Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтан тайзнаа “амьдарсан” он жилүүдээ дурсав

А.АКЭРКЭ

Шинэ улирлынхаа тоглолтын хөшгийг нээгээд удаагүй байгаа УДЭТ-ынхан театрын түүхийг бичилцэж, өөрийн авьяас билэг, ур ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн уран бүтээлчид, арын албаны ажилтнууддаа жил бүрийн өвлийн эхэнд сард хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор театр урлагийн ахмад, нэрт зүтгэлтнүүдийнхээ тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгээхэн хэсэг болгон “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй”, “Зураач Б.Төмөрхуягийн уран бүтээлийн үзэсгэлэн”-г Театрын музейд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд театрын удирдлагууд, үе үеийн жүжигчдийн төлөөлөл, тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй уран бүтээлчдээс гадна тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.

Эргэн дурсах, алдаршуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн тус хамт олон энэ удаад 70, 80, 90, 100, 110 жилийн ой нь тохиож байгаа алдартнууддаа хүндэтгэл үзүүлэв. Энэ жил театрын ууган жүжигчдийн нэг “Дэлдэн Боохой” хэмээх нэрээрээ алдаршсан нэрт жүжигчин Ч.Лувсансодномын 120, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, ардын жүжигчин З.Цэндээхүү, гавьяат жүжигчин Д.Бат-Очир, сургагч багш А.Ефремов нарын 110, ардын жүжигчин Т.Хандсүрэн, гавьяат жүжигчин Б.Мижиддорж нарын 100, Соёлын гавьяат зүтгэлтэн, тайзны машинист С.Доржсүрэнгийн 90, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Гантөмөрийн театрт ажилласан нэгэн жаран, “Хөхөө” буюу  жүжигчин Б.Дашдаваа, Чимэд багш буюу Д.Лхамхүү нарын 80 насны ой, гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, СТА Ш.Вандансэнгээ, Т.Борхүү, жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн нарын 70 насны ой тохиож байгаа билээ. Түүнчлэн бидний дунд байхгүй ч уран бүтээлээрээ мөнхөд амьдардаг Т.Латиф, зураач Б.Төмөрхуяг нарын 70 насны сүүдэр ч тохиолоо. Үзэсгэлэнд тэдний уран бүтээлийн намтар, тухайн үед тоглогдож байсан жүжгийн түүхэн зургууд, өмсч байсан хувцас, малгай, хиймэл үс, будаг шунх гээд бүхий л зүйлийг нь дэлгэжээ. Энэ сарын 30 хүртэл Театрын музейд гарах үзэсгэлэн хэн бүхний өмнө нээлттэй юм байна. Арга хэмжээний үеэр УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд болон нас тэгширсэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.


Ш.Вандансэнгээ: Өнчирч үлдсэн биднийг асарч байдагт нь талархаж явна

Хүүхэд залуучуудын театрт олон жил жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж, бүх жүжгийг хөтөлдөг байснаас гадна театртаа насан туршдаа үнэнч явж, татан буугдтал нь ажилласан хүн бол яах аргагүй Ш.Вандансэнгээ гуай юм.
Өөрийн зургуудаа харан зогсох тэрээр “Энэ зургуудыг хардаа их залуу байжээ. Одоо...” хэмээн санаа алдана. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдөө.

-Та одоо ч гэсэн сайхан харагдаж байна?
-Баярлалаа, хүү минь.

-Хүндэтгэлийн арга хэмжээ ямар болж байна вэ?
-Ах нь их л баярлаж байна. Урлагт 40-өөд жил ажилласны эцэст биднийг ийнхүү хүндэтгэсэн Театрын музейн хамт олон, УДЭТ-ын удирдлагууддаа үнэхээр их талархаж байна. Бидний харьяалагддаг байсан Хүүхэд залуучуудын театр аль хэдийнэ байхгүй болсон. Тэр цагаас хойш УДЭТ-ын хамт олон манай театрын арван жүжигчнийг байнга л эргэж тойрч, сураг тавьж байдаг болсон. Цагаан сар, ахмадын өдрөөр хүлээж авна. Дээрээс нь театрт шинээр ямар л уран бүтээл гарна тэр тоолонд урилга өгч үзүүлдэг юм. Тийм болохоор УДЭТ-ын удирдлагууддаа үнэхээр их баярлаж явдаг.Үнсэнд хаясан шалз шиг, өнчин ч үлдсэн манай театрын хэдийг өөрсдийн жүжигчдээсээ ялгалгүй хүндэлж, асарч явдагт нь талархаж явдгаа энэ дашрамд уламжилмаар байна.

-Нэгэн үеийнхэнтэйгээ уулзах сайхан байна уу?
-Хаа нэг л бид чинь ингэж уулздаг юм. Бүгдээрээ цуглаад хуучнаа дурсч буй нь үнэхээр сайхан байна. Ойрд уулзалдаагүй болохоор хөөрөлдөх зүйл ч их байна.


Д.Цэрэндарьзав: 70 хүрсэн ч хүүхдүүдийн өмнө чоно, туулай болоод тоглож л байна

-Нэг ангийн андууд­тайгаа нас тэгширсэн ойгоо хийж буй нь бас их сонин тохиолдол юм шиг санагдлаа?
-Энэ Борхүү, Вандансэнгээ бид хэд чинь нэг үеийн, нэг ангийнхан. Урлагт зүтгэсэн он жилүүдийг минь их хүндэтгэл үзүүлэн тэмдэглэж байгаа УДЭТ, СУИС, Театрын музейн хамт олонд баярлалаа. Би ч их азтай хүн юм. Ямар ч гэсэн театр урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн өөрөөрөө болон хамт олон, ард түмнээрээ бахархаж байна. Бидний бүтээсэн урлаг, уран сайхныг ард түмэн бүтээлцдэг юм. Бид бол биетэй, бодитой болгож л хүмүүст хүргэдэг.

-Ингэхэд та театрын босгыг хэдэн онд алхаж орсон билээ?
-1967 онд намайг Оюун багш тосч авч байлаа. Тийм болохоор Оюун багшдаа насан туршдаа баярлаж, бурхан мэт залбирч явдаг. Энэ хүн миний замыг, авьяасыг нээсэн. Багштайгаа хамт олон удаа орон нутгаар явж, жүжигт тоглож, жаргал зовлонгоо хуваалцаж байсан. Театрт бүтээсэн энэ олон уран дүрээ “төрүүлэх” болгондоо, тоглох болгондоо маш их баярлаж байдаг тэр мөчүүд маань миний амьдралын хэзээ ч мартагдашгүй өдрүүд байдаг юм.

-Одоо та юу хийж байна вэ?
-Уг нь, тэтгэвэртээ гарсан. Гэхдээ зүгээр суулгүй хоёр жил Өвөрмонголд ажиллалаа. Шилийн гол аймгийн “Алтан тав” хүүхдийн ордонд багшилсан. 3-18 насны өвөрмонгол шавь нартай болсон. Тэднийгээ одоо үнэхээр их хайрлаж, дурсч байна. Нөгөөтэйгүүр, ирэх жил манай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 90 жилийн ой болно. Ойд зориулж сумын тухай түүхэн ном гарах юм. Энэ номонд нь үүрэг рольтой сууж байна. Мөн уран бүтээлээ хаяагүй. “Марк” гээд хүүхдийн продакшн байдаг юм. Тэр продакшнд ажиллаж байгаа. 70 настай хэрнээ цэцэрлэгийн хүүхдүүдийн өмнө чоно, туулай болоод тоглож л байна.


Т.Борхүү: Зүгээр суулгүй олон кинонд тоглож байгаа

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сайхан баярт өдрийнхөө сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-Нас тэгширсэн өдрөө театрын хамт олноороо тэмдэглүүлж байгаадаа баяртай байна. Нэг л мэдэхэд 70 хүрчихэж дээ.

-Хуучны сайхан дурсамжуудыг тань сэргээсэн эдгээр зургаа хараад юу бодогдож байх юм?
-Залуу насаа л бодож зогсоно. Залуу нас гэдэг ямар сайхан юм бэ. Одоогоос 50-иад жилийн өмнөх дүр зураг минь. Үнэндээ сонин ч юм шиг, үнэн ч юм шиг, нэг бол худал ч юм шиг санагдаад болдоггүй.

-Ингэхэд та ямар хувь тохиолоор жүжигчин болсон хүн бэ?
-Дундговийн арван жилийн сургууль төгссөн. Тухайн үед урлагийн янз бүрийн арга хэмжээнд ордог байлаа. Сургуулийнхаа дууны, бүжгийн аварга хүртэл болж байлаа. Гэхдээ би өөрөө урлагийн хүн болно гэж бодож ч байгаагүй. Эмч л болно гэж мөрөөддөг байсан. Манай ангийн багш миний ирээдүйг олж харсан юм байлгүй. Багшийн дээдийн кино драмын ангид хуваарилж билээ. Одооны хүүхдүүдтэй адил шалгалт өгч ордоггүй байсан. Сургуулийн захиргаа, ангийн багш ямар сургуульд хуваарилна түүнд л сурдаг байв. Гэхдээ сургуульд орсон хойноо шалгалт өгдөг. Ингэж л миний урлагийн зам эхэлсэн дээ. Сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрт хуваарилагдаад тэндээ л ажилласан.

-Одоо та юу хийж байна вэ. Ач зээ нараа тойруулаад л гэртээ сууж байна уу?
-Алтан тайзан дээрээ гарахгүй ч гэсэн урлагийн ажлаа орхиогүй. Янз бүрийн кинонд тоглоод гүйж байна. Хамгийн сүүлд Өвөрмонгол руу яваад нэлээд хэдэн кинонд тоглоод ирсэн. Киноны зураг маань өнгөрсөн зун дууссан.

-Ямар кинонд тоглоод ирэв?
-“Ээжийн нислэгийн талбай” гэдэг киноны гол дүрд тоглосон. Дэлгэцнээ гарч эхэлсэн байна билээ. “Их сайхан кино болж. Таны дүрийг их магтаж байсан. Бээжингийн кино наадамд манай кино оролцохоор болсон” гээд киноны уран бүтээлчид маань саяхан над руу ярьсан. Хятад улс чинь жилдээ найман мянган кино хийдэг юм байна. Тэр олон кино дундаас шалгаруулж, Олон улсын кино наадам руу явуулдаг гэсэн.

-Кинонд тоглох саналыг хэн тавьсан юм бэ?
-Уран бүтээлчид нь өөрсдөө их судалгаа хийсэн байсан. Монгол хүний зан байдал, ёсзүй нэлээд сайн мэддэг 60 гаруй насны эмэгтэй хүн хэрэгтэй гэж л дээ. Миний хувьд өмнө нь ардын жүжигчин Энхтайваны тавьсан “Бардо” киноны нэг дүрд тоглохоор тус улсад очиж байсан юм. Тэр үеэс л намайг судалсан юм билээ. Би өөрөө ч мэдээгүй. Нэлээд олон хүнийг судалсны эцэст намайг шалгаруулж авсан хэрэг. Энэ мэтээр зүгээр суухгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан