Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
О.Бум-Ялагч: Төрөөс намыг биш сонгуулийг санхүүжүүлдэг болмоор


Монголын Ногоон намын дарга
О.Бум-Ялагчтай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө 25 жилийн ойтойгоо удахгүй золгох Монголын ногоон намын хамт олонд баярын мэнд хүргэе!
-Танай сонины уншигчдад хонин жилийн мэнд дэвшүүлье. “Ардчилал” сонин бол Монголын ногоон намын хувьд чухал хэвлэлийн нэг. Манай лидерүүдийн төлөө­­­лөл Дарь.Сүхбаатар та­най сонинд ажиллаж байсан түүхтэй. Манай нам бол 1990 оны гуравдугаар са­рын 9-нд тунхаглан зарлаж байгуулагдсан, ардчиллын анх­дагч улс төрийн хүчний нэг. Намын бүртгэлд гурав­ду­гаарт байдаг боловч на­мын­хаа нэрийг солиогүй гэд­гээрээ магнайлж явдаг. Энэ онд манай намын 25 жилийн ой тохиож байгаа тул бид хоёр сар гаруйн аян зохион байгуулахаар болсон. Юутай ч ойн баярын мэндийг Ногоон намд итгэдэг, дэмждэг эрхэм гишүүд, сонгогч нартаа хүргэе.

-Ардчилалд анхнаас нь зүтгэсэн улс төрийн хүчний хувьд 25 жилийн ардчилсан Монголын нийгмийг хэрхэн дүгнэх бол?
-Монголын нийгэм өнөөдөр тогтворгүй байна. Ардчиллынхан засгийн эрх барихаар нэгнээ дэгээдэх хандлагатай гэж иргэд ярьж, буруу хүмүүсээ дэмжиж, сонго­жээ гэж гутаж байна. Ардчиллынхан яагаад ингэдэг гэхээр таван нам нэгдсэн, таван өөр фракцтайгаас л үүдэлтэй гэж би хувьдаа боддог. Ингэж нэгдэнэ гэдэг бол таван ондоо үзэл баримтлал, зорилгыг нэг шуудайнд оруулсных. Үүнээс болж бужигнадгаас биш тэд ардчилсан үзэл баримт­ла­лаасаа ухарсан, ардчиллыг ашиг­ласан зүйлгүй. Өөр өөр чиг баримжаа нь нэг зүгт харахгүй байгаад л учир байна.
Өнөөдөр хүн амын тал хувь нь ядуу байна. Засгийн газар төсвөө хасч, цалин нэмэхгүй гэсэн шийдлээс болж ядуурал өслөө. Шинэчлэлийн Засгийн газрын үед нэн ядуу нь 18 хувь, ядуу нь 19 хувь байсан ч одоо хүн амын тал хувьд хүрч. Нэгэнт бодит байдал ийм байхад ардчиллынхан гарч ирээд сайхан болно гэж итгэсэн ард түмэн, намынхан нь их гутарч байна. Хүн л юм чинь эцэстээ нэг амьтанд буруу өгдөг. Тэгэхдээ хувь хүн рүү чиглэдэг. Элбэгдорж, Алтанхуяг, Баярцогт, Сайхан­билэг гээд л. Гэвч монголчууд бидний үндсэн хүмүүжлийн нэг дутагдал нь алдааг бусдаас хайх. Баабар хэлсэн дээ, өнөөдөр Монголын нийгэм, төлөв байдалд ард түмэн өөрсдөө буруутай гэж. Гашуун боловч үнэн.

-Ард түмэн буруутай гэхээр хүлээн зөвшөөрөх хүн цөөн л болов уу. Таны ингэж хэлэх үндэслэл нь?
-Өөрөөсөө буруу хайж, жаахан бодож үзье. Дэлхийн эрүүл нийгмүүд, хөгжсөн орнуудыг харахаар идэвхтэй бүлэг буюу дунд давхарга нь нийгмээ эрүүлжүүлж, хөтөлдөг. Тэд бие даагаад амьдралаа аваад явчихдаг, өөрийгөө соён гэгээрүүлэх чадвартай, түүнд цаг зав зарцуулдаг. Гэвч ийм хүмүүс манайд байдаггүй. Яагаад гэвэл цөм гадаадад амьдардаг, одоо ч явж байгаа. 200-гаад мянган хүн гэхээр хүн амын бараг 10 хувь. Одоо Монголын нийгмийн дунд давхарга нь малчид. Гэтэл тэд нийгмийн үндсэн шийдэл болдог нийслэлээс хол амьдардаг. Тийм болохоор жагсаал, цуглаан өргөн хүрээг хамарч чаддаггүй. Нийгмээ урагш нь татаж явдаг “локомотив” байхгүй болчихоор үлдсэн нь гутранги үзэлтэй, бусдаас алдаа хайж, эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд өөрийгөө дайчлах чадваргүй болж таарна. Төр засаг толгойлогчдод итгэж найдаад суучихдаг хүмүүс. Тэр нь юу ч чадахгүй болохоор шүүмжлэхээс хэтэрдэггүй ийм л дүр зурагтай, манай нийгэм.

-Нийгмийн идэвхгүй тэр хэсгийг хэрхэн “хөдөлгөх” вэ?
-Тэр бол улс төрийн намын зорилго. Өнөөдөр улс төрийн нам байгуулахыг төр яагаад зөвшөөрч, Үндсэн хуульдаа зааж тусгаад байна гэхээр идэвхтэй хэсэгт тулгуурласнаар нийгэм эрүүл байна аа гэдэг улс төрийн онолын л биелэл. Тэр ч утгаараа намуудыг дэмжих төрийн бодлого байх ёстой. Харамсалтай нь, Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга байсан, одоо Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэдэг хүн парламентад сонгогдоогүй улс төрийн намуудыг татан буулгана гэж ярьсан. Улс төрийнхөө онолыг л мэдэхгүйн илрэл. Ингээд тунгаагаад үзэхээр дээр гарсан хүмүүс нь бидний шаардлагыг бас хангаж чадахгүй байгаа. Тийм учраас л бид муулж, өөлдөг шүү дээ. Хэдий тийм ч эхнээс нь бодохоор ард түмэн бид хяналтаа сайн тавьсан бол ийм хүмүүс дээшээ гарахгүй.

-Тэгэхээр сонгуульд санал өгч төрөө байгуулдаг ард түмэн нийгмийнхээ болохгүй бүтэхгүйн бүх бурууг үүрч таарах уу?
-Баабар шиг бүгдийг нь ард түмний буруу гэж болохгүй. Миний бодлоор 50, 50 хувьтай. Амьдралын төлөө тэмцэх, хөндлөнгийн хяналт тавих, хэвлэлийн дөрөв дэх засаглал сул гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас дээшээ гарч байгаа нь бидэнтэйгээ таарсан л хүмүүс байна. “Фортуна” Батбаяр л гэхэд УИХ-ын чуулганд согтуу орж ирээд даргатайгаа хэрэлдээд сууж байна. Хууль тогтоодог их танхимд согтуу хүн оруулдаггүй л байя. Өөр улсын парламентад согтож унасан нь байхгүй, ажилдаа ядраад унтаж байгаа хүн л мэр сэр харагддаг. Энэ ч утгаараа төр засгаа дээдлэх уламжлал алдагдлаа. Ерөнхийлөгч ч гэсэн унтахын алдад хүмүүст их гоё юм ярьдаг. Гэвч өглөө босоход бүх зүйл бахь байдгаараа. Ингэсээр иргэдийн итгэл алдарна шүү дээ. Нэг ярьсан зүйлээ дуустал нь чимээгүй хүлээж байгаад дахиад шинэ зүйл яривал л ард иргэд үнэлж, итгэнэ. Одоо Оросын ард түмэн Путинийг яагаад шүтээд, буулгахгүй дагаад байгааг харахаар хэлсэндээ хүрдэг зан чанарт л байна шүү дээ.

-Улс төрийн намын тухай ярьж эхэлснийх одоо на­муудын өрсөлдөх чадвар ямар байгаа гэж та үздэг вэ?
-Өнөөдөр улс төрд мөнгөтэй, баян хүн олноор гарч ирлээ. 1990-ээд онд сонгуулийн үеэр нэг сонгогчид 13 төгрөг зарцуулж байсан. Харин одоо 30 мянгаас буухгүй. Тэгэхээр маш их мөнгөтэй хүн л сонгууль хийж чадна. Цаашилбал, сонгууль гэдэг чинь олон мөнгөтэй хүний дундаас нэг мөнгөтэй нь гарч ирэх ойлголт болчихлоо. Мөнгөтэй хүн төрд гарахаараа улам их мөнгөтэй болохоо л боддог юм байна.

-Хонин жилд улс төрийн салхи хэр хүчтэй үлээх бол, сонгуулийн өмнөх жил шүү дээ.
-Улс төрийн хувьд өрсөлдөгч хүчнүүд тус бүртээ өсч дэвжих нь тодорхой. Бүгд нэгэн зэрэг өсөөд ирэхээр тэдний хоорондын сөргөлдөөн илүү хүчтэй л болно гэсэн үг. Жил болгон “хаврын синдром” гэж яриад байдаг жагсаал, цуглаан айхтар өрнүүн болох магадлалтай байна. Багш нар цалингаа нэмүүлье гээд нэгдүгээр сард жагсахад төв талбай дүүрсэн. Тэгэхээр нийгмийн масс бол жагсахад бэлэн байна. Амиа золиослоод газар усаа, улс орноо хамгаалъя гэж өлсгөлөн боллоо. Энэ мэтээр улс төр, нийгмийн байдал их бужигнаантай жил эхэлж байна уу даа.

-Нийгэм, улс төр, эдийн засаг бүх талд хүндрэлтэй энэ үед ойн баяраараа та бүхэн ямар шийдэл, санал дэвшүүлэх вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цааш­дын ажлаа хэлэлцэнэ. Юун тү­рүүнд, бид ногоон гэдэг ойл­голт, үзэл хэвшүүлж чадлаа. 25 жилийн өмнө Ногоон нам байгуулагдахад элэглэн дооглож байсан. 2009 онд, манай намыг тэргүүлж байсан Энхбат УИХ-ын гишүүн боло­ход Нямдорж гишүүн “Ногоон, хар гэнэ үү намын юм...” гээд орилсон гэхээр саяхныг хүртэл ойлгодоггүй л байсан хэрэг. Гэтэл одоо Иргэний зориг нам ногоон нэртэй боллоо, ногоон хөгжлийн гэсэн тодотголтой яамтай боллоо. Хоёрт, бид мөнгө идсэн, хулгай хийсэн, алаан хядаан, муу муухайд огт ороогүй. Нэр хугарахаар яс хугар гэдэг зарчимдаа үнэнч явсаар нэрээ бүтэн байлгаж байгаа юм. Биднийг их ноомой, зарчимдаа дэндүү үнэнч гээд шүүмжлэх нь бий. Гэвч янз бүрийн хуйвалдаанд орохоор өөрийнхөө үзэл баримтлалын эсрэг болчих гээд, нэр хугарчих гээд байдаг юм. Үүнээс гадна манай нам улс төрийн ертөнцөд шинэ бодлого дэвшүүлнэ. Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, харин эрхэм зорилго л хөдлөшгүй байна гэдгээр өчигдрийн дайсантай өнөөдөр нэгдээд зорилго руугаа урагшлахыг хүлээн зөвшөөрнө. Тэр ч утгаараа МАХН-тай санамж бичиг байгуулсан, Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгч болоход дэмжинэ гээд МАН-тай санамж бичиг байгуулсан. Одоо бүгд эрх зүйн харилцаа нь дууссан, хүчингүй л дээ. Мөн парламентад суудалгүй намуудын уулзалт, хэлэлцүүлэг байнга зохион байгуулж өмнөх Засгийн газарт хяналт тавьж ирлээ. Харин өнөөдөр Шийдлийн Засгийн газарт сүүдрийн Засгийн газар байгуулах ажилд манлайлж явна. Аливаа сүүдрийн засгийн газар нь үндсэн Засгийн газраа эхний зуун хоногт нь хүлээцтэй хардаг юм. Юу хийж, хэрхэн ажиллах нь вэ гэдгийг. Тэр хугацаа гуравдугаар сарын 20-нд дуусч байгаа. Түүнээс хойш сүүдрийн засгийн газар идэвхтэй ажиллана. Одоо манай уриалгад гурван өөр нам нэгдээд ажиллаж байгаа. Цаашид бүх намын хувьд анхаарах гол ажил нь 2016 оны сонгууль.

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Үүнд та ямар байр суурьтай хандаж байна?
-Манай нам энэ өөрчлөл­тийг хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн намын санхүүжил­тийг ил болгоно гэснийг ч эсэргүүцнэ. Энэ хууль гарчих­вал парламентад суудалтай намын өдөр тутмын үйл ажил­лагааны зардлыг төр хариуцах болчихно. Өөрөөр хэлбэл, парламентад суудал авангуутаа нам чинь төрийн, төсвийн байгууллага болчих гээд байна. Үндсэн хуулиар байгууллагыг төрийн ба төрийн бус гэж хоёр ангилсан нь холилдох нь. Хамгийн гол асуудал бол улс төрд мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс орж ирэхээрээ нийгмийн эмзэг асуудлыг орхигдуулдаг гэдгийг бүгд харлаа шүү дээ. Зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн зүйлд л анхаардаг гэдгийг баталсан хуулиуд нь нотолно. Тэгэхээр дараагийн сонгуульд мөнгөтэй, төгрөгтэй хүн оруулах асуудлыг хязгаарлах хэрэгтэй. Тэр арга зам бол сонгуулиас хөрөнгө мөнгөний хамаарлыг арилгах. Өөрөөр хэлбэл, сонгуулийг төр өөрөө санхүүжүүлдэг дэлхийн жишигийг хэрэгжүүлье гэж. Энэ аргачлал төрд өөрт нь ашигтай. Сурталчилгааны самбарыг тодорхой газар хатгаад түүнийгээ намуудад ижил тэнцүү хуваагаад өгчихнө. Ингэвэл айл айлын үүд тогшдогоо болино. Сонирхсон хүн нь самбараас очоод үзнэ, сонирхоогүй нь очихгүй. Ингэхээр улс төрд орж ирэх хүмүүс шигшигдэж эхэлнэ. Заавал мөнгөтэй нь биш, сайн бодлого, зорилготой нь л цоройгоод сонгогдоно. Түүний дараа парламентаас баталдаг хууль, бодлого, шийдвэр нь дор хаяж Үндсэн хуульдаа, улс орны үзэл баримтлалд, үнэт зүйлдээ нийцэж эхэлнэ ээ. Нэг компанийн төлөөх хууль огт гарахгүй. Тийм болохоор иргэд алдаанаасаа сургамж авч дараагийн сонголтоо хийх хэрэгтэй.

-Өнгөрсөн хугацаанд иргэд хоёр нам дээр л “тоглож”, аль нэгийг нь л сонгож ирлээ. Одоо хуулиа сайжруулж, засаад явахаар сонгуульд санал өгч сурах янз байна уу?
-Яахав, өнгөрсөн хуга­цаанд луйвардаад байсан л даа. Эхэндээ тог тасалдаг байс­наа хожим хар хайрцаг оруулж ирсэн. Одоо боло­хоор гомдол гарвал хар хайрц­гийн саналыг гараар тоол­но гэж өөрчлөх гэж бай­гаа. Нэг бодлын урагштай ал­хам боловч задлаад үзэ­хээр залилан хэвээрээ. Хар машинаар тоолоод гом­дол гаргавал гаднаас хүн оруу­лахгүй сонгуулийн ажилтнууд өөрсдөө тоолно гэнэ. Тэгэхээр чинь тэд хар машиныхаа дүнг л зөв байжээ гэхээс яах вэ дээ. Хэн ч бодсон тийм. Үнэхээр тоолдог болъё гэвэл бүгдэд нээлттэй тоолох хэрэгтэй. Сонгогчид өөрсдөө тоолсон ч болно. Дөрвөн жилдээ нэг эдлэх эрх нь тэр биз дээ.

-Саяхан л та бүхэнтэй хамт жагсч, тэмцэж байсан хүмүүс УИХ-д өргөн бүрэл­дэ­хүүнтэй сууж байна. Тэ­дэн­тэй хэр хамтардаг вэ, тэ­дэнд ямар үнэлгээ өгөх бол?  
-Тийм ч сайн хамтарч чаддаггүй. Яагаад гэвэл УИХ-д орсон хүмүүс их өөрчлөгддөг. УИХ гэдэг чинь маш их мөнгө, эрх мэдэл дээр очихын нэр. Наанадаж Баянсэлэнгэ л гэхэд 17 тэрбум төгрөгтэй нэр холбогдоод авсан. Тэгэхээр дотор нь маш их мөнгө эргэлддэг гэсэн үг. Ер нь, тэнд орсон хүмүүс ховсдуулчихдаг юм шүү. Эхлээд тэр гишүүдийн нас залуу, бас амьдралын бололцоо баталгаатай биш. Мөн нээнтэгтэй байгаа шүү дээ. Энэ бүгдийг залуу хүний алдаа л гэж бид хардаг. Тэрнээс биш хуучин Гүндалай шиг цаас бариад тонгочоод байвал тонгочоод л баймаар. Ганцаараа байсан Гүндалайн хажууд өнөөдөр Зандан, Ганбаа, Цог, Уянга, Батцэрэг, бие даагчид гээд супер олуулаа. Цөм цаас бариад суу л даа, үнэн мөнийг нь хэл л дээ. Ингэхээр чинь хүмүүс Монгол газар нутгийг зүгээр авах уу. Номтойбаяр Цагаан суваргыг авахад Уянга ганц хоёр үг хэлээд өнгөрнө билээ. Нэрээ бодоод дуугарахаас аргагүй. Бусад нь бүр таг дуугүй шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан