Л.БАТБААТАР
Хүн нэмбэл, хүнс нэмэгдэнэ гэдэг. “Монгол Улсын хүн ам өсөхийн хэрээр махны хэрэглээ жил тутам 3000 тонноор нэмэгдэж байна” гэж монголын Мах бэлтгэгчдийн холбооны тайланд дурдсан байдаг. Харин Хүнс, Хөдөө аж ахуйн яамны тайланд “Монгол Улс жилд дунджаар 8.2 сая гаруй толгой мал нядлан, 200 мянга орчим тонн мах үйлдвэрлэн хүнсэндээ хэрэглэдэг” гэжээ. Юутай ч, жил ирэх бүр манай улсын махны дотоодын хэрэглээ өссөөр байгаа юм. Харин жилийн энэ улиралд махны үнэ буурдаг. Энэ нь бид өвлийн идшээ намрын улиралд бэлтгэдэг уламжлал болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт зориулж малаа их хэмжээгээр нядалдагтай холбоотой байдаг.
Тэгвэл ирэх жилийн өвөл мичин жил болох тухай яриа малчдын хотноор яригдаж, зуднаас урьтаж онд орохгүй малаа мөнгө болгох гэсэн малчдын хүсэл энэ жилийн хувьд махны үнэ буурах бас нэг шалтгаан болж байгаа бололтой. Тиймээс бид Улаанбаатар хотын хүнсний томоохон төвийн нэг Баянзүрх захын махны үнэ ханшын талаар сурвалжиллаа.
“Махны үнийн бууралт түр зуурынх”
“Шинэ махаа хямдхан үнээр аваарай” гэж махны тасагт ормогц ам уралдан хэлж байна. Махны худалдаа одоогоор тийм ч өндөр биш байгаа учраас өрсөж зарсан нь хожих биз. Юутай ч, тус захад
• Хонины мах ястай нь 5500, ясгүй 6300
• Ямааны мах ястай 4600, ясгүй 5600
• Үхрийн гуяны цул мах 7000-8000
• Бага адууны мах ястай 5000, цул нь 5500 төгрөгийн үнэтэй тус тус зарагдаж байна.
Амралтын бус ажлын өдөр учраас хөл хөдөлгөөн багатай байгаа гэж худалдагчид хэлсэн ч өглөө бүр “Хүчит шонхор” зах орж шинэхэн, хямд махны эрэлд гарч байгаа гэнэ. Учир нь Улаанбаатар хотод хамгийн хямд махыг “Хүчит шонхор” захаас авдаг бөгөөд бусад зах, худалдааны төвүүд жижиглэнгийн үнээр зарж ашиг олдог билээ.
Тухайлбал, Баянзүрх захад тав дахь жилдээ махны худалдаа эрхэлж байгаа н.Долгор гэгч “Өглөө эрт таван цагийн үед “Хүчит шонхор” зах дээр очиход мал, мах бөөнөөрөө байж байдаг. Хэн өрсөж, хямд үнээр тохиролцон авсан нь хождог. Үнийн хувьд нь харилцан адилгүй. Малчдын, ченжүүдийн, бойны газрын мах гээд янз бүрийн үнэтэй. Хонхорын, Эмээлт захын, Налайхын бойнд хийсэн малын мах хамгийн хямд байдаг. Гэхдээ бойны газарт хийсэн малын махны үнэн дээр ченжүүд 100-200 төгрөг нэмж зардаг” гэсэн юм.
Мөн “Хонины махыг бөөнд нь 4300 төгрөгөөр авдаг. Хонины таван гулууз махыг нэг тэргэнд ачихад хөлсөнд нь 3000, дээр нь тээврийн зардал, лангуу руу зөөлгөх, мах эвдүүлэхэд мөнгө төлнө. Ингээд нэг кг махнаас 500 төгрөгийн ашиг унагаадаг. Ажил хийвэл ам тосдоно гэгчээр хоёр идэхгүй хоосон хонохгүй болж байна. Мах нь идэхгүй монгол хүн гэж байхгүй учраас өдөр бүр л орлоготой байдаг. Бараа, таваартай адилгүй, мөнгө нь үргэлж эргэлтэд орж байдаг. Мөнгө төгрөг гайгүй, хүмүүс мөнгөтэй байх үед би өдрийн 50-60 мянган төгрөгийн ашигтай ажилладаг байсан. Харин сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар буурсан, албан газрууд цалингаа тавьж чадахгүйгээс болж махны худалдан авалт буурч байна. Одоогоор бол 20-30 мянган төгрөгийн ашиг олж байна” гэлээ. Харин тэд махны үнэ буурсан хэвээр удахгүй гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Тухайлбал, Баянзүрх хүнсний захын махны худалдагч н.Цэцгээ “Цагаан сар дөхөхөөр 5000 төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах нэмэгдээд 6000-6500 төгрөгийн үнэтэй болно. Хаврын улиралд 7000-7500 болж нэмэгддэг. Өдөртөө 120-200 килограмм үхрийн мах зардаг. Ер нь бол “Хүчит шонхор” захын ченжүүд махны үнийг барьдаг. Жишээ нь өглөөгүүр ямааны мах кг нь 3500 төгрөгийн үнэтэй байна гэж бодъё. Өдрийн үед ямааны мах ховордвол шууд 3800 төгрөг болж өсдөг. Үнийн ийм хөөрөгдөл “Хүчит шонхор” зах дээр байнга гардаг. Төр засаг малчны хотноос хямд үнээр мах аван ард түмэндээ худалдаж чадахгүйгээс хойш ченжийн гар дамжсан махаа идэхгүй гээд яах юм” гэлээ.
Малчдын хувьд махаа жижиглэнгээр зарах боломжгүй учраас “Хүчит шонхор” захад бөөндөж, эсвэл хөдөө орон нутгаар өөрсдөө очиж авдаг ченжүүдэд борлуулдаг байна. Махыг ченжүүд очиж авах юм бол малчид хамгийн их өртөг шингээдэг тээврийн зардал гаргахгүй бөгөөд энэ тохиолдолд махаа маш бага үнээр бөөнддөг юм байна. Энэ жилийн хувьд мичин жилийн зуд болно, алдсанаас алсан нь дээр гэж малаа олноор нядалснаар махны үнэ буурч байгаа бөгөөд зарим ченжүүд алслагдмал сумдыг зорьж байгаа гэнэ. Ингэснээр тэд хонины нэг кг махыг 2500 төгрөг хүртэл буулгаж, бөөнөөр нь худалдан авч байгаа юм байна. Мах борлуулах нэгдсэн тогтолцоогүй учраас хямд мах авч, үнэтэй зарах ченжүүдийг буруутгах аргагүй билээ.
Статистикаас үзвэл, бид нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүн ардын хүнсний хэрэглээнд мах хамгийн үнэтэй бүтээгдэхүүн хэвээр байгаа юм. Монгол Улс 20 гаруй сая толгой малтай байхдаа мах бэлтгэх нэгдсэн системийн ачаар нэг кг махыг 1000 гаруй төгрөгөөр худалдан авч иддэг байсан. Харин малын тоо 40 сая хүрэхэд 4000 төгрөгөөр, 50 сая толгой малтай болох үед кг нь 6000 төгрөгөөс дээш үнэтэй болж байна. Уг нь малын тоо толгой өсвөл, махны үнэ буурах ёстой эдийн засгийн энгийн хууль байдаг. Гэвч, махны зах зээлийг ченжүүд удирдаж байгаа өнөө үед үнэ, буурах өсөх нь төр засгийн бодлогоос тэгтлээ хамаарахгүй бололтой.
Хүнсний гол нэрийн барааны үнийн индексээс харвал, түлхүү махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өссөн дүр зураг харагдаж байна.
Энэ сарын 16-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.1 хувиар буурч, дунджаар 5560 төгрө, үхрийн ястай махны үнэ 2.9 хувиар буурч, 7020 төгрөгт, үхрийн цул мах 8815, адууны мах 4995 төгрөг болсон байгаа юм. Тэгвэл энэ оны эхний сард хонины ястай мах дунджаар 5780 төгрөг, үхрийн ястай мах 7380, цул нь 9185 төгрөг байсан юм.