Хаа сайгүй халаа сэлгээ үргэлжилсээр байна. Ялангуяа МАН-ын сайд нарын халаа сэлгээний хүмүүсээр зуугаар тоологдох дөхөөд байна. Зөвхөн БОНХАЖЯ-ны бүтцээс одоогоор 47 ажлаас халагдсан байна. Гэхдээ энэ нь санхүү мөнгөө хэмнээд цомхотгол явуулаад байна уу гэвэл үгүй бололтой. 47 хүн халж, 50-ийг шинээр нэмж авсан гэдэг мэдээ байна.
Усны сав газрын 17 даргыг БОНХАЖ-ын сайд ДОюунхоролын тушаалаар халсантай холбоотойгоор тэд байр сууриа ийн илэрхийлжээ.
Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан)
-Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ. Тиймээс бид Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан бусад салбарын төрийн албан хаагчидтай нэгдэж, асуудлыг үнэн зөв шийдүүлэхээр цуглаад байна.
Н.Болд-Эрдэнэ (хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын дарга асан)
-Сав газрын захиргаа тус бүрээр “Усны нөөцийн нэгдсэн менежмент” төлөвлөгөө гаргаад ажиллаж байсан. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн онд бид усны менежментийн чиглэлээр 34 сургалтад хамрагдсан. Өөрөөр хэлбэл, бид ажлынхаа дөрийг олж, мэргэшиж, бэлтгэгдэхэд тодорхой хөрөнгө санхүү, цаг хугацаа зарцуулж, суралцсан гэсэн үг. Бидний оронд сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албан хаагч бус, хаа хамаагүй хүмүүсийг томилж байгаад төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд эсэргүүцэж байна.
Б.Бат-Эрдэнэ (сэлэнгэ голынсав газрын дарга асан)
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд жижигхэн өөрчлөлт гарахад төрийн албаны бүх шатанд өөрчлөлт орж, ажилтан албан хаагчдыг халж, солих явдал газар авлаа. Энэ бол төрийн албаны, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого алдагдсаны тод илрэл.
М.Батцогт (Шишхэд голын сав газрын дарга асан)
-2015 оны төсөвт хэмнэлт гаргахын тулд эхлээд төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож, хэмнэлт хий гэсэн. Тэгээд шинэ оны ажлын эхний өдөр ирээд л бид 1-3 ажилтнаа цомхтгосон. Гэтэл одоо биднийг хууль бусаар халчихлаа. Тэгсэн хэрнээ “Танд зургаан сарын цалинтай чинь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гээд байгаа. Дээр нь миний оронд томилогдсон хүнд цалин өгнө. Энэ тэгээд хэмнэлт мөн гэж үү. Харин ч мөнгө нь багтаж ядаад ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүйгээр халаад, тэтгэмж өгөөд, оронд нь тавьсан хүндээ цалин олгоод, бүр нэмж 2-3 хүний орон тоо нэмэх тухай яриад байгаа юм биш үү. Шинээр томилогдсон хүмүүсийг дахинсургана, мэргэшүүлнэ гэхээр эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их үргүй зардал гарах нь ойлгомжтой. Бид өөр, илүү зүйл суралцаад ажлаа үргэжлүүлэх зардлаар шинэ ажилчдыг эхнээс нь бэлтгэнэ гэдэг хэмнэлт мөн гэж үү. Үүнээс гадна намууд, сайд нар “Боломж олдсон дээр нь дарга болоод үзье” гэдэг шиг нам солигдоход л төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг цомхтгож, халдаг үзэгдэл газар авлаа. Үүнийг зогсоох цаг нь болсон.
Д.Рэгзэн (Онги голын сав газрын дарга асан)
-Ажлаас чөлөөлөх бол урьдчилан сануулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Гэтэл энэ тухай өмнө нь нэг ч удаа сануулаагүй. Өмнөх өдрийнх нь үдээс хойш над руу БОНХАЖЯ-наас нэг эмэгтэй утсаар ярьж “Маргааш санхүүгийн тооллого хийх комисс очно. Бэлтгэ гэсэн” Тэгээд өглөө нь иртэл тооллого энэ тэр хийсэн юмгүй, шууд л ажлаас халсан тушаал уншиж, орны хүнийг томилсон.
Шийдлийн Засгийн газар байгуулагдахад л хөдөө орон нутагт албан тушаалын халаа, томилгоо хийхгүй гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл юу болж байна вэ. Үүний цаана хамгийн гол нь төрийн залгамж зарчим алдагдаж байна. Залуучуудад одоо төрийн албан хаагч болж, тангараг өргөнө гэдэг чухал зүйл биш, ердөө л намын халаа сэлгээний өнцгөөс ойлгогдож байгаа. Төр удирдаж байгаа хүмүүс өвгөдийн хэлдгээр “Ямхын төдий түшмэл”-ийн ухаанаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай.
Т.Болдбаяр (Завхан гол, Хяргас нуурын сав газрын дарга асан)
-Усны сав газар байгуулагдсанаар өнгөрсөн онд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүнийг ус бол мөнгө, цаашлаад бизнес гэж хүмүүс харж байхыг үгүйсгэх аргагүй. Ус бол стратегийн үнэт зүйл. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтэн, албан хаагчид мэргэшсэн байх ёстой. Гэтэл манайд усны мэргэжлийн хүн маш цөөхөн. 2007 оноос хойш нэг ч хүн усны чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Энэ нөхцөлд цөөнгүй хүнийг тодорхой төсөв, зардал гарган байж бэлтгэж, мэргэшүүлээд явж байхад улс төрийн үүднээс ингэж хандаж болохгүй баймаар.
Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан)
-Алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа хүмүүс маш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ.
Б.Цэцгээ (Ерөө голын сав газрын дарга асан)
-Нэг өглөөл гэнэт яамны мэргэжилтнүүд олон хүний өмнө шууд халагдах тушаал уншиж, миний оронд түр орлох хүнээ танилцуулж байгаа юм. Ажлаас халагдсан үндэслэл, шалтгаан тайлбарлаагүй. Үүний цаана хүний нэр хүнд явж байна. Гэнэт халагдахаар “Энэ яагаад халагдчихав, авлига авсан юм биш биз” гэх мэт хүмүүсийн хандлага мэдрэгдэж байна. Төр аль ч салбарт бодлого хэрэгжүүлэхдээ оновчтой, зөв, хууль ёсны дагуу хийх ёстой. Сав газрын захиргаадын хувьд энэ удаад тийм байж чадсангүй. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр ирцгээлээ. Ц.Дамдинсүрэн (Таац голын сав газрын дарга асан) -Намайг мөн 16.00 цагийн үед нэг хүн залгаад “Маргааш тооллого хийнэ” гэж ярьсан. Тэгээд л бусдын адил тушаал уншсан. Энэ зөв дэс дараатай, үндэслэлтэй зүйл байсан бол миний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэтэл урьдчилан сануулсан зүйлгүй, гэнэтийн байдлаар, хууль, дүрэм, журам огт мэдэхгүй хүнтэй харилцаж байгаа мэтээр салбарын яам нь ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна. Манай мэргэжилтнүүдийг эхнээс нь халсан тухай мэдээлэл сая ирсэн. Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа.