Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Отгонтэнгэр - Монгол Улсын дархан цаазат газар

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тахилгыг сэргээжээ. Их тайлгын овоо буву Төрийн овоог зарлиг ёсоор 4 жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий.

Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур нь бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн шүтдэг. Отгонтэнгэр уулын салбар болох Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны Алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтэй, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог. Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ. Отгонтэнгэр ууланд нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Мөн Отгонтэнгэр уулын дархан цаазат газарт 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан