Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Хуурамч, чанаргүй хүнс оруулж ирж буйг зохицуулах цаг БОЛЖЭЭ

Б.МӨНХЖАРГАЛ

Хүнсний тухай хуулийг 2012 онд шинэчилж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль шинээр батлагдсан. Хуулиудыг 2013 оноос мөрдөн ажиллаж байгаа. Хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хуулийн этгээд, аж ахуй нэгж импортлон оруулж ирэх, мөн зохих шаардлага шалгуурыг тусгасан. Гэхдээ хуулийн дээрх заалт зөрчигдөж буй мэдээлэл гарсаар байгаа. Тухайлбал, ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэд хувиараа хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулж ирэн Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн төвд худалдаалдаг байсан бол Улаанбаатар хотод ч зарж борлуулах болжээ. Томоохон худалдааны төв “Нарантуул”, “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хар хорин”-ы ойролцоо авто машиныхаа тээшинд орос хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байна.
НМХЕГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат “Сүүлийн үед иргэд хойд хөршөөс хувийн хэрэгцээний зориулалт нэрийн дор ганзагаар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн нийслэлд худалдаалах нь газар авах хандлагатай байна. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавин ажиллаж байгаа” гэлээ. Тэрээр “НИТХ-ын 07 тоот тогтоолоор батлагдсан нийслэлд худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам бий. Энэ хүрээнд тухайн дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл ажилладаг. Энэ бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хяналтаас гадна цагдаа, онцгой байдал гэх мэт холбогдох байгууллага хамтарч байгаа. Мэргэжлийн байгууллагууд маань үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дүүргүүдэд хяналт шалгалт явуулахад гар дээрээс импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан хэд хэдэн зөрчил илрүүлсэн” гэсэн юм.

“Хэдхэн ширхэг хүнсний бүтээгдэхүүн гэртээ хэрэглэнэ гэх хүнээс хурааж авах хэцүү байдаг учир хилээр оруулахаас өөр аргагүй” хэмээн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн улсын ахлах байцааг Ж.Амаржаргал тайлбарлаж байлаа. Нэг гэр бүлийн олон гишүүн оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хуримтлуулж түүнийгээ зарж борлуулдаг талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ярьж байв.

Энэ хууль бус үйлдлийн талаар иргэдээс гомдол ирсэн учир үүний мөрөөр хяналт  шалгалтыг давхар зохион байгуулдаг аж. ОХУ болон Хятад улсаас импортолсон хил гаалийн хяналт шалгалт ороогүй хүнсний бүтээгдэхүүнийг “Баянзүрх” захын ойролцоо гар дээрээс худалдаалж байжээ. Хүнсний бүтээгдэхүүн нь гарал үүслийн бичиггүй, шинжилгээ баталгаажилт хийгдээгүй, зориулалтын бусаар тээвэрлэсэн нь Хүнсний тухай хуулиа ноцтойгоор зөрчиж байна. Энэ мэт зөрчлийн талаар иргэд харьяа дүүргийнхээ мэргэжлийн хяналтын газарт гомдол саналаа хэлж, хамтарч ажиллахыг хүслээ.

Импортыг орлох хүнс үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийнхаа хүрээнд өөрсдийнхөө эрсдлийг тооцож, хүнсний сүлжээний үе шат болгондоо хяналтаа тавьж ажиллаж чаддаг гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хувийн хэрэгцээнд гэдэг нэрийн доор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаалж байгаа нь холбогдох хууль, журмуудыг зөрчөөд зогсохгүй, иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь заналхийлж буй үйлдэл.

Мэргэжлийн хяналтын байгууллага үүний эсрэг дангаараа тэмцээд амжилтад хүрэхгүйг НМХЕГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат хэлсэн. Замын цагдаа, тухайн дүүргийн Засаг дарга харилцан мэдээллээ солилцохгүй бол Мэргэжлийн хяналтын газар хүчин мөхөсдөж буйг сануулсан юм.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа “Хямд үнийн цаана бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийх, хуурамчаар үйлдвэрлэх нь түгээмэл байдаг. Иймээс хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хилээр нуун далдалж, ямар нэгэн татвар хураамж төлөхгүй оруулж ирж байна. Эдийн засгийн хямралтай байгаа нөхцөлд хэрэглэгчид хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн сонгож байгааг буруутгах аргагүй. Харин аюулгүй байдал өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар авчрахыг сайн ойлгохгүй байх шиг. Иймэрхүү байдлаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнтэй дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн өрсөлдөх боломжгүй” гэлээ.

Зах зээлд шилжсэний дараахан бүхий л зүйлээ гаднаас авдаг байв. Гэхдээ өнөөгийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээнд хүрсэн. Ялангуяа шингэн төрлийн буюу ундаа, жүүс, шар айраг, градус өндөртэй бүтээгдэхүүн, ургамлын тос, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж буй.

Үйлдвэрлэлийн салбар дотоодын бүтээгдэхүүнээ дэмжиж, импортыг орлох, экспортыг дэмжих талаар яригдаж буй энэ үед хил гаалиар орж ирэх ижил төрлийн бүтээгдэхүүнд хяналт сайн тавих нь чухал. УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд энэ талын зохицуулалтыг тусгасан. Импортоор оруулж ирж буй зарим хүнсний бүтээгдэхүүний нэр төрөлд тарифын аргаар хязгаарлалт хийх хэрэгтэйг үйлдвэрлэгчид хөнддөг. Тиймээс төрийн зарим байгууллагын хамтын ажиллагаагаар энэ зохицуулалтыг сайтар хийж өгвөл хүсний хуурамч, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн оруулж ирэх асуудал цэгцрэх нь мэдээж.

0 Сэтгэгдэл
Дотоодын үйлдвэрлэгчдээ бас шалгаач ээ. Ялангуяа торт /монбекери../, хиамны үйлдвэрүүдээ шалгаач
Хамгийн их уншсан