Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халх голын дурсгалууд - Монголын дурсгалт газарууд

1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы 500 морьтон цэрэг Номун хан хэмээх газраар Монголын хилийг зөрчин орж ирснээр Халх голын зарлаагүй дайн эхэлсэн юм. Эрс уул хүртэл 60 километр, Хамар даваанаас улсын хил хүртэл 28 километр газарт 126 өдрийн тулалдаан болсон юм. Монгол-Зөвлөлтийн олон цэрэг эрс Халх гол орчмын газрын хөрсөн доор нойрсож байдаг. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан “Ханан хөшөө”, “Ерэн баатрын хөшөө”, “Илдэн хөшөө” гэх мэт  31 хөшөө дурсгал Халх голын орчимд сүндэрлэн байдаг билээ. Халх гол сумын төвд Ялалтын музей байдаг бөгөөд 1984 онд байгуулагджээ. 1 дүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим, 100 хүний багтаамжтай кино танхим, 2 дугаар давхарт нь дайны үеийн байдлыг харуулсан фото болон зэр зэвсэг гэх мэт 1000 гаруй үзмэр бүхий танхим, 3 дугаар давхарт нь дайны баатруудад зориулсан хүндэтгэлтийн танхим байдаг. Энд ирсэн зочид хүндэтгэл үзүүлж 1 минут дуугүй зогсдог байна. Гадна талын талбайд дайны үед хэрэглэж байсан машин техник, танк, зэр зэвсгийг мөн адил байрлуулжээ. Дайчдын хөшөө: Халхгол сумын нутагт Баянцагааны нурууны урд үзүүрт, Хамар даваанаас хойш 10 километрт байдаг. Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа алдсан Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж 1954 онд байгуулсан. Хөшөө нь иж бүрэн цогцолбор бөгөөд Халх голын ойг тохиолдуулан зарим жижиг хөшөөг нэмж байгуулсаар иржээ. Гол хөшөөнд 110 хүний нэрийг сийлж, буу сэлэм хоёрыг зөрүүлж байрлуулсан сүрлэг хөшөө юм.

Ялалтын хөшөө:
1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Хөшөөний өндөр нь 50 метр, гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай Монгол эмэгтэйн дүрсийг урласан байдаг нь Монгол-Зөвлөлтийн найрамдал, цэрэг эрийн эх хүний ариун сэтгэлийг бэлгэддэг. Гол баганын хоёр талд байх зэс цутгамал тугны дүрс бүхий ханан дээр тус байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр төрх, тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж тухайн үеийн тулалдааны уур амьсгал, дүр төрхийг илэрхийлж, энэ эрх чөлөө ямар их үнээр олдсоныг илтгэн харуулдаг. Хөшөөг 54 метр урт, 33 метр өргөн дан аранжин зэсээр урлан хийжээ.

Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын цогцолбор: Чойбалсан хотын Бунхан толгойд байрлах бөгөөд Зөвлөлтийн нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулан босгожээ. “Халхын гол-1939” хэмээх бичигтэй энэ хөшөөнд Монголын ард түмнийг, Монгол газар нутгийг харийн дайснуудаас хамгаалж алтан амиа алдсан Зөвлөлтийн 100 гаруй нисгэгчдийн овог нэрийг сийлсэн байдаг. Халх голын байлдааны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан бөгөөд энэ ангиас ЗХУ-ын хошой баатар Г.П.Кравченко, С.И.Грицевец, Я.В.Смушкевич, ЗХУ-ын баатар М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төржээ.

Илдэн хөшөө: Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулан 1969 оны 6 дугаар сард Халх голын Ялалт багийн төвд босгожээ. Хөшөөн дээр “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд” гэж бичсэн байдаг.

Ханан хөшөө: Баян цагааны нуруунд байдаг бөгөөд 1969 оны 8 дугаар сард босгожээ. Монгол гэрийн хананы хэлбэртэйгээр босгосон тус хөшөө байгаа газраасаа дотогш Японы түрэмгийлэгчдийг алхуулалгүй бут цохисон гэдэг. Ялалтын 30 жилийн ойд зориулсан учраас хананы хэлбэр нь давхар 30-ын тоог ромбо байдлаар илэрхийлсэн байдаг.

Ерэн баатарын хөшөө:
Баянцагааны нуруунд байх Ерэн баатарын хөшөөг Монголд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгожээ. Халхын голын ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгожээ.

М.П.Яковлевийн хөшөө: Баянцагааны нуруунд М.П.Яковлевийн танкны хөшөө бий. Тэрээр 1903 онд Сибирьт төрсөн бөгөөд 1939 оны 7 дугаар сарын 2-7-нд болсон тулалдаанд түүний удирдсан танкийн 11 дүгээр бригад удаа дараа ялалт байгуулжээ.  7 дугаар сарын 12-нд Халхголын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулёмотоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж, танкийн бригад болон явган цэргийг биечлэн удирджээ. Энэхүү тулаанд М.П.Яковлев эрэлхэгээр амь үрэгдсэн юм. Түүний гавъяаг мөнхжүүлж ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11 дүгээр бригадыг түүний нэрээр нэрлэжээ. Тулалдаанд орж амь үрэгдсэн тэр газарт БТ-7 загварын танкаар сүрлэг хөшөө байгуулж, хашаанаас 10 метрийн зайд хос багана босгон танкийн 11 дүгээр бригадын амь үрэгдсэн 72 дайчдын дурсгалыг мөнхжүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан