Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Байгалмаа: МоАХ Тавантолгойн асуудалд 2007 оноос л байр сууриа илэрхийлж ирсэн

Л.НОМИН

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаатай ярилцлаа.

-Монголын Ардчилсан холбоо 2007 оны зун суулт хийж, Тавантолгойн асуудлыг хөндөж байсан. Баялгийн тэгш бус хуваарилалтыг МоАХ-ны гишүүд, дэмжигчид эсэргүүцэж тухайн үеийн Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Үүнд оролцсон нэгэн гэрчийн хувьд танаас ямар учир шалтгаантай тэмцэл өрнөж байсныг асуух нь зөв болов уу?
-Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид 2007 оны долдугаар сарын 24-26-нд Сүхбаатарын талбайд суулт хийсэн юм. 2007 оны долдугаар сарын 9, 10-нд тухайн үеийн Засгийн газраас Оюу толгой, Тавантолгойн гэрээний төслийг хамтад нь УИХ-д өргөн барьсан. Энэхүү гэрээ нь учир дутагдалтайг МоАХ анхааралдаа авч, энэ чигээр нь явуулж болохгүй, эргэн харах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж, суулт хийх хэмжээнд хүртэл тэмцсэн. Долдугаар сарын 9-10 гэдэг яг наадмын өмнөх өдрүүд. Хүмүүс баяр, наадамд анхаарал хандуулж, амралтаа аваад хөдөө гадаа явсан хойгуур нь гэрээг оруулж ирсэн нь өнөөх чоно борооноор гэгч л болсон. Тиймээс стратегийн чухал орд газруудад хөнгөн хуумгай хандаж, шийдэж болохгүй гээд ард нийтээрээ анхаарлаа хандуулж, шийдвэрлэх ёстой гэж үзэж бид тэмцсэн юм.

-Гэрээний төсөлд юу юу тусгасан байсан юм бол?
-Тавантолгойн гэрээний хувьд тухайн үед 1,5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учир Монгол Улс дангаараа ашиглах боломжгүй. Дотоодын нөөц боломж байхгүй гэж байлаа. Гэтэл Тавантолгойн 14 хувийг эзэмшиж байсан “Энержи Ресурс” компанид тэр үеийн Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан намын нэр бүхий 14 хүнийг ил болгож нэрийг зарлаж байсан. АН-ын Г.Батхүү, Батж.Батбаяр, П.Очирбат, С.Баярцогт, тухайн үеийн ҮШН-ын М.Энхсайхан, МАХН-ын Ц.Цэнгэл, Сү.Батболд, Д.Идэвхтэн гэх мэт хүмүүсийг байсныг бид суулт хийх үеэрээ зарлаж байв. Ингээд 86 хувийг нь улс эзэмшинэ гэж гэрээний төсөлд тусгасан ч судлаад үзэхээр төр тухайн үеийн Ашигт малтмалын хуулиар 50 хүртэл хувийг эзэмших эрх зүйн орчинтой байсан. Тэгэхээр 86 хувийг нь төр эзэмшиж болохгүй. Төрд 50 хүртэл хувийг үлдээгээд 36 хувийг нь олон улсын нээлттэй тендер зарлаж хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулна гэж тайлбарласан. Гэтэл энэ үед өөр нэг асуудал гарч ирсэн л дээ. “Энержи Ресурс” компани хэрэв гэрээг цуцлах юм бол 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ улсаас нэхэмжилнэ гэсэн.

-4,4 тэрбум төгрөг гэхээр нэлээд их мөнгө болно. Тухайн үед улсын төсөв дөнгөж нэг их наяд байсан гээд бодохоор хувийн компанид ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үү?  
-Тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрдэмтэн докторууд, судлаачид “Энержи Ресурс”-ын оруулсан гэх 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн ч нотлоогүй.  Хаанаас, хэн ийм тоо гаргаад ирэв гэдэг асуудал бид тавьсан. Бодит байдал дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд газарт өрөмдлөг хийсний үнэ гэж байгаа юм уу. Энэ бол бодит бус тоо байна гэдгийг сөхөж гаргаж ирсэн. Үүнийг МоАХ ч эсэргүүцэж байсан юм. Халуун зунаар, наадам тааруулж төслөө оруулж, батлуулах гэж зүтгэсэн нь ямар учиртай юм бэ гэдгээ тайлбарлахыг, гэрээний төслийг ард нийтээр нээлттэй хэлэлцүүлэх шаардлага бид тавьж, суулт хийж, иргэдээс гарын үсэг цуглуулсан юм. Маш олон хүний гарын үсэг цуглуулж, түүнийгээ УИХ-ын даргад өргөх бичгээр өгсөн. Мөн мэргэжлийн хүмүүс, судлаачдын хийсэн Оюу толгой, Тавантолгойн гэрээг нягталж, шалгаад гаргасан дүгнэлтийг ч дэмжиж байсан. Ингээд хоёр хоногийн суултын үр дүнд бид тухайн үед тавьсан зорилтдоо хүрч чадсан. УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд иргэдийн гарын үсэг бүхий өргөх бичиг бариад гэрээний төслийг 2007 оны намрын чуулганаар хэлэлцэхээр болгон хойшлуулж чадсан. Ингэж шийдэлд хүрсэн учраас МоАХ суултаа зогсоосон юм.

-Есөн жилийн өмнө ул­сын хөрөнгөөр хайгуул хий­сэн Тавантолгойн ор­дын 14 хувийг эзэмшиж байсан “Энержи Ресурс” компанийн ард албан тушаал, эрх мэдэл бүхий 14 хүн бий гэж мэдэгдэж байж. Хэн хэн байсан юм бэ?
-Энэ 14 хүн бол тухайн үеийн Монголын хамгийн эрх мэдэл бүхий өндөр албан тушаалд байсан аль аль намын төлөөлөл. МАХН, АН, ҮШН гээд бүлэглэл үүсгэсэн байсан. Суултынхаа үеэр бид олон нийтэд зарласан. Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг хэрхэн эзэмшиж, ямар арга замаар лицензийг нь, яах зорилготой олж авав. Өнгөц байдлаар 86 хувь нь улс эзэмшинэ 14 хувь нь дотоодын 14 хүн эзэмшээд байгаа юм шиг харагдаад байдаг. “Энержи Ресурс” гэдэг компанийн дор нэгтгэгдсэн 14 хүн бол монголчууд боловч үнэндээ 2004 онд Канадад худалдагдсан байдаг.  Тэгэхээр аль ч талаас нь харсан “Энержи Ресурс” Канадын компани болж харагдаад. Нөгөө талаас тухайн үеийн Ашигт малтмалын хуулиар 50 хүртэлх хувийг улс эзэмшинэ гэчихээд үлдсэн 36 хувийг нь олон улсын нээлттэй тендер зарлаж өгнө гэж байв. Гэтэл 50 хүртэлх хувиа гэрээний төсөлд заасан шиг төр эзэмшиж чадах уу үгүй юу гэдэг асуудал гарна. 36 хувиа олон улсын нээлттэй тендер зарлаад өглөө гэхэд хэн орж ирээд идэвхийлэн авах нь тодорхой байсан. Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газраа шууд гадаадын компани, хөрөнгө оруулагчид өгчих нөхцөл боломж бүрдсэн байсан гэсэн үг. Тэр ч бүү хэл, Тавантолгойн ордын зөвхөн 34 хувь нь ч монголчуудад үлдэхийг ч үгүйсгэхгүй газаргүй байсан.    
 
-Оюу толгойн гэрээний жишгээр...
-Яг тийм. Оюу толгой явдгаараа яваад ямар алдаа дутагдалтай байгааг бүгд мэднэ. Оюу толгой руу анхаар­лыг нь хандуулж байгаад Тавантолгойн асуудлыг ард нь явуулах гэж үзсэн. Элгэнд наалдсан дэлүү шиг л Монголын талд ашиггүй гэрээ хэлцэл батлуулахаар зүтгүүлж, төлөвлөж цаг үеэ ч сонгосон байсан юм. Үүнийг МоАХ таслан зогсоож чадсан. Ийм л үйл явдал 2007 онд болсон. Тухайн үед гэрээний төслийг М.Энхболдын Зас­гийн газар боловсруулж, өргөн мэдүүлсэн. Шадар сайд нь М.Энхсайхан байсан. Энэ хүмүүс дотор нөгөө тус бүр 1 хувь эзэмшдэг 14 хүний нэр нь байсан юм шүү. Улс орны эрх ашигт нийцсэн гэрээ хийхийг урьтал болгохгүйгээр өөрсдийн баяжих, ашиг олох эрх ашигт нийцүүлэхээр санаархаж зүтгүүлж байсан. МоАХ ардчиллыг, ардчилсан нийгмийг авч ирсэн ууган байгууллага учраас улс орны нөхцөл байдал, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд өөр өнцгөөс нь харж чад­даг, өөрсдийн зарчмаа алдаг­дуулаагүйн хувьд дуугарсан нь энэ. Тухайн үеийн гэрээ хэлцэл хийх гэж байсан хүмүүс одоо ч гэсэн төрийн өндөр албан тушаалд эрх мэдэлтэй хэвээрээ л байна. Есөн жилийн өмнөх байдал өнөөдөр дахиад давтагдсаар л байна. МоАХ юуны төлөө тэмцээд байгааг хүмүүс ойлгох байх.

-Оюу толгойн гэрээг байгуулаад араас нь Тавантолгойг явуулахаар бэлдэж байсан ч гэдэг.
-Тавантолгойн гэрээг дандаа сиймхий тааруулж оруулж ирдэг. 2006 оны зургадугаар сарын 29-нд Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үед МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү нар өргөсөн тангаргаасаа няцаж, төр өөрийн өмчөө худалдан авах тухай, Монголын иргэд ба төр 0-50 хүртэл хувийг хүртэж болох тухай саналыг оруулсан нь долдугаар сарын 8-нд батлагдсан байдаг. Бас л наадмын үеэр. УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж Ашигт малтмалын хуулийг засварласныг Үндсэн хуулийн цэц тогтоосон байдаг. УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчиж хуульд маш их засвар хийсэн нь тогтоогдож, огцорсон. Оюу толгой ба Тавантолгойн баялгийг луйврын аргаар завших боломжийг энэ Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр олгосон. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, эхлэлийг 2006 онд тавьсан байгаа юм. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүс тухайн үед энэ гэрээнүүдийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан. МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор, уул уурхайн инженер-геологич С.Авирмэд, МУИС-ийн багш, геологи-эрдэс судлалын ухааны доктор, инженер-геологич Ж.Бямбаа, техникийн ухааны доктор, хүдэр баяжуулах технологийн инженер М.Дамдинсүрэн, геологи-эрдэс судлалын ухааны доктор уурхайн ин­женер-геологич Ч.Хурц, хуульч Л.Цог, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар гэрээний зүйл заалт бүр дээр нарийвчилсан судалгаа хийж үзсэн. Дүгнэлтдээ ч дээр дурдсан хууль бус зүйлүүдийг тусгаж, УИХ-ын гишүүдэд хандаж тавьсан байдаг.

-Тэгэхээр гэрээг боловс­руулж, 2007 онд оруулж ирэхийн тулд жилийн өмнөөс хууль эрх зүйн хувьд хөрс суурийг нь тавиад бэлдээд байсан гэсэн үг үү?
-2006 оны наймдугаар сарын 22-ны өдөр ажлын хэсэг байгуулаад 2007 оны долдугаар сарын 10 хүртэл ажиллаад төслөө өргөн барь­сан. Энэ хооронд шинжээчид ажиллаад таван үндэслэл гаргаж гэрээг хэлэлцэж болохгүй гэж үзсэн. Гэтэл хүчин төгөлдөр бус Ашигт малтмалын тухай хуульд тулгуурлан гэрээг боловсруулсан байсан. Монгол Улсын Засгийн газ­раас ажлын туршлага бага­тай, практикийн турш­лага дулимаг хүнээр ахлуулж гэрээ байгуулах ажлын хэсэгт геологи, уул уурхайн мэргэжлийн бус хүмүүсийг зориуд томилсон. Ажлын хэс­гийн ахлагч нь тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар. Одоогийн УИХ-ын гишүүн. Гэрээг хаалттай, маш чанд байдалд хийж байсан гэх мэтчлэн үндэслэлээ гаргаад үндсэндээ луйврын шинжтэй гэрээ байтал Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэд хэдэн хурлаар дэмжсэн байсныг тэд илэрхийлж, дүгнэлтээ нийтэд танилцуулж байсан.     
 
-Тавантолгой бол цөөн хэдэн хүний биш Монголын ард түмний өмч гэж зөвхөн ойрын 3-4 жил ярьсан асуудал биш юм байна гэж ойлгож болох болох нь ээ?  
-Гэрээний төслийг 2007 онд Оюутолгойн дуулиан, наадмын үеэр албаар оруулж ирэх гэж байснаас үүдэж бид дуугарсан. Талбай дээр суулт зарласнаас хойш МоАХ Тавантолгойн гэрээ, хөрөнгө оруулалтын асуудал, гэрээ хэлцлийн үе шатууд хэрхэн явж байгаа, ямар заалт оруулж байгаад анхаарлаа тууштай хандуулж ирсэн. Тиймээс одоогийн бодит нөхцөл байдал зөвхөн өнөөдөр, ганц хоёр жилийн өмнө гаргаж ирж байгаа асуудал биш. Тухайн үед онцгой анхаарал хандуулж, суулт хийж байсан шиг өнөөдөр ч гэсэн бид байр сууриа илэрхийлж байгаа юм. Цаашдаа ч Монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн ийм бусармаг зүйлстэй МоАХ тэмцэх болно.

0 Сэтгэгдэл
МоАХ л шударга үнэнийг илчилж үлдэж байна. Бусад нь хэдий өөр намууд ч гэсэн мөнгө харахаараа ах дүү, амраг садан болоод нэгдчихдэг арчаагүй гарууд. Эмэгтэйчүүд зоригтой дуугарч байхад улстөрд байгаа эрчүүд нь чацга царайлахаа болиоч дээ. аймхай эрчүүд, авлигчдаас дор шүү
Bid nurse Zara
Монгол улс ЭЗ-ийн гэхээсээ авлигын (засаглалын) хямралд ороод бна. ЭЗ-ийн хүндрэл бол түүний үр дагавар. Тиймд хямралыг мөнгөөр шийдэхгүй.
Хамгийн их уншсан