Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтэл муутай “оффшор” ажиллагаа


Л.НОМИН


Сонгуулийн хар Пи-Арын гол хөзөр оффшор данс болох нь анхаасаа тодорхой байсан. Тийм ч болохоор сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байхад дайралтууд, хар мэдээллээр бөмбөг дэлбэлж байх шиг. Сүүлдээ бүр аль нам нь олон муу хүнтэй, илүү муухай вэ гэж уралдахдаа тулвал гайхаад хэрэггүй нь. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарласан Панамын архивт багтсан нэрс дунд дурдагдаагүй хүмүүс, компаниуд нь Монголын зарим сайт, хэвлэл мэдээллийн багийнханд л олдсон гэнэ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ойр ажилладаг хүмүүсээр дамжуулж оффшортой холбох гэж үзэж. “THE Mine” компани нь Кайман аралд бүртгэлтэй, нүүрсний уурхайтай аж. Уг компанид нь Б.Оргилсүрэн, М.Бөхбат, Я.Батсүх гэсэн гурван монгол хүн хөрөнгө оруулагч бусад нь гадаадын хүмүүс гэж бичээд дампуурсан хэмээжээ.

Тэгээд ч болоогүй энэ компанийн хөрөнгийг 255 сая ам.доллар гэх зэргээр мэдээлэл цацав. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг бол түүний эхнэр Б.Оргилсүрэн Х.Баттулга гишүүний туслах юм. Энэ талаар М.Бөхбат, Б.Оргилсүрэн нар албан ёсоор хэвлэлийн хурал хийж, худал гэдгийг нь удахгүй зарлах юм байна. Өөр нэг нууц “задарсан” нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригттой холбоотой. Оффшор бүс болох Бермудын арал дээр бүртгэлтэй О.Чулуунбат /Монголбанкны ерөнхийлөгч агсан/, сайд Д.Зоригт нарын 51 хувийг нь эзэмшдэг “Smart rich energy finance” холдинг гэх компанийг 30 мянган ам.доллартай гэсэн байна. Нэрнээс нь харвал бас л нэг уул уурхайн компани бололтой. Хятадаар бичсэн танилцуулга гэх нэг бичиг олон нийтийн сүлжээгээр дүүрчээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ мөн л оффшор бүсэд бүртгэлтэй компанитай байсныг нь илрүүлсэн болж таарав. МЭК /00276 Хонконгийн хөрөнгийн бирж/ ХК 1 сая 258 мянган ширхэг, ВВУ /01733 Хонконгийн хөрөнгийн бирж/ ХК 2 сая ширхэг ММС /975 Хонконгийн хөрөнгийн бирж/ ХК 1 сая ширхэг гээд дүрмийн сан, ногдол хувь нь 0 гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Үүнийг оффшор бүсэд бүртгэлтэй гэж удахгүй хэдэн мянган ам.долларын хөрөнгөтэй болгон гаргаж ирэхээр бэлтгэж байх магадлалтай.

1.    
Энэ мэдээллүүд хаанаас гарч ирэв. Твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр даваа гарагийн оройноос анх үзэгдсэн. Улмаар компанийн танилцуулга хэмээн англи, хятадаар бичсэн зүйл нь ямар ч линк, холбоосгүй. Хэн ч эвлүүлээд хийчихэж болохоор байсан нь баримт болж баталгаажиж чадахгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаас эхлээд зөвлөхүүд нь уг мэдээллийг маш их түгээсээр, дэвэргэсээр байгаа юм.

2.    
Зөвхөн дээрх хүмүүстэй холбоотой компанийн мөнгөн дүн л ил болжээ. “Шинэ төмөр зам” төслийн тухай хөндөж ярьсаны дараа 250, 280 сая ам.доллартай холбоотой тайлбар хийсний маргаашаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой хоёр хүний нэр дээр 255 сая ам.доллартай оффшор компани нь “гэрэлд цохиулав”. Бас л давхцал нь сонирхолтой. Монголын жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга нь эхнэрийнхээ хамт татваргүй бүсэд бүртгэлтэй компанитай хэмээн “илчилж” наалдуулах аргаа үнэхээр олж ядаж.
Эрчим хүчний сайд Д.Зоригтыг банкны салбарт бизнес эрхэлж байсан болохоор талийгаач болсон Монголбанкны захиралтай холбох гэж хичээв үү. 51 хувийг нь 30 мянган ам.доллараар үнэлж, түүнийг нь Хонконгийн сайтуудаар л нэг шуугиж бичиж байгаа юм байх. Хонконгийн 75 компанийн мэдээлэл Панамын архиваас гарч байхад хоёр монгол хөрөнгө оруулагчийг нь онцлоод балбаад буй гэнэ. Үнэхээр л мөнгөн дүнг нь ил болгосон юм бол УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын компанийн хөрөнгийг яагаад тоолж, бичсэнгүй вэ гэдэг асуулт гарна.

3.    
Өмнө нь УИХ-ын гишүүн О.Содбилэг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт  нарын хэдэн хүнийг оффшор бүсийн мэдээлэл дунд багтааж, эвлүүлэг хийж, цахим хуудсуудаар тарааж, олон нийтийн сүлжээнд цацсан ч хуурамч нь илэрсэн. offshoreleaks.icij.org сайтад овог нэрээ оруулаад ямар ч үр дүн гарч ирэхгүй байгааг Х.Баттулга, Л.Болд, С.Эрдэнэ, Д.Зоригт, О.Содбилэг нар шалгаж үзүүлсэн. Тэр нь сорилт байсныг ч үгүйсгэхгүй. Дээрх сайтаас Д.Зоригт, Х.Баттулга нартай холбогдсон гэх компанийн нэрийг оруулж хайхад мэдээж ямар ч мэдээлэл алга.  

4.    
АН-ын дарга З.Энхболд оффшор бүстэй холбогдсон бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь МАН-ынханг сандаргаж, ийн аргаа барсан эвлүүлэг, худал мэдээллийн дайралт хийхэд хүргэв бололтой. МАН-ын дарга М.Энхболдыг оффшор бүстэй холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалаад байдаг. Гэтэл МАН-ын сонгуулийн төв штабыг оффшор бүсэд охидынхоо нэрээр шууд холбогдож, хамаатай болсон С.Баяраар удирдуулахаа мэдэгдчихсэн.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн хэд хэдэн хүний нэр төдийгүй, ойр дотныхон нь гадаадад хөрөнгөө аваачиж нууж, хар дансанд орчихсон. Оффшорт хамааралтай хүмүүсийг МАН, АН-аар нь ялгаж жинлүүр дээр тавьж, харьцуулахад Ардын намынхан олуулаа байгаа зохиомжилсон зураг интернэтээр нэлээд түгээд байв. Харин “шинэ оффшорчдыг” илрүүлсэнээс хойш МАН-д ганц Б.Дэлгэрсайхан үлдээд бусад нь АН-ынхан болж жинлүүр эсрэг тал руугаа хазайсан зургийг гаргаад амжчихаж.

5.    
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, хүчтэй өрсөлдөх хүмүүс рүү чиглэсэн сөрөг мэдээлэл үүсгэх гэсэн нэг арга байж болох. Сонгуулийн сурталчилгаа хийх хуулиар заасан 18 хоногийн хугацаанд хэрэв бусдыг гүтгэсэн, илт худал мэдээлэл түгээвэл хүлээх хариуцлага нь чанга. Одоогийнх шиг оффшор дансны талаар хамаа намаагүй худал мэдээлэл цацвал сайтуудыг шууд хаах зохицуулалт бий. Тэгэхээр сурталчилгааны үеэр ийм төрлийн сөрөг мэдээлэл түгээхгүйгээр өмнө нь муу, муухай харагдуулах гэж хамаг байдаг аргаа хэрэглэж эхэлжээ. Тэгэхээр хоёр долоо хоногийн хугацаанд энэ байтугай л гүжирдлэг, гүтгэлэг явуулах нь бололтой.
Төгсгөлд нь, Панамын архиваас зарласан нэр, компани нь тодорхой хүмүүсийг төрд, төрийн албанд ажиллуулахгүй байх санаачилга, бүр хуулийн төсөл яригдаж эхэлсэн. Тиймээс нэгэнт Монгол Улсаас өөр оронд хөрөнгө, мөнгөө байршуулсан эх оронч бус хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, улмаар төрийн албанд ажиллуулахгүй байх бол зүй ёсны шаардлага. Харамсалтай нь, өөрсдийн санаачилгаар нэр дэвшихээс түдгэлзэхийн оронд бусдыг өөрсөдтэйгээ ижил болгох гэсэн хар ПиАр-ын энэ их давалгаан дундаас үнэн мөнийг ялгаж харах, ойлгох шаардлага сонгогч бидэнд тулгараад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан