гол нь бүгд 16 настай. Царайлаг 16 настай охидод эрчүүд хамгийн түрүүнд найзын хүсэлт илгээдэг учраас хуурамч хаягийн эзэн хөөрхий охидыг өөрөө ч мэдээгүй байхад хаа байсан хөдөөд нэг намын суртал ухуулагч, бүр хар пиарчин болгочихсон байгаа юм. Охид маань хамгийн гол нь аймаар улстөржинө. Нэг хүн рүү чиглэн бүхий л боломжит муу хувилбарыг дэвшүүлж, “угаадас” цацна. Хамгийн өрөвдөлтэй нь дэлхийн олон нийтийн сүлжээний пиарт энэ арга аль хэдийнэ хоцрогдсон гэнэ. Гэхдээ манай улсын хувьд хөдөөнийхөн маань одоо л интернэт гэх энэ хязгааргүй орон зай руу нэг хөлөө дүрчихээд зогсч байгаа юм. Мэдээж дөч шүргэж байгаа малчин хүнд тэр нүүр ном энэ тэр бол төдийлэн нөлөөлөхгүй. Харин сонгуулийн насанд хүрч байгаа, хүрээд удаагүй залуусын тархийг угаах сайхан боломж болчихож.

АН-ын нэр дэвшигчдийг л элдвээр гоочилоход чиглэсэн хаягууд учраас хөндлөнгийн хэн ч гаднаас нь хараад МАН-ынхан гэж сэрдэхээс аргагүй. Гэхдээ МАН-ынх гэж шууд хэлчих бас батлах ямар ч бо­ломж байхгүй. МАН-аас асуу­вал сахилгагүй хүүхдүүдийн л хийсэн ажил гэх тайлбар өгөх биз. Магадгүй манайхыг сэрд­лээ гэж шүүх цагдаа болно. Гэ­тэл өнөөх хүүхдүүд нь үнэхээр хэр­­сүүжчихсэнд учир байгаа юм. МАН-ын хувьд энэ удаад дэндүү их ач холбогдлыг сошиал ертөнцөд өгсөн  гэдэг нь хаа сайгүй ил болсон мэдээлэл. Ер нь аль ч намын бохир пиарын баг байлаа гээд өрсөлдөгч намаа, тэр намын лидерийг үзэн ядаж, харааж зүхэх нь тухайн намын хэрэг. Харин энэ хар будгаараа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийг будаад байх нь хэр оновчтой вэ.

Энэ сарын 16-нд Цагдаагийн Ерөнхий газраас хийсэн мэдээллээр сонгуулийн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой 600 гаруй зөрчил ирсний 76 нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан гэх гомдол байсан гэнэ. Харин манай Цагдаагийнхан гомдлын мөрөөр шалгаад л байгаа гэсэн. Шалгалаа гээд Цукерберг ахтай гэрээ байгуулж, хаахгүй л юм бол эзнийг нь олж тогтооно гэж бараг үгүй. Хаанаас ч  мэдээлэл оруулж, хаана ч хаяг нээж болно.

Уг нь, Эрүүгийн хуульд “Доромжлох буюу гүтгэх гэсэн зүйл ангиар шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 20-50 дахин /4 саяас 10 сая хүртэл төг­рөг/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл гурван сар хүртэл хуга­цаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байгаа. Гэвч эзэн нь олдохгүй хаягт хэрхэн шийтгэл ногдуулах юм бэ. Үнэндээ, Монгол Улсын түүхэнд олон нийтийн сүлжээ ашиглан бусдыг гүтгэсэн хэргээр шийтгүүлсэн ганц хүн бол твиттерт инженер Ц.Бат нэрээр жиргэдэг иргэн Ц.Бат. Нэр хаяг нь тодорхой байсан учраас хуулийн дагуу шийтгэл хүлээсэн нь энэ. Хэдийгээр гомдол гаргагч байж болох ч гомдоогч эзэн нь олдоно гэдэг гонжийн жоо.

Өчигдөрхөн Улаанбаатар хотын Цагдаагийн хэлтсийнхэн мэдээллийнхээ үеэр сон­гуультай холбоотойгоор нийг­мийн сүлжээгээр нэр дэвшигч нарыг гутаан доромжилж, нэр хүндэд нь халдсан  болоод нууц үг, админ эрхээ алдсан кибер халдлага маш олноор гарч байгааг дуулгасан.  Үнэндээ үзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдыг доромжлох нь гэмт хэргийн зүйл заалтад ордог гэдгийг иргэд маань маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний өмнөөс ердөө ажиллаж байгаа мэт боловч хэрвээ та бусдыг доромжилж гүтгэсэн нь батлагдвал одоохондоо Эрүүгийн хуулиар шийтгэл хүлээх хууль хэвээр үйлчилж байгаа. Магадгүй есдүгээр сараас мөрдөгдөх Зөрчлийн тухай хуулиар арай өөр хэлбэрээр шийтгүүлэх байх. Гэхдээ есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх хууль есдүгээр сарын 1-нээс хойш үйлдэгдсэн хэрэгтээ л үйлчилнэ.

Сүүлийн өдрүүдэд  Улаанбаатар хотын Цагдаагийн хэлтэст ирж буй гомдлын 80-90  хувь нь олон нийтийн сүлжээ, мэдээллийн сувгийг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон шинжтэй байгааг тус хэлтсийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх тасгийн дарга Ж.Эрдэнэболд онцлон дараах анхааруулгыг өгч байсан юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ бусдыг гутаан доромжлохгүй байх, түүнчлэн сэжиг бүхий холбоос, сайт руу нэвтэрсэн тохиолдолд  алдаа заах ба ингэснээр хувийн мэдээлэл, өөрийн нууц үг, админ эрхээ алддаг.

Хэрэглэгчийн  хаягаа алдсанаар бусдын өмнөөс  хэн нэгнийг гутаан доромжилсон ёс бус дүрс нийтлэл, сэтгэгдлүүд олноор  цацагдаад байгаа. Тиймээс олны анхаарлыг татсан нэр бүхий сэжигтэй сайт холбоос руу нэвтрэхгүй байхыг  иргэдэд сануулж, анхааруулсан.

Гэвч анхаарууллаа гээд хэрэг шийдэгдэхгүй. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан