Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
“Аль ч нам нь ялгаагүй учраас популистууд л таалагдаж байна”

Л.НОМИН

Энэ үгийг хэн нэг улстөрч, аль нэг намынхан хэлээгүй. Улс төрийн өнөөгийн нөхцөлд байдалд өгсөн иргэдийн үнэлэмж энэ. Яагаад ингэж үзэж буйг дараахь судалгаа хэлж байгаа юм.  MEC ХХК-иас сүүлийн есөн сарын турш нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар судалгаа авч байгаа. Сонгуулийн насны нийслэлийн 1000 иргэн үүнд хамрагджээ.

Судалгааны дүнгээс үзэхэд төр засаг, улстөрчдөд итгэх иргэдийн итгэл улам уруудсаар байна. 2014 оны арваннэгдүгээр сараас хойшхи хугацаанд судалгаанд оролцогчдын бодол бага багаар өөрчлөгдсөөр иржээ. Магадгүй улстөрчид, улс төрийн хүчнүүд хаана яваагаа харах цаг болжээ гэсэн дохио ч юм бил үү.

УИХ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлэмж буурсаар байгааг эндээс харж болно. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард судалгаанд оролцогчдын 17 хувь нь маш муу, 37 хувь нь муу, 30 хувь нь дунд гэсэн бол ердөө хоёр хувь нь онц, дөрвөн хувь нь сайн ажиллаж байна гэж. Тэгвэл есдүгээр сарын судалгаагаар муу болон маш муу гэж үзэх хүмүүс нийлээд 57 хувийг бүрдүүлжээ. Дундаж гэсэн нь 30 хувиасаа хөдлөөгүй бол онц гэх үнэлгээ явцын дунд алга болж дөрвөн хувь нь л сайн хэмээн бодож байгаа гэнэ. Энэ бол УИХ-ын үйл ажиллагаа иргэдийн дунд үнэлэмж “хангалтгүй” гэх хэмжээнд хүртлээ уруудсаны жишээ. Гэхдээ сүүлийн үед хөндөх болсон УИХ тарах ёстой гэдгийг дэмжигчид бага байгаа аж. Судалгаа өгсөн хүмүүсийн 33 хувь нь УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах шаардлагагүй гэсэн бол 26 хувь нь үүнээс эсрэг бодолтой байна. 41 хувь нь хараахан хэлж мэдэхгүйгээ илэрхийлжээ. 2016 оны сонгуулийн тогтолцоог ч гэсэн ямар байх ёстойг иргэд хэлж чадахгүй байгаа аж.

“Итгэл даахгүй” гэсэн бүлэгт багтсан УИХ-ын гишүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар хоршиж эхэлжээ. Есөн сарын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 25 хувь нь сайн, 32 хувь нь дунд, 31 хувь нь муу ажиллаж байгаа гэсэн. Харин энэ сарын судалгаанд 12 хувь нь сайн, 36 хувь нь дунд, 45 хувь нь муу ажиллажээ гэж дүн тавьсан. Өнгөрсөн гуравдугаар сард муу гэсэн үнэлгээ нь 47 хувь хүртлээ өссөн ажээ. Хотын даргын хувьд 2014 оны арваннэгдүгээр сард 28 хувь нь сайн, 18 хувь нь муу, 41 хувь нь дундаж ажиллалаа гэсэн юм. Сайн гэсэн үзүүлэлт долоон хувиар, муу ажилласан хэмээн үзэх иргэдийн хувь есөн хувиар өсч.

Ерөнхийлөгч, хотын дарга нарын хувь улстөрчийн рейтинг ч мөн адил дагаад уруудсаар байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг иргэдийн дөрөв, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг гурван хувь нь дэмждэгээ судалгаагаар илэрхийлсэн. Гэтэл энэ рейтинг гарснаас дөрвөн сарын дараа болон сүүлийн судалгаа авах хүртэл хотын даргыг дэмжигчид судалгаанд оролцогчид дунд байхгүй болж. Ерөнхийлөгчийг ч мөн дөрөвдүгээр сараас хойш дэмжих иргэн байгаагүйг судалгаа харууллаа. Нөгөө талаас өөр нэг судалгаанд тэдний нэр орж ирсэн. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг иргэдийн 10 хувь нь, хотын даргын ажлыг долоон хувь нь таалагддаггүй хэмээн бичсэн байгаа юм. Тэдэнтэй зэрэгцээд рейтинг муутай улстөрчдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Нямдорж, С.Баярцогт, Л.Эрдэнэчимэг болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг судалгаанд оролцогчид нэрлэв.  

Хүмүүст ямар улстөрч таалагдаж байгаа нь нэг сонирхолтой дүр зургийг харууллаа. МEC ХХК-ийн судалгаанд оролцогчдын нэрлэснээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар эхний байраа хадгалсаар өдийг хүрчээ. Арваннэгдүгээр сард 19 хувийн дэмжлэг хүлээж байсан нь 26 хувь болон өссөн байгаа юм. Түүнийг дэмжсэн иргэдийн хувь хоёрдугаар сард 37 хувь болтлоо нэмэгдсэн. С.Ганбаатар гишүүний араас УИХ-ын гишүүн Х.Баттулгыг иргэдийн 14 хувь нь дэмжиж байгаад энэ сарын судалгаанд 10 болж буурсан дүн гарчээ. Иргэдэд таалагддаг улстөрчдийн хоёрдугаарт 14 хувийн дэмжлэгтэй УИХ-ын гишүүн Г.Уянга орж ирээд байна. Бие даагч гишүүн Ц.Даваасүрэн зургаан хувь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ есөн хувийн саналыг иргэдээс авчээ. Замын дундаас рейтингийн судалгаанаас хасагдсан хоёр улстөрчийг түрүүн нэрлэсэн. Улс төр судлаачид болон зарим иргэний үзэж буйгаа С.Ганбаатар, Г.Уянга, Ц.Даваасүрэн нарыг бусдад таалагдах гэж улс төр хийдэг гэж шүүмжилдэг. Ерөнхийдөө иргэдийн хандлага, сонсохыг хүссэн зүйлийг нь ярьдаг улстөрчид рүү эргэжээ гэсэн дүр зураг харагдаад эхэллээ. Тэднийг популистууд гэх ч нь бий. 

Үүнтэй хорших нэг дүн бол нам, улс төрийн хүчнийг хэрхэн үнэлж буй байдлын судалгаа. УИХ-д суудалтай нам, эвслээс МАН 15-18 хувийн хооронд хэлбэлзэж байгаа. АН гэхэд есөн сарын өмнө 27 хувиас аажим аажмаар уруудсаар өнөөдөр гарсан дүнгээр 14 хувийн дэмжлэгтэй явна. Өнгөрсөн долдугаар сард 18 хувийн дэмжлэгтэй байсан АН судалгаанд оролцогчдын итгэлийг бага багаар алдсаар байгаа дүр зураг гарч буй нь энэ. Судалгаа өгсөн иргэдийн зургаан хувийн итгэлийг хүлээж байсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлийн үнэлэмж өссөөр 10 хувьд хүрчээ. Бие даагч гишүүд арваннэгдүгээр сараас хойш ерөнхийдөө 10-16 хувийн рейтингтэй явна. УИХ-д хоёр суудалтай ИЗНН-ыг хүмүүсийн 1-2 хувь нь дэмждэг гэлээ. Хамгийн сонирхолтой үр дүн бол иргэд аль нэг улс төрийн хүчнийг гэхээсээ илүү хэнийг ч дэмжихгүй гэж судалгаа өгсөн байгаа юм. 2014 оны арваннэгдүгээр сард 36 хувьтай байсан бол өнөөдөр 40 хувь нь хэнийг ч дэмжихгүй гэлээ. Өнгөрсөн тавдугаар сард судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь аль ч нам улс төрийн хүчнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Хэрвээ маргааш сонгууль бол­бол парламентын 76 суудлын олон­хийг нь бие даагчид бүрдүүлэх нь гэсэн үг. Өнөөгийн улстөрчид дунд бие даагч гишүүдийн рейтинг өн­дөр байгаа ч олонхи боллоо ч зас­гийн эрхийг авах хууль эрх зүйн бо­ломж тэдэнд байхгүй.

Улстөрч нийгэмд болоод иргэдийн дунд ямар байр суурь эзэлж байгаагаа мэдэх, өөрийгөө хаана явааг тольдох гол зүйл бол рейтингийн судалгаа. Улстөрчдийн чансааг тогтоохоор олон төрлийн судалгаа хийдэг. Зарим нь өөрий­гөө өндөр чансаатай яваа гэсэн дүн гаргуулахын тулд захиалгын судалгаа хийлгэж, хүссэн үр дүнгээ зар­луулдаг тал ч бий. Зарим том нам дэргэдээ судалгааны баг, байгууллага, төвтэй. Гэхдээ дар­га нарынхаа хүсэл сонирхолд ний­цүүл­сэн үр дүн гаргадаг ч гэх. Эрх баригчид болон сөрөг хүчний аль нь ч нэгнээсээ цойлж гарч ирж чадахгүй байгаа болоод ч тэр үү намууд, улстөрчдийн рейтингийн судалгаа сүүлийн үед ховорын бараа болсон. Нэгнээ гоочлох эсвэл өөрсдийгөө дөвийлгөх үр дүн харагдахгүй байгаа болохоор зарлахыг хүсэхгүй ч байж болох. Юутай ч MEC компанийн судалгаатай санал нийлэх хүн цөөнгүй байгаа учир энд дурдлаа.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан