Монголчууд байгалийн баялгаа эрх тэгш хүртэх боломж нь хувьцаа хэмээн тодорхойлсон. Ингээд төрийн өмчит “Эрднэс Таван толгой” компанийн 1072, “Эрднэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцааг хүн бүрт өгсөн билээ. Гэвч цөөн тооны өндөр настан нэг сая төгрөгөөр Засгийн газарт хувьцаагаа зарсаныг эс тооцвол иргэд өнөөг хүртэл энэ хувьцааныхаа үр шимийг хүртэж чадаагүй байна. Иргэд хувьцааныхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь тус компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж хэлж болох юм. Учир нь “Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон асуудал ундарсаар.
Таван толгой ордын Баруун, Зүүн Цанхийн хоёр уурхай олборлолтоо түр зогсоод байгаа. Энэ нь олборлогч компанийн сонгон шалгаруулалт, нүүрсний зах зээлийн үнэ ханштай холбоотой, арванхоёрдугаар сараас олборлолтоо эхэлнэ гэж “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэж заасны дагуу 200 гаруй ажилтанд сул зогсолтын мөнгө олгож буй. Өөрөөр хэлбэл үндсэн цалингийнх нь 60 хувийг өгч байгаа боловч урт хугацаанд олгох боломжгүй юм. Эдгээр асуудал нь “Эрдэнэс Таван толгой” компанийг цаашид санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй хэмээж буй. Ингээд Зүүн Цанхид олборлолт явуулах гэрээг Хятадын “TT JV CO” компанитай хийх болсон. Гэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон зарим заалтыг эсэргүүцэж байгаа юм. Тэд “TT JV CO” компанид шилжиж нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой. Гэтэл цаашид хэрхэх нь тодорхойгүй учраас энэ гэрээг байгуулах ёсгүй гэж үзсэн хэвээр байна. Ийм ч учраас хэвлэлийн бага хурал зарлаж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Ингээд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс зарласан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус компанийн Цогтцэций суман дахь Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдов. Энэ нь тус компанийн ажилчдын эсэргүүцэл, бухимдал эцэстээ тулж буйг илэрхийлж буй хэрэг юм.
“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид урд нь “Бидэнд удаан хугацаанд 60 хувийн цалин олгож чадахгүй нь мэдээж. Хэрэв Хятадын компанид биднийг худалдаж байгаа бол сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлууд эхлээд цалингаасаа татгалзах ёстой” хэмээн мэдэгдэж байв. Тэгэхдээ “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд болон захиргааны ажилчдын цалингын цэсийг олон нийтэд дэлгэсэн билээ. Тэдний дэлгэсэн баримтаас харвал удирдах албан тушаалтнууд нь сард 2.5-12 сая хүртлэх төгрөгийн цалин авч буй юм. Эндээс иргэдийн баярлан хүлээж авсан Эх орны хишиг хэрхэн үнэгүйдэж, захирал, дарга нарынх нь гарын салаагаар урсаж байгаа нь тодорхой харагдаж байна.