Б.ШИРНЭН
Хууль зүйн байнгын хороо (ХЗБХ)-ны даргын төлөө УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид ялагдаж, хээр хаягдах шахсан Д.Ганбат гишүүнийг УИХ дахь АН-ын бүлэг улаан цээжээрээ хамгаалсаар төрхөмд нь буцаав. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараах бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ш.Түвдэндорж ХЗБХ-ны даргаас нэрээ татсан” гэж мэдэгдээд, Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар дэмжих бүлгийн шийдвэр хэвээрээ гэдгийг дуулгасан юм. Гэхдээ адилхан бүлгийн гишүүдийг алаг үзэх болсон шалтгаан нь хэн нэгнийх нь хуулийн мэдлэгт бус ХЗБХ-р дамждаг хуулийн төслүүдэд хандах үзэл баримтлал, зарчимтай нь холбоотой байж болох юм гэх хардалт энэ сэдвийг дагах боллоо.
Тухайлбал, ХЗБХ-оор Өршөөлийн, Гэмт хэргийн, Зөрчлийн гээд чухал ач холбогдолтой хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа үед ашиг сонирхол дайх хүнээр ХЗБХ-ны даргыг сонгосон гэх шуум байгаа юм. Нөгөө талдаа эрх баригч УИХ дахь бүлэг гаргасан шийдвэрээ үхэн хатан хамгаалахын тулд Ш.Түвдэндоржийг чагталж, эл асуудлаар УИХ-ын чуулганаас “чөлөө” автлаа төлөвшөөгүй гэх нь байна. Тэгвэл хэрэг явдал хэрхэн өрнөсөн нь тухайх мэдээлэл цаашдын зураглалд дөхөм болж магадгүй юм.
Асуудал хэрхэн эхлэв
УИХ-ын намрын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд хамгийн эхэнд шахуу бичигдсэн асуудал нь Өршөөлийн хууль. УИХ ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тус хуулийн авлига хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан болон иргэдэд их хэмжээний хохирол учруулдаг залилангийн хэргийг өршөөлд хамруулдахгүй гэж үзсэн хоригийг дэмжсэнээр ерөнхийдөө хуулийн төсөл ХЗБХ-ны шатанд гацчихаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тус байнгын хороо дээрх хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө өргөн барих ёстой ч нэг л хөдөлж өгөөгүй. Тус байнгын хороог даргалж байсан Д.Ганбат гишүүн ч итгэл үнэмшилтэйгээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэхгүй байсан хэрэг. Ингээд байнгын хороог даргалах ээлжит жилийн хугацаа дуусахад түүнтэй УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрсөлдөж, долоон санал цуглуулснаар Д.Ганбатад бүлгийн 10 гишүүний санал очсон юм. АН-ын бүлэг 20 гишүүнтэй учраас дор хаяж, 11 санал авснаар ХЗБХ-д бүлгээсээ дэмжигдэнэ гэсэн үг. Гэсэн ч бүлэг мэдээлэл хийхдээ, АН-ын бүлэг ХЗБХ-ны даргад Д.Ганбатыг дэмжиж байгаа гэж мэдээлсэн. Мэдээж, олонхийн санал аваагүй ч, тэн хагас нь дэмжсэн учраас ингэж хэлсэн байх. Гэвч, ХЗБХ-ны хуралдааны үеэр Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны гишүүд дэмжээгүй тул Ш.Түвдэндорж гишүүн өөрөө нэрээ дэвшүүлж, дэмжигдсэн. Эндээс АН-ын бүлгийнхэн хярамцаг зуурах ажилдаа орсон бөгөөд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, ээлжит бусаар хүртэл хуралдсан юм.
Ингээд АН-ын бүлэг Ш.Түвдэндорж гишүүнийг хатуу донгодож, бүлгийн дэд даргаас буулгах шийдвэр гаргаж, ХЗБХ-ны даргаас нэрээ татахыг санал болгосон. Уг нь ном журмынхаа дагуу бол байнгын хорооны даргад тус байнгын хорооны гишүүд нэр дэвших нь хуулиараа нээлттэй байдаг. Үүнээс гадна, бүлгээс дэмжсэн Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны гишүүд нь дэмжээгүй гээд энгийн л процесс болж өнгөрсөн. Гэсэн ч Ш.Түвдэндоржтой хатуу хариуцлага ярьж, УИХ-ын чуулганаас ХЗБХ-ны дарга томилох асуудлаар завсарлага авсан нь үнэхээр хар дагуулахаас өөр аргагүй байгаа хэрэг. Харин өнгөрсөн пүрэв гарагаас эхэлсэн энэ үйл явдал өчигдрийг хүрээд дуусав. Ш.Түвдэндорж ХЗБХ-ны даргаас нэрээ татсанаар АН-ын бүлгийнхэн зуурсан хярамцагаа амжилттай дуусгаж, хамгийн түрүүнд Д.Ганбатад хүртээж байна.
Ш.Түвдэндорж яагаад нэрээ татав
Түүний авлигын эсрэг баримталдаг зарчим хэн хүнд ойлгомжтой байдаг. Өдгөө хэл ам дагуулж байгаа УПЕГ-ын зарим эрх үүргийг АТГ-т “гардан” өгсөн хүн бол Ш.Түвдэндорж. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байсан гэхэд болно. Тиймээс түүний хувьд тус байнгын хороог толгойлж, Өршөөлийн хуулийг гацаанаас гарах бодолтой байсан. Үүнийг нь ч З.Энхболд тэргүүтэй удирдлагууд нь дэмжиж байжээ. Цаад утгаараа бол Өршөөлийн хуулийг ахиулахгүй байгаа Д.Ганбатыг Ш.Түвдэндоржоор сольж, нэмэлт өөрчлөлт хийх санаа байж. Мөн МАХН-ын байрны хэргээр залилангийн хэрэгт татагдаад байгаа гэх Н.Энхбаяр, түүний бүлэг, фракцынхан Ерөнхийлөгчийн хоригт “гар дүрэх”-ээс өмнө асуудлыг шийдэх гээд олон явдал Ш.Түвдэндоржоор дамжсан бололтой юм. Харин Ш.Түвдэндорж “Д.Ганбатыг Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн хандахаас хамаарч нэрээ татах эсэхээ шийднэ” гэж хэлсэн удаатай. Өчигдөр Д.Ганбат гишүүн Өршөөлийн хуулийг энэ долоо хоногт УИХ шийдэх байх гэж хэлснээс үзвэл Д.Ганбат чиг баримжаагаа олж, мунгинахгүй болсон бололтой. ХЗБХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн заалт бүрээр санал хураахад, зургаан заалт унасан гэж байгаа юм. Харин анхаарал татаж байгаа буюу Н.Энхбаярын залилангийн гэх тодотголтой хэргийг хэрхэн тусгасан талаар асуухад Д.Ганбат гишүүн тодорхой хариулт хэлээгүй. Хувь заяа нь УИХ-д шилжсэн л гэж хэлсэн юм. Ямартай ч, гэдийсэн хэвээр байнгын хорооны дарга болох бүрэн боломжтой байсан Ш.Түвдэндорж нэрээ татсанаар Д.Ганбат Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д шилжүүлэхээр болжээ.