ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа.
-Өмнөх Засгийн газрын үед Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун гишүүн ажиллаж байсныг бүгдээрээ мэднэ. Танхимаараа огцорч байсныг ч гэсэн. Гэтэл оронд нь томилогдсон сайд дахиад л огцорчихлоо. Үүний цаана залгамж халаа гэдэг зүйл ямар байдалтай хоцорсон бол гэж та санаа зовж байна уу?
-С.Оюун сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл тодорхойлж батлуулсан. Үүнийг бид ИЗНН-ын хийсэн гол ажил гэж дүгнэдэг. Би хувьдаа Д.Оюунхорол сайдыг энэ ажлыг цалгардуулалгүй цааш нь үргэлжлүүлээд аваад явах байх гэж харсан. Гэвч сайд нь солигдоод,дээрх ажлыг хийж байсан бүх багийг тэр чигт нь сольсон явдал нь ногоон хөгжлийн зорилт болоод бодлогыг үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болсон. Төрийн албан хаагчдыг олноор нь халж сольсон талаар бид тухайн үед ч мэдэгдэл хийж байсан учраас асуудал ойлгомжтой байгаа болов уу гэж бодож байна.
-Тэгвэл Шийдлийн засгийн газрын өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаанд ИЗНН ямар дүн тавих вэ?
-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаанд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Эдийн засаг, эдийн засаг гэж гурав дахин хэлж байж гарч ирсэн ч юуг ч шийдэж чадсангүй. Оролдлого нь ч гэсэн бүтэлгүйтсэн. Жишээ нь, Тавантолгойн асуудал. Энэ төслийн гэрээг яаж буцаав. Оюутолгойн асуудал юу болов, Дубайн гэрээ хаашаа эргэв гээд олон асуудал байна. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гээд л гаргаад байдаг. Хэдхэн жилийн дотор 20 тэрбум ам.долларын өрөнд орчихоод дээрх хуулийн төслүүдийг баталж, будлиулсан нөхдүүдийг өршөөж байна аа, гэдэг нь маш их хар дагуулж байгаа юм. Хоёрдугаарт, дотооддоо хэдэн авлигачдаа өмгөөлөөд болж байна гэж бодъё. Гэтэл энэ нь хөрөнгө оруулагч, гадаад хамтрагч нарт ямар сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Авлигад автсан юм байна л гэж харна. Хэн хөрөнгө оруулж, хэн хамтарч ажиллахыг хүсэх вэ дээ. Эдийн засаг нь бүрэн тусгаарлагдана л гэсэн үг.
-Өнгөрсөн жил эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсан нь ердөө л хөөсрөлт байсан гэж яриад байгаа шүү дээ. Үүнтэй санал нийлэх үү?
-17 хувийн өсөлт гэдэг дээр ИЗНН тухайн үед шүүмжлэлтэй хандаж байсан. Цэвэр эдийн засгийн өсөлт биш, тооны хөөс л байсан гэдэгтэй санал нийлнэ. Адаглаад, ард түмэнд энэ өсөлт нь наалдаж байна уу, гээд асуугаад үз л дээ. Одоо ч гэсэн 9.5 хувийн өсөлт гэж яриад байна. Гудманд гараад үзээсэй. Монголчууд яаж амьдарч байгаа нь харагдана.
-ИЗНН УИХ-д хоёр суудалтай. Гэвч гурван суудалтай бие даагчдын болоод “Шударга ёс” эвслээс арай цөөн мэдэгдэл хийж, чухал үйл явдалд дуу хоолойгоо сайн хүргэхгүй байна гэж харж байна. Яагаад улс төрд оролцох идэвх нь буураад байгаа юм бол.
-Цөөндөө, эсвэл идэвх нь буурч байгаа гэж хэлж чадахгүй. Учир нь, өөрийн намын бодлого гэж бий. Бид тооцоо судалгаа хийж, бодит үнэнд хамгийн ойр очлоо гэж үзсэн үедээ мэдэгдэл хийж, улс төрийн үйл явцад оролцдог. Нөгөөтэйгүүр, улс орны эрх ашгийн төлөө явж байгаа учраас өөрсдийгөө тодруулах томруулах зэргээр жижиг улс төр хийдэггүй.
-Тэгвэл Өршөөлийн хуулийн хоригийг дэмжихийн тулд ямар судалгаа хийсэн бэ?
-Энэ бол үндэсний эрх ашгийн асуудал. Би түрүүн хэлсэн. Нэг талдаа дотоодын албан тушаалтан, авлигчдыг өршөөж байгаа мэт боловч нөгөө талдаа гадаад орчиндоо муухай харагдаж байгаа. Хоёрдугаарт, төсвийн мөнгийг, ард түмний мөнгийг залилж авчихаад өршөөгдөнө. Өршөөгдөөд зогсохгүй, улс төрд орж, төрийн албанд зүтгэх эрх нээгдэж байгаа нь шударга бус. Санаанд нэг л буухгүй байгаа. 20 тэрбум ам.долларын өрөнд оруулчихаад, өөрсдийгөө өршөөнө гэдэг бол асар их хар дагуулж байна.
-Эдгээр шүүмжилж байгаа асуудлууд бүгд л АН-тай холбоотой. Эргээд АН ИЗНН-тай хамтарч ажиллах санал тавибал яах вэ?
-Хэрвээ, ИЗНН-ыг Засгийн газарт хамтарч ажиллах санал тавивал, нилээн нухацтай ярилцах байх. Тэгж байгаад хамтрах эсэхээ шийднэ. Энэ бол улс төрийн шийдвэр байх ёстой.