Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөн билигтнүүд 2016 оны тухай юу өгүүлэв

Хүн хэт ядуурч, эсвэл аваар осолд орж, арга мухардаад ирэхээрээ сүсэг бишрэлд хэт автдаг гэдэг. Нийгэм ч тэр, хүн төрөлхтөн ч тэр хүн хоорондын харилцаанаас бүтэж байдаг тул яг адил. Дэлхий даяар эдийн засгийн болзошгүй хямрал, алан хядагчдын дайралт, ашигт малтмалын үнийн уналт, хэт дулаарал, эбола мэтийн аймшигт өвчний тахал, Орос ба Өрнө дахины хооронд дэгдэж болзошгүй аймшигт мөргөлдөөн гээд маш олон зүйл гарчих вий, гарвал яанаа гэж айдаст автан хүлээж сууна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй л байх.

Яг ийм айдаст автсан үе зарим хүний хувьд, тодруулбал элдэв үзмэрч, далдыг харагчдын хувьд санхүү эдийн засгаа огцом сайжруулах тун таатай, “хувьсгалын тохироо”-г бүрдүүлдэг.Тэдний гэрийн хаалга үүд хаагдах завгүй. Гэхдээ энд нэг сонин юм ажиглагддаг. Өөрсдийгөө алсыг харагч, далдыг мэдэгч энэ тэр гэж дүвчигнэдэг тэр олон мянган зальжин нөхдүүдийн дотор үнэхээр алс хэтэд болох зарим юмсыг олж хараад онож хэлдэг хуруу дарам цөөн хэдэн хүн байдаг бололтой юм. Тэд дийлэнхдээ аль болох олны анхаарал татахгүй байх, хэлье гэсэн юмаа асуугаагүй байхад хэлэх, тулга тойрсон жижиг юмнаас гадна улс гүрэн, тив, дэлхийн хэмжээнд харж чаддаг онцлогтой. Сэтгэл судлаачдын судалгаагаар 2,5 сая үзмэрч, далдыг харагчдын дотор үнэхээр бодит чадвартай 1-2 хүн л байх магадлалтай гэдгийг тооцон гаргажээ.

Бодит чадвартай бүгд хүлээн зөвшөөрсөн хүмүүст ч бид  янз бүрээр хандах нь бий. Зарим тэднийг бусдаас илүү авьяаслаг луйварчид гэх, зарим нь бараг л амьд бурхан гэх. Чухамдаа итгэх эсэх нь таны хувийн хэрэг. Ингээд уншигч танд үнэхээр далдыг хардаг, холыг мэдэрдэг, дэлхийн дайтай сэтгэж чаддаг зөнчдөөс 2016 онд юу болох тухай зөгнөн хэлснээс заримыг нь сонирхуулъя.

Нострадамус: “Далайн ёроолд анхны сууринг байгуулна”

Далдыг харагч, хосгүй чадвартнуудын дунд домог болсон Мишель Нострадамусын тухай сонсоогүй хүн гэж бараг байхгүй. 500 гаруй жилийн өмнө амьдарч байсан энэ хүн ирээдүйд болох үйл явдлын тухай тун ч оновчтой хэлсэн байдаг. Гэхдээ христийн шашны хэнээтнүүдээс болгоомжлоод зөн билгээ катрен нэртэй шад шүлэг хэлбэрээр нууцалсан байдаг билээ. Иймд түүний катренийг тайлж унших нь тун амаргүй. Судлаачид янз бүрээр тайлбарлана.

Ямар ч байсан Нострадамус 2016 оны талаар ийн зөгнөжээ. Хүн төрөлхтний хүлээж байгаа аймшигт хувь тавилан зөгнөсөн муу ёрын хүн оны эхээр төрнө. Улс орнууд хоорондоо дайтаж их гамшиг ирэх ч байгалийн гамшиг түүнээс илүү байна.  Тухайлбал, хоёр сар үргэлжилсэн хүчтэй борооны улмаас Их Британи бүхэлдээ, Итали ба Чех, Унгарын ихээхэн хэсэг нь бүхэлдээ үерт автан усанд далдлагдана. Оросын төв хэсэгт маш хүчтэй түймэр гарах тул иргэд нь түймрээс зугатан хойд нутаг руугаа шилжин суурьшина.

Хүнийг агшин зуур үнс болгогч аймшигт туяанаас болж бусад орны хүмүүс Орос руу зугатан ирнэ гэсэн байна. Энэ туяа гэж юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Цаашлаад, алчуур ороож хийсэн малгайтай хүмүүс нэгнийхээ эсрэг цус асгаруулсан дайн явуулж,  дайнд нь бусад улс татагдан оролцоно гэж. Ийм малгайг лалын шашинтнууд өмсдөг болохоор Ойрхи Дорнодод болж байгаа мөргөлдөөн, лалын алан хядагчдыг хэлж байгаа бололтой. Ингээд ч зогсохгүй оны сүүлээр лалын шашинтнууд олноороо христийн шашинтнуудын эсрэг босч асар олон хүний аминд хүрэх дайн эхлүүлнэ гэж. Энд олон зуун мянга, хэдэн саяараа Баруун Европ руу дүрвэн ирж суурьшаад байгаа Хойд Африк, Ойрхи Дорнодын лалын шашинтнуудыг хэлж байж болох юм. Тэгээд ч сая тэд Парист алан хядах ажиллагаа явуулж бүгдийг айлгасан. Тэгэхээр нэг сайхан өдөр европчууд хүлээж авахгүй байна гээд олныг хамарсан бослого үймээн дэгдээхийг үгүйсгэх аргагүй. Сая гаруй хүн зэрэг үймнэ гэдэг тоглоом биш.

Нөгөө талаас Нострадамусын зөгнөснөөр 2016 оноос хүн төрөлхтөн дэлхийн талбайн дийлэнхийг эзэлдэг тэнгис далайг судлахад онцгой анхаарч эхлэх бөгөөд далайн ёроолд анхны хот, суурин байгуулна гэнэ. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Нострадамусын номыг олж аваад та катренуудыг нь тайлан уншаарай.

Ванга: Дэлхийд Хятад, Орос шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ

Манайхан сайд, дарга нарынхаа нэрийг мэддэггүй, тэдний хэлж ярьж байгаад итгэдэггүй  ч Ванга эмээг бол бүгд маш сайн мэддэг, хэлсэн зөгнөсөн болгонд нь итгэдэг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Ингээд талийгаач Ванга 2016 оны тухай юу гэж зөгнөснийг сонирхуулъя.

Юуны өмнө Ванга эмээ яг 2016 он гэж тухайлсан зөгнөл нэгийг ч хэлээгүй гэдгийг онцолъё. Тэрээр 2010-2018 онд хүн төрөлхтөнд тохиолдож болох үйл явдлын талаар бүхэлд нь хэлсэн байдаг. Түүний хэлснээр дэлхий дахин Ойрхи Дорнодод байрладаг улс орнуудаас болж аймшигтай дайны ирмэгт тулна. Тэдний нэг нь Иран эсвэл Турк байж магадгүй гэсэн. Ямар ч л байсан лалын шашинт хоёр улс хоорондоо дайтахаар шийднэ. Нэг нь цөмийн зэвсэг хэрэглэхээр шийдэхэд их гүрнүүд оролцон эцсийн мөчид аймшигт зэвсэг хэрэглэхийг зогсооно. Үүнд манай хоёр хөрш шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.

Европ тив 2016 онд эдийн засаг улс төрийн гүн хямралд орно. Үүнээс болж улсууд хоорондоо түнжин хагарна. /Энд Европын холбооны гишүүн орнуудыг хэлсэн байх/ Олон сая лалын дүрвэгчдээс болж, Европын холбооны дотоод эв түнжин сүүлийн үед эрс муудаад байгаа. Их Британи гэхэд л Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар ярьж байсан нь зөгнөөд байгаа түнжин хагарлын эхний дохио байх. Дээр нь лалын цагаачдыг хүлээж авах эсэх, авбал ямар улс хэдэн цагаач хүлээж авахтай холбоотой маш хурц маргаан явж байна. Энэ бас л тийм сайхан зүйл биш нь ойлгомжтой.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ыг улс төрийн гүн хямралаас болж нэлээдгүй асуудалтай тулгарна гэсэн байна. Улс төрийн хямралыг дагаад олныг хамарсан үймээн, жагсаал олноор болно гэж. Цаашлаад Америк нь байгалийн онц ноцтой олон таагүй үзэгдэлтэй тулгарч маш их хохирол амсч магадгүй байгаа. Нөхцөл байдал хамгийн таагүй байдлаар бүрдвэл нэг том хот бүхэлдээ сүйрч магадгүй гэж.

Одоо дэлхий даяараа Орост анхаарал хандуулж байна. Тиймээс Ванга манай хойд хөршийн талаар юу гэснийг сонирхуулъя. Ирэх жил Оросын хувьд амаргүй байх ч Өрнийн нөлөөг эсэргүүцэж чадах хүчирхэг эвсэл байгуулна гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Huchirheg evseliin eh erunhiiduu tavigdaad baigaa yum bish uu.
Hymarch ene ter bhaar hundan sunuusei
Хамгийн их уншсан