А.АКЭРКЭ
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн Алтай сумын бага дунд сургуулийн дотуур байр бүрэн шатсан хэрэг гарсан. Азаар сурагчдын амралт таарсан учир галын аюулд нэг ч хүүхэд өртөөгүй юм. 1976 онд модон палкаар баригдсан дотуур байрны барилгад гарсан галын шалтгааныг холбогдох байгууллагууд нь “яндангийн цонолтоос болсон” гэж дүгнэснээ өчигдөр аймгийн Онцгой комиссын хурал дээр танилцуулсан байна. Энэ талаар аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.Имаммагзамаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гал гарсан шалтгааныг яндангийн цонолтоос болсон гэж үзсэн хэрэг үү?
-Галын шалтгааныг бид тогтоохгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Бидэнд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
-Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг хаана байрлуулахаар болов?
-Хичээлийнх нь байрны нэг жигүүрийг суллаад байрлуулж байна. Манайхаас ажлын хэсэг гараад тус суманд ажиллаад ирсэн. Тэнд ашиглагддаггүй байсан барилга байдаг юм байна. Түүнийг нь засварлаад дотуур байр болгохоор шийдвэрлэсэн. Засварлахад багагүй хөрөнгө шаардагдах юм билээ. Аймгийн Онцгой комиссынхон хуралдаад 30 хүртэлх сая төгрөг гаргаж өгөхөөр болсон. Ямар ч гэсэн эхний ээлжинд сургуулийнх нь хичээлийн байрны нэг жигүүрийг суллаад тэндээ хүүхдүүдийг байрлуулсан. Харин нөгөө жигүүрт нь ахлах ангийн сурагчид хичээллэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэж хэлж болно. Сүүлд авсан мэдээллээр бол 70 гаруй хүүхэд сургуулийн нэг жигүүрт амьдарч байгаа юм байна.
-Засварлахаар болсон хуучин байшин ямар зориулалтаар ашиглагддаг байсан юм бэ?
-Өмнө нь хичээлийн байр байж байгаад дараагаар нь дотуур байр болгон ашигласан юм билээ. Сүүлд 2009 онд ашиглахаа болиод нөөцөд хадгалсан гэсэн. Энэхүү барилга нь тоосгоор баригдсан юм билээ. Өөрийн биеэр очиж тэр барилгатай нь танилцсан.Үнэхээр сайн хадгалагдсан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Сантехник, шал, хана туургыг анхнаас нь барихдаа их сайн хийсэн юм байна гэж харсан. Яахав цонхнууд нь шилгүй байсан. Аргагүй байх л даа. Ашиглагдаагүй дөрөв, таван жил болсон байшин шүү дээ. Бага ангийнхны амралт дуусах үеэр ашиглалтад орчихсон байх болов уу.
-Шатсан дотуур байрнаас үлдсэн юм бий юү. Ор дэрнээс авахуулаад бүх зүйлээ шинээр авах уу?
-Юу ч үлдээгүй биш л дээ. Гал гарах үед сумын бүх иргэд ирж унтраалцсан юм билээ. Унтрааж дийлэхгүй гэдгээ мэдээд ядаж дотор нь байгаа зүйлүүдийг нь гаргая гээд зөөсөн байгаа юм. Тэгээд зарим нэг ор, дэвсгэр, сандал шүүгээг гаргасан байсан. Яаруу сандруу гаргасан болохоор зарим нэг нь ч эвдэрсэн байна билээ. Ямар ч гэсэн ашиглаж болохыг нь авсан. Гэхдээ хүүхдүүдийн орны асуудлыг бүрэн шийдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь гаргаж өгч байгаа.
-Ашиглах гэж байгаа байр хэчнээн хүүхдийн багтаамжтай вэ. Хүүхдүүдийг бүрэн гүйцэд хамруулах боломжтой юу?
-Шатсан барилгад 179 хүүхэд байрладаг байсан гэсэн. Харин одоо оруулах гэж байгаа барилгад 150 хүүхдийг хамруулах боломжтой. 20 гаруй хүүхдийн зөрүү гарч байгаа. Яахав шингээчихэж болох байх. Энэ хавраас эхлээд тус суманд шинээр дотуур байр баригдана. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 1.4 тэрбум төгрөгөөр 150 хүүхдийн байр баригдахаар болоод тендерийг нь хүртэл зарласан. Барих компани нь шалгарсан учир энэ хавраас ажил нь эхлээд намар гэхэд ашиглалтад орчих болов уу. Тэгэхээр Алтай сумын асуудал энэ намар гэхэд бүрэн шийдэгдэнэ. Тэр хүртэл хичээлийн үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахаар дор бүрнээ ажиллаж байна.
-Сурагчдын амралт ирэх долоо хоногийн мягмар гарагт дуусна. Тэр хүртэл засварын ажил амжиж дуусах болов уу?
-Засварын ажил эхэлчихсэн явж байна. Дотор нь байсан хог, хаягдлыг цэвэрлэхээс эхлээд ажил их байна. Түүнчлэн сантехник нь сайн хадгалагдсан байсан ч бүрэн бүтэн байна уу, энэ тэндээ хөлдөж үү гээд шалгах ажлууд ч бий. Тус суманд ч гэсэн комисс гарчихсан ажиллаж байгаа. Хаа хаанаа төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллаж байгаа гэж ойлгож болно.