Дүүргийн хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, нэг орон дээр гурав дөрвөөрөө чихцэлдэн хэвтээд нэлээд хугацааг үдлээ. Түүнчлэн хүүхдийн Яаралтай түргэн тусламжийн дуудлага ч нэмэгдэж. Харамсалтай нь түргэн тусламж цаг тухайдаа хүрэхгүй хугацаа алдах тохиолдол нэлээд гараад байна. Тэдний хэлснээр шатахууны зардал багасч холын дуудлагад гарч чадахгүй болсон гэв. Эцэг эхчүүдэд хандан хүүхдээ Яаралтай тусламжийн төв дээр авчирч үзүүлэх хэрэгтэй хэмээн түргэн тусламжийн төвөөс анхааруулж байлаа. Энэ талаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Л.Уртнасан “ Манай хүүхэд 38-39 хэм хүртэл халуураад шөнөдөө унтаж чадахгүй амьсгал нь бөглөрөөд байсан. Иймээс 103 руу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн нэг эрэгтэй эмч утас аваад “Хүүхэд чинь хэд хүртэл халуурч байна. Гайгүй бол ирээд үзүүлчих. Манайх дуудлага ихтэй байгаа учраас хүлээгдэнэ. Тэгээд ч төв дээрээ хүүхдийн эмч өөрөө үзлэг хийж байгаа. Ер нь, гадуур дуудлаганд явах биш төв дээр үзэхийг хичээж байгаа” хэмээн ярьсан. Тэгээд төв дээр нь ирээд нэлээд дугаарлаж байгаад хүүхдээ үзүүлсэн. Гэтэл “Хүүхдийн чинь ханиад хатгаа болох тал руугаа хандчихаж. Хүүхдийн эмнэлэг рүү явуулах эсвэл гэрээр эмчилгээ хийх үү. Эмнэлэгт бол ор байхгүй. Ор гартал коридорьт хэвтэнэ. Тэгэхээр бүр хүндэрчихэж магадгүй, эм тариагаа бичүүлээд явсан нь дээр” гэж хэлснийх нь дагуу явж байна” хэмээн ярьсан юм. Яаралтай тусламжийн төвтэй ойр байгаа айлууд бол яахав орж ирээд хүүхдээ үзүүлчихнэ. Гэтэл цаана нь гэр хол, машингүй, нялх хүүхэдтэй хүмүүс яах ёстой вэ. Уг нь түргэн тусламж иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх ёстой. Эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүст хүрч үйлчлэх учиртай. Гэсэн ч шатахууны зардал нэмэгдээгүй, дуудлага нэмэгдсэн гэх шалтгаанаар түргэн тусламжийг гацааж болно гэж үү. 2013 онд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээнд 1101 авто машин ажиллаж байгаа гэсэн тоо бий. Мөн ирэх онд 110 автомашин нэмж авахаар төлөвлөсөн аж. Гэсэн ч түргэн тусламж удаж ирдэг хэмээн иргэдийн гомдол тасраагүй л байна. Өмнө нь дуудлаганд явах түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй гэх шалтгаантай байсан бол энэ удаад машин техник нэмэгдсэн ч дуудлага ихэссэн гэдгээр иргэдийн бухимдлыг төрүүлэх боллоо. Бүхэл бүтэн нийслэлийн түргэн тусламж тэгээс таван насны хүүхдийн дуудлагадаа хүрч үйлчилж чадахгүй байхад ямар нэг томоохон гамшиг ослын үед ажиллах бэлтгэл яаж байх вэ дээ.
Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг төлбөртэй үзлэг хийж байна
Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгээр орлоо. Үүдэнд нь хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд дугаарлан зогсоно. Хүлээн авах дээр хүүхдүүдийг бүртгэж аваад дотогш оруулж байв. Сувилагч бүсгүй “Хэвтэх бичигтэй хүүхдүүдийг л үзнэ. Бичиггүй хүүхдийг 5000 төгрөгийн төлбөртэйгээр үзнэ” хэмээн анхааруулж байлаа. Хэвтэх бичгийг хүүхдийн түргэн хийж өгдөг. Хүүхэд нь ханиалгаад зогсохгүй байхад 5000 төгрөг ч яамай гээд хурдхан үзүүлээд эм бичүүлж авъя. Эсвэл хэвтүүлье гэсэн яриа өрнөв. Харин жаахан хэл амтай эцэг эхчүүд нь улсын эмнэлэг байж яагаад хүүхдээс төлбөр авдаг юм бэ. Чадвартай, чадваргүй нь мэдэгдэхгүй эмч нарт мөнгө төлж үзүүлж байхаар адилхан л мөнгө төлөхөөс хойш хувийн эмнэлэгт очоод үзүүлбэл хамаагүй сайн үйлчилгээ авах биз хэмээж байлаа. Үнэхээр ч төлбөр төлж үйлчилгээ авахаар бол хүүхдийн хувийн эмнэлэгт очоод үзүүлэхэд ядаж эмч сувилагч нь уриалгахан “Та наашаа суу” гээд л угтаж авна. Харин улсын эмнэлгийн эмч сувилагч нар бол “Ингэ тэг” хэмээн зандрангуй ханддаг нь бараг хэвийн үзэгдэл болсон. Улсын эмнэлэгт сайхан ааштай эмч өдрийн од. Үүний нэг илрэл нь хүүхдээ үзүүлж байгаа эцэг эхчүүдийг эмч нар нь өрхийнхөө эмнэлэгт үзүүл. Бид ачааллаа дийлэхгүй ядаж байхад шууд манай руу ирэх юм хэмээн захирангуй хэлдэг. Эцэг эхчүүдийн хувьд өрхийн эмнэлгийн эмч нар угаасаа мэдлэг чадвар муутай гэсэн үзлээсээ салж чадалгүй дүүргийн хүүхдийн эмч рүү аваад ирдэг нь илт.
Түүнчлэн өрхийнхөө эмчид удаа дараа үзүүлж, гэрээрээ эмчилсэн ч дээрдэхгүй байгаа учраас дүүргийнхээ хүүхдийн эмнэлэгт ирж үзүүлж байгаа гэсэн эцэг эх цөөнгүй тааралдлаа. Уг нь тангараг өргөсөн эмч бүр тэр дундаа хүүхдийн эмч гэдэг хаана ч хэзээ ч ямар ч хүүхдийг чагнаж эм бичээд ээж аавд нь зөвлөгөө өгөөд явуулах сэтгэлтэй байх учиртай. Харин үүний эсрэгээр Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч нар хүүхдийн өвчнөөр далимдуулж төлбөр авах бизнес болжээ. Журмандаа хүүхдийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх орны 10 хувь нь төлбөртэй ор байж болно хэмээн заасан байдаг бөгөөд анхан шатны үзлэг хийхэд ямар ч төлбөр авах ёсгүй хэмээн заасан байдаг аж. Түүнчлэн 16 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд амбулторын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ба үйлчилгээний зардлыг төр хариуцна хэмээн заасан байдаг.