Л.БАТБААТАР
Баянзүрх дүүргийн хэмжээнд цахим газар хувьчлалын үйл явц дууссан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхээс тодрууллаа.
-Дүүргийн хэмжээнд таван удаагийн цахим газар өмчлөлөөр хэчнээн хүнд газар өмчлүүлсэн бэ?
-Баянзүрх дүүргийн ес болон хорьдугаар хорооны нутаг болох олны нэрлэж заншсанаар Улиастайн амны долоон байршилд цахимаар газар өмчлүүлсэн.
Уг нь Баянзүрх дүүргийн 15 байршлын 1232 га газарт цахимаар газар өмчлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс усны ундаргын бүс, сургууль, цэцэрлэгийн болон айлын амины хашаатай давхцсан найман байршлыг хассан. Ингээд үлдсэн долоон байршилд цахимаар газар өмчлүүлж дууслаа. Одоогийн байдлаар, 2873 иргэнд газар өмчлөх эрхийн шийдвэр гаргаж холбогдох бичиг баримтыг нь олгох үйл ажиллагаа хийгдэж байна.
Мөн дөрөвдүгээр ээлжээс хоцорсон 108 иргэний материал болон тавдугаар ээлжээр Шарын аманд сонгогдсон 204, нөхөн сонгогдсон 94 иргэний материалыг бүртгэх ажил явагдаж байна. 1232 га газраас сургууль, цэцэрлэгийн газрын төлөвлөлтийг хасахаар иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ багасна. Баянзүрх дүүрэгт цахимаар газар олгох үйл ажиллагаа дахин явагдахгүй. Дээрх хүмүүс газраа өмчилж авснаар цахимаар газар өмчлүүлэх таван удаагийн ажил Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжиж дуусах юм. Бусад дүүрэгт цахимаар газар өмчлүүлэх ажил үргэлжилнэ. Харин өмчилж авсан газраа хуулийн хугацаанд баталгаажуулаагүй иргэдийн газарт нөхөн өмчлүүлэх ажиллагаа явагдахыг үгүйсгэхгүй. Дүүргийн Өмч, газрын харилцааны алба өмчлүүлэх нөөц газрын хэмжээг тогтоохгүй. Дээд байгууллагын шийдвэрээр Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчлүүлэх ажил дахин явагдаж болно.
-Дөрөвдүгээр ээлжийн цахим газар олголтын гэрчилгээ гарахгүй удаж байна гэсэн гомдол иргэдийн зүгээс их гарч байна. Мөн кадастрын үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд муу ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар тайлбарлаж болох уу?
-Цахим газар олголтод сонгогдсон иргэдэд газрынх нь гэрчилгээ олгодог дарааллыг нь хэлье. Эхлээд цахим сонгон шалгаруулалт явагдана. Сонгогдсон иргэдийн материалыг нийслэлийн Засаг даргын захирамжид оруулах ажлыг хийнэ. Захирамж гарсны дараа газрын гэрчилгээг хэвлэнэ. Хэвлэж улмаар архивт оруулна. Энэ бүх үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа зарцуулагдах нь ойлгомжтой. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба дөрөвдүгээр ээлжийн цахим газар олголтын гэрчилгээг өнөөдрөөс (өчигдөр) иргэдэд олгож байна. Кадастрын компанийн тухайд тухайн газрын координатыг (байршил) тогтоодог. Кадастр хийх компанийг нийслэлийн Өмч, газрын харилцааны хурлаар оруулж баталдаг. Шалгарсан компани цахим газар өмчлөлийн нэг байршилд сонгогдсон иргэдийн газрыг баталгаажуулж байршил тогтоодог. Иргэдийн сонгогдсон газрын байршлыг тогтоож шугам тавьж өгөх үүрэгтэй. Энэ үйл ажиллагааныхаа зохион байгуулалтыг тухайн компани хариуцна.
-Олгож буй газрууд нь уулын мухарт болон дэд бүтэц татаагүй газарт байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс гаргадаг. Ер нь цахимаар газар өмчилж авсан иргэд хашаагаа хатгаж эхэлсэн үү?
-Дэд бүтэцгүй болохоор хашаа хатгаж эхлээгүй. Гэхдээ дэд бүтэцийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэл хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байгаа. Газар эзэмших болон өмчлүүлэх нь хоорондоо эрс ялгаатай. Газрын тухай хуульд хоёр жилээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй бол эзэмших эрхийг нь цуцлана гэж заасан байдаг. Газар өмчлөх эрх нь үүнээс өөр. Бусдад худалдаж болно. Мөн эдийн засгийн эргэлтэд оруулж барьцаанд тавих эрх нь нээлттэй. Цахимаар газар өмчилсэн иргэд тухайн газартаа гэр хороолол биш хаус барих ёстой. Улсаас ийм бодлого барьж байна. Яндан бүхий гэр хороолол байгуулахыг зөвшөөрөхгүй.
-Цахимаар өмчлүүлсэн газарт хаус хороолол байгуулна гэж үү. Дэд бүтэц ч татаагүй газарт хот байгуулна гэхээр санаанд тэр бүр буухгүй байх?
-Дэд бүтэцгүй, уулын аманд газар олгоод л мартаж орхино гэж хүмүүс бодоод байх шиг байна. Тийм биш. Хуучны ямар ч төлөвлөгөөгүй газар олголтоос цахим газар олголт нь огт өөр. Учир нь нийслэл хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөгөөр сургууль, цэцэрлэг, зам болон дэд бүтцийн асуудлыг төлөвлөсөн. Ингэж төлөвлөсөн газрыг иргэдийн өмчлөлд шууд өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэд өмчилж авсан газраа зарах, барьцаанд тавих эрхтэй. Газраа банкинд барьцаалж хаус барих боломжийг улс олгоно. Улиастай голыг дагасан хоёр амны 23 км урт газар бүхий байршилд цахимаар газар олгосон. Энэ голын хоёр талын эргийг дагаж хот байгуулах юм. Хот байгуулах асуудлыг нийслэл хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан.
-Хот байгуулахын тулд дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Дэд бүтцийн асуудлыг улс шийднэ. Цахилгааны эх үүсвэр тус байршлаас холгүй байгаа. Ерөнхийдөө энэ асуудал 1-2 жилийн дотор ажил хэрэг болох магадлалтай. Иймээс иргэд энэ газар яндан бүхий гэр хороолол байгуулж болохгүй. Хаус барих зайлшгүй шаардлагатай. Ийм боломжийг улс хангана. Баянзүрх дүүрэг нь Улаанбаатар хотын зүүн бүс гэгддэг. Өмнө нь Зүүн бүс дулаан, цэвэр ус болон цахилгааны хомсдолтой байсан. Дулааны станц ашиглалтад орсон. Ингэснээр дулаанаар хангагдах боломжтой боллоо. Гацууртад хоногт 38 мянган шоо метр куб ус гаргах хүчин чадалтай худаг ашиглалтад орлоо. Мөн тавдугаар цахилгаан станц удахгүй ашиглалтад орох юм. Ингэснээр, зүүн бүсийн хувьд дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Ийм байршилд цахимаар сонгогдсон иргэд их азтай хүмүүс. Учир нь ийм сайхан боломж нөхцөл үүссэн үед сонгогдож байна. Улиастайн гол дагуух газар цаашид үнэд орно. Өмнө нь иргэн бүр газар эзэмших болон өмчлөх эрхтэй гэсэн нэрийн дор төлөвлөлтгүй газар олгодог байв. Өөр хүнд дахиж олгохгүй. Мөн өөр зориулалтаар ч олгохгүй. Өнгөрсөн хугацаанд олгосон газруудад сургууль, цэцэрлэг барих газар олддоггүйг хүн бүр мэднэ. Тэр байтугай гал командын болон түргэний машин явах боломжгүй байдлаар замбараагүй олгосон байдаг. Шинээр олгож байгаа газруудыг хатуу төлөвлөлтийн дор олгож байна. Ирэх онд авто зам тавихаар тухайн газрын үнэ улам өснө. 30-40 сая төгрөгөөр дунд зэргийн хаус барих боломж бий болох юм. Хаус, автомашины гараж болон газар нь илүү үнэтэй болбол тухайн иргэн үндсэн хөрөнгөтэй болж байна аа гэсэн үг.