Л.БАТБААТАР
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсанд Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж олон улсын ирвэс хамгаах сангаас “Хэлэн Фриймэн-2015” шагналаар нэхэн шагнасан билээ.
Энэхүү шагналыг олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн Захирал Брад Рутерфорд талийгаачийн аавд гардуулсан юм.
Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн захирал Брад Рутерфордтой олон улсад цоохор ирвэсийг хэрхэн хамгаалдаг болон бусад асуудлын талаар ярилцлаа.
-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-г хэзээ байгуулсан бэ?
-Дэлхийд нэн ховордсон энэ амьтныг хамгаалах, судлах зорилгоор олон улсын “Ирвэс хамгаалах сан”-г 1981 онд АНУ-ын Сиэтл хотод байгуулсан юм. Олон улсын “Ирвэс хамгаалах сан” нэн ховордсон тус амьтныг орон нутгийн иргэдтэй хамтран хамгаалах зарчим баримталж ажилладаг. Ирвэс бол дэлхийн хэмжээнд нэн ховордсон амьтан. Дэлхийн 12 оронд л амьдардаг. Нийтдээ 4000-7500 орчим тооны ирвэс бий гэж судлаачид үздэг. Үүнээс 1000 гаруй нь Монгол Улсад байдаг.
-Монгол Улс хуульдаа дэлхийд нэн ховор энэ амьтныг дархан цаазтай болгож Улаан номондоо оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, агнаж устгаж болохгүй гэсэн үг. Бусад орон энэ амьтныг яаж хамгаалдаг вэ?
-Энэ 12 орон өөр өөрсдийн орныхоо хуулийн хамгийн дээд зэргийн хамгаалалтад цоохор ирвэсийг оруулсан байдаг. Дэлхийн хэмжээнд нэн ховордсон гэдэг утгаар нь хамгаалалтын асуудлыг тухайн орны Засгийн газар хариуцдаг.
Засгийн газрууд хууль эрхийнхээ хүрээнд ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулдаг юм. Эдгээр орны байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага нь олон улсын байгууллагуудтай хамтран ирвэс хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
-Гоёмсог сайхан арьснаасаа болж энэ амьтан ховордов уу. Эсвэл өөр ямар нэгэн шалтгаан байна уу. Энэ талаар таны бодол?
-Ер нь яагаад ховордов гэдгийг эсрэг талаас нь авч үзье. Дэлхийн хамгийн хүйтэн болон өндөрлөг газар нутагт амьдардаг учраас байгаль цаг уурын бэрхшээл ховордоход нь нөлөөлдөг болов уу. Цоохор ирвэсэнд учирч байгаа гол асуудал бол нутгийн иргэд болон зэрлэг амьтаны хоорондын зөрчилдөөн юм. Мал иддэг болохоор хороох асуудал зөвхөн Монголд төдийгүй ирвэс нутагладаг бусад оронд ч түгээмэл.
Нөгөө талаар энэ амьтны арьс, эд эрхтэнийг хууль бусаар зарж борлуулах явдал буурахгүй байгаа нь ховордоход нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг амьтдад шинэ шинэ бэрхшээл тулгарч байна. Уул уурхайн хөгжлөөс шалтгаалж зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж байна. Сүүлийн үед, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлөх боллоо.
-Өмнөгөвь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд ирвэс хамгаалах, судлах чиглэлээр ажилладаг залуу тодорхойгүй шалтгааны улмаас амь насаа алдсан. Бусад оронд ирвэс хамгаалагчийн амь насанд халдсан тохиолдол гарч байсан уу?
-“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан залуу амь насаа алдсан нь бидний хувьд болон дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүст маш том гарз хохирол тохиолоо. Дэлхийн хэмжээнд ийм тохиолдол гарсныг сонсч байгаагүй. Гэхдээ байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа судлаачдад янз бүрийн эрсдэл тулгарсаар ирсэн.
Нэмж хэлэхэд, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруу бол цоохор ирвэсийн хувьд маш чухал амьдрах орчин гэдэг нь судалгаагаар тогтоогдчихсон. Энэ газар нутаг дэлхийн цоохор ирвэс хамгаалах чухал газар хэмээн стратеги төлөвлөгөөнд орсон юм. Монголын байгаль хамгаалагчид энэ газрыг хамгаалалтад авахаар зорьж байгаа. Тост, Тосонбумбын нуруунд ирвэс судлах, хамгаалах ажил 2010 оноос эхэлснийг бид мэднэ. Бидний зүгээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг анхааралтай ажиглаж байна. Саяхан Монгол Улсын Засгийн газар Тост, Тосонбумбын нурууг “Тусгай хэрэгцээний газар” гэсэн ангилалаар хамгаалалтад авсан. Энэ нь тусгай хамгаалалттай газрын статус биш. Ийм хамгаалалтад авснаар зэрлэг амьтанд амьдрах бололцоо олдох үгүйд эргэлзэж байна. Засгийн газар болон холбогдох яам энэ шийдвэрээ эргэн харж “Тусгай хамгаалалттай газар” гэсэн ангилалд оруулах шийдвэр гаргах болов уу хэмээн найдаж байна.
-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-гийн захирлын хувьд Монголын “Ирвэс хамгаалах сан”-гийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Олон улсын “Ирвэс хамгаалах сан”-тай Монголын “Ирвэс хамгаалах сан” ТББ нь урт хугацааны туршид үр дүнтэй хамтран ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Миний мэдэхээр, ирвэс хамгаалах ажлын төлөө ихийг хийж бүтээсэн ийм байгууллага ховор. Монголын “Ирвэс хамгаалах сан” нь нутгийн иргэдэд түшиглэн, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж ихээхэн туршлагатай хуримтлуулсан.
-Олон улсын “Ирвэс хамгаалах сан” нь гишүүн орныхоо ирвэс хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагад санхүүгийн болон техникийн ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлдэг үү?
-Нэн ховор амьтныг хамгаалах ажлыг тухайн орны иргэд хийдэг. Үүнийг дэмжих зорилгоор хамтарч ажилладаг. Ер нь санхүүгийн болон техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг юм. АНУ-д байрладаг Олон улсын “Ирвэс хамгаалах сан” гэдэг байгууллага бусад орны ирвэсийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Монголын эрдэмтэн судлаачид ирвэс хамгаалах болон судлах ажлаа өөрсдөө хийнэ. Харин бидний зүгээс дэмжиж туслах чиглэлээр ажиллах болно. Бусад оронтой ч энэ л зарчмаар ажилладаг.
-Дэлхийн 12 орон ирвэсийг хамгаалж тоо толгойг нь өсгөхөд анхаардаг. Тэдгээрээс аль улс амжилттай ажиллаж байна вэ. Бусдад туршлага болохуйц амжилтад хүрсэн орныг дурдвал?
-Энэ 12 орон өөрсдийн хэмжээнд ирвэс хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Зарим орны хамгаалах арга нь бодлогынхоо түвшинд хүрсэн байдаг. Тодруулбал, Киргиз улсын Ерөнхийлөгч анх удаа ирвэс бүхий 12 орны төр, засгийн тэргүүнд хандаж “Цоохор ирвэс хамгаалах стратеги төлөвлөгөө боловсруулъя” гэж уриалга гаргаж төлөвлөгөө боловсруулах ажил эхлүүлсэн. Энэ утгаараа цоохор ирвэс хамгаалах ажлын бодлогын түвшинд Киргиз улс тэргүүлж явна. Киргиз улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн 12 орон өөрсдийн стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Улмаар дэлхийн хэмжээний стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улс нь цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Байгаль хамгаалах ажилд орон нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулдагаараа Монгол Улс бусдыг тэргүүлж байна. БНХАУ бол цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Цоохор ирвэсийн амьдрах орчны талбай томтой. Хятад нь цоохор ирвэс хамгаалах хуулийг хэрэгжүүлэх түвшиндээ илүү анхаардаг. Бутан, Непал зэрэг Төв Азийн орон ирвэс хамгаалах хуулиа сайтар боловсруулсан ба зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хатуу тусгаж өгсөн байдаг гэх мэтчилэн тус тусдаа онцлогтой.