Манай улс экспортод гарч буй ашигт малтмалынхаа үнийг дэлхийн зах зээлийн дундаж үнээр тооцон гаргадаг. Ингэснээр тухайн эрдэс баялагт хэдий хэмжээний татвар ногдуулах үндэс бүрднэ. Энэ тооцооллоор бас энэ сард нэг тонн коксжих нүүрс 48-51, баяжуулсан нүүрс 64 ам.доллар байх нь. Гэвч үнийн уналтаас шалтгаалж одоогоор экспортод гарч буй нүүрсний худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг баримталж буй юм.
Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар манай улс өнгөрсөн онд 19.5 сая тонн нүүрс экспортолжээ. Үүний 16 сая тонн нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Үүгээрээ Хятдад коксжих нүүрс нийлүүлэгч орнуудын хоёрдугаарт орж буй юм. Энэ нь нүүрсний экспорт өмнөх 2013 оныхоос долоон хувиар өссөн үзүүлэлт. Манай улс энэ оны нэгдүгээр сарын байдлаар 3.8 сая ам.долларын үнэтэй 1.1 сая тонн нүүрс экспортолсон статистик гарсан. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 100 гаруй мянган тонноор бага байна.
Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсноор ашигт малтмалын хэрэглээ, үнэ буурах хандлагатай байна хэмээн шинжээчид хэлж буй. Тухайлбал, тус улс өнгөрсөн онд 62.3 сая тонн коксжих нүүрс худалдан авчээ. Энэ нь Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 17.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Улмаар тус улсын коксжих нүүрсний хэрэглээ сүүлийн есөн жилд анх удаа буурлаа гэж судлаачид тэмдэглэж байгаа юм. Манай улсын экспортын ашигт малтмалын гол худалдан авагч Хятадын эдийн засаг энэ онд ч огцом өсөх тал ажиглагдахгүй байгаа. Иймд манай улсаас экспортолж буй коксжих нүүрсний хэмжээ, үнэ өсөхгүй нь. Судлаачид нүүрсний зах зээлийн энэ уналт дор хаяж гурван жил үргэлжилнэ хэмээн таамаглаж байна. Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн том нийлүүлэгч нь Австрали улс. Тус улс жилээс жилд нүүрс олборлолт, экспортоо нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн онд гэхэд Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний нийлүүлэлт нь 3.4 хувиар нэмэгдэж 31.2 сая тоннд хүрсэн. Өөрөөр хэлбэл хятадын коксжих нүүрсний хэрэгцээний 50 хувийг дангаар хангах болсон байна.
Харин Хятадад нүүрс нийлүүлдэг бусад улс орны экспортын хэмжээ өнгөрсөн онд буурчээ. Жишээ нь, Канад улс 7.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь 35 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт 31 хувиар буурч 5.7 сая тонн болсон дүн гарав.
Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд жилд дунджаар 300 сая тонн коксжих нүүрсийг экспортолж байна. Үүний 170 сая тонныг Австрали дангаараа хангаж байгаа. Тэгвэл АНУ 59, Канад 33, ОХУ 21, Монгол 19, Польш 2.3 сая тонн нүүрс экспортолж байна.
Хятад улс коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний том хэрэглэгч. Гэвч эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж буй. Өөрөөр хэлбэл нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцынхаа тоог алс хэтдээ бодлоготой холбоотой. Өнгөрсөн онд 198 сая тонн эрчим хүчний нүүрс бусад улсаас худалдан авсан 2013 оныхоос 3.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэхдээ дотоодын нүүрсний уурхайнууд хүнд байдалд орсныг харгалзан үзэж нийлүүлэлтийн илүүдлийг хумих арга хэмжээ авсантай холбоотой гэж зарим судлаач тайлбарлаж байна.
Хятад энэ оны эхний өдрөөс импортын нүүрсэнд гурван хувийн татвар ногдуулдаг болсон. Энэ нь үр дүнгээ өгч байгааг судлаачид онцлов. Өөрөөр хэлбэл дотоодын уурхайнуудын санхүүгийн байдал, зах зээлд эерэг хандлага ажиглагдах болжээ. Тухайлбал, тус улсын нүүрс олборлогч томоохон компаниуд нэг тонн нүүрснийхээ үнийг 10-20 юаниар нэмжээ. Бусад уурхай ч дагаад үнэ нэмж, нүүрсний эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд эерэг хандлага ажиглагдах болсон байна. Гэвч нүүрсний зах зээл урт хугацаандаа тогтворгүй хэвээр байна хэмээж буй юм. Эндээс үзвэл импортын нүүрсний татвараас шалтгаалж үнэ өсч эхэлжээ. Гэвч цаашид Хятадад коксжих нүүрсний эрэлт нэмэгдэхгүй гэсэн таамаг бий. Үүнээс шалтгаалж коксжих нүүрсний импорт нь буурах хандлага ажиглагдаж байна.
Т.ЖАНЦАН