Индонезид саяхан интернэтээр цацагдсан нэгэн зар олны анхаарлыг их татаж байна. Уг нь, энэ зар жирийн нэг байшин худалдах тухай юм. Гэхдээ онцгой нэг бонустай ажээ. Байшинг худалдан авсан хүн хэрэв ганц бие эрэгтэй бол “үнэгүй” эхнэртэй болох боломжтой ажээ.
Уг байшингийн эзэн 40 настай эмэгтэй үл хөдлөх хөрөнгөө зарахдаа өөрийгөө ч мөн худалдан авагчдад санал болгожээ. Хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө, гарааш, загасны аквариум гээд юм юмтай энэ байшинг худалдан авбал хуучин эзнийг нь эхнэрээ болгож болох ажээ. Байшингийн эзэн нь Вина Лиа гэх бэлэвсэн эмэгтэй байдаг бөгөөд гоо сайхны салонтой гэнэ. Хэрэв байшингийн бонусыг давхар бодолцон тохирлоо гэж үзвэл тэрээр Ява арал дахь үл хөдлөх хөрөнгөө 75 мянган ам.доллараар зарах санал тавьжээ.
Энэ зарыг харсан хүмүүс Вина Лиагийн “зальтайг” гайхаж байна. Учир нь, тэр үл хөдлөх хөрөнгөө зарсан ч ирээдүйн эзэнтэй нь гэрлэх учир байшингийнхаа эзэн хэвээр үлдэнэ гэсэн үг юм.