Бүргэдийн баяр үзэхээр Баян-Өлгийд жуулчилж явсан Их Британийн иргэн Мегхан Питз Жеймс бүргэдчин Айшолпан охины гэрт зочилжээ. Тэрээр охины тухай кино хийж буй багийнхантай уулзсан талаарх сэтгэгдэл болоод гэрээний тухайд үзэл бодлоо фейсбүүк хуудсандаа бичсэнийг дор товчлон хөрвүүллээ. Олон нийтийг үзэл бодлоороо хоёр хэсэг талцахад хүргээд байгаа нэг долларын гэрээний талаар хөндлөнгийн гуравдагч гэрчийн юу гэж өгүүлснийг эндээс мэдэж болно.
Бүргэдийн баярын бүх арга хэмжээг би үзсэн. Түүнээс нум сум харваа болоод алдарт Айшолпан охин /дэлхийд ганц, бүргэдээр ан хийдэг охин/ хэрхэн анчдын тэмцээнд ялахыг харах үнэхээр сонирхолтой байв. Түүний бүргэд уулын оройноос ердөө таван секундын дотор эзэн дээрээ ирж рекорд тогтоосон юм. /Өмнө нь 11 сек байсан/
Бүргэдийн баярын үеэр би өөрт олдсон боломжоо ашиглаад тэнд байх гурав хоногоо Айшолпан охины гэрт өнгөрүүлж болох эсэхийг /мэдээж төлбөр төлөөд/ асуух уу, болих уу гэж хэсэг эргэлзсэний эцэст зориглоод түүнээс асуулаа. Морин дээрээ итгэлтэй гэгч нь суугаад эргэн тойрон шавсан гэрэл зурагчдад зургаа авахуулах Айшолпан охины хажууд англиар ярьдаг монгол эмэгтэй байхыг олж хараад түүнээс энэ тухай асуугаад өгөөч гэж гуйлаа. Намайг хамт яваа Лиа найзтай маань гэртээ байлгахыг зөвшөөрөх үү хэмээн тэр эмэгтэйгээр асуулгатал маш том гэнэтийн бэлэг болж, тэр зөвшөөрсөн хариу өгөв. Гэхдээ ааваасаа бас асуух ёстой гэлээ. Ингээд би хурдхан шиг аавыг нь олж уулзах хэрэгтэй боллоо. Охины аав, бүргэдийн аварга анчин Алпай ойрхон жийпэнд найзтайгаа ярилцаад сууж байлаа. Тэр охиных нь тухай кино хийж, зураг авч байгаа хүмүүс гэрт нь байрлаж байгаа, гэхдээ тэднийг завсарлах хойгуур охинтой нь уулзаж, бүргэдээр анх хийх тухайд зарим нэг зүйл үзүүлж харуулъя гэв. Ингээд би тэднийд байх нөхцөл болзол, төлбөр мөнгөө тохиролцоод, дэлгүүр орж, маргааш тэднийд очихдоо өгөх бэлэг сэлт авахаар явсан юм.
Сумын төвөөс 50 км зайтай Айшолпаны өвлийн байшин руу хөдлөхийн өмнө Алпай, Айшолпан болон аавынх нь найзыг гэрээс нь аваад явлаа. Тэднийх рүү явах замд бид англи хэлний маш энгийн үгсээр Айшолпантай ярилцаж, тэр бидэнд зурсан зургаа ч үзүүлэв. Тэр ягаан өнгөөр зурсан Барби хүүхэлдэйн зураг үзүүллээ. Тэр үнэхээр энгийн даруухан, хичээнгүй, үг дуу цөөтэй, тайван, ухаалаг залуу эмэгтэй байна гэж би дотроо дүгнэсэн. Тэр тийм бага залуугаасаа бүргэдээр ан хийх нь түүний хүсэл гэдгийг таньж мэдсэн байлаа.
Биднийг гэрт нь ирэхэд Айшолпаны ээж Альма аварга болсон охиноо талх цацаж угтлаа. Бидэнтэй хамт тэдний гэр бүлийн найз Цэрэн, Голландаас ирсэн найзтайгаа хамт мөн зочилсон юм. Цэрэн эхэндээ биднээс болгоомжилсон маягтай харилцаж байсан ч бид сүүлдээ танилцаж, нэг нэгнээ мэдэлцэв. Харин кино багийнхан түр эзгүй, гэхдээ буцаж ирж магадгүй гэдгийг олж мэдэв.
Киноны найруулагч-продюссер Отто Беллийн тухайд Их Британийн иргэн, Нью-Йоркт зар сурталчилгааны “Огилви” компанид ажилладаг бөгөөд энэ кино түүний хувийн ажил гэнэ. Тэр Их Британиас туршлагатай хоёр зураглаач, Ашер Свиденски хэмээх 24 настай өнгөрсөн жил шилдэг гэрэл зургийн шагнал авч байсан израйлийг хөлслөн авчирчээ. Ашэр сүүлд нь хэлэхдээ /Эхэндээ тэр өөрийгөө продюсер гэж хэлж байсан/ өөрөө яг ч продюсер нь биш. Зүгээр л гэрэл зурагчин найзын хувиар энд ирж, киноны ажлыг үзэж харж, суралцах зорилготой гэж ярьсан. Би түүнээс өөрсдийн үүргээ илүү ойлгомжтой, тодорхой танилцуулаач гэж хүссэний эцэст Оттог найруулагч, продюсерээр ажиллаж байгаа гэсэн юм.
Тэр ярианаас л тэдний гэр бүлийн найз Цэрэн /Тур оператороор олон жил ажиллаж байгаа, хүний эрхийн талаар дуу хоолойгоо илэрхийлдэг идэвхтэн/ багагүй зүйл ойлгож эхлэх шиг болов. Отто кино хийхээр охины гэр бүлтэй гэрээ байгуулсан нь түүний намтар түүхийг бүх насаараа ашиглах эрхтэй гэж заасан тухай би олж мэдэв. Тэгээд гэрээг уншаад тэнд нэг америк доллар төлнө хэмээн бичсэнийг хараад үнэхээр гайхав. Үүнээс өөр тэр гэр бүлд мөнгө төлөх тухай ямар ч гэрээ контракт үйлдээгүй гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Охины аав Алпай тэр англиар бичсэн гэрээ чухам юун тухай болох, түүн дээр юу гэж бичсэнийг ойлгоогүй, бас тэр гэрээг байгуулахад гэрчээр байлцсан орчуулагч нь кино багийнхны хөлсөлж авсан “Blue Wolf” компанийн ажилтан гэдгийг мэдэхэд үнэхээр ой гутмаар муухай санагдсан. Харваас кино багийнхан тэр олон өдөр зураг авч, байрлахдаа Алпайгийн гэр бүлд улаан зоос өгөөгүй нь илт ээ. Оттогийн тухай сэжиглэхээс ч өмнө энэ бүхнийг би олж мэдсэн юм. Тэдний орчуулагч нь гэрийн эзэгтэй Альмагийн хүнс хоолонд санаа зовж байгаагаас эхлээд олон зүйлийн талаар ер орчуулж, хэл нэвтрэлцүүлж өгөөгүй гэнэ.
Ингээд Оттотой хэсэгхэн зуур ярилцахад тэр “Ямар ч мөнгөгүй байхдаа гэрээг хийсэн” гэж хэлсэн бөгөөд /нэг долларын гэрээний тухай мэдээ онлайнаар цацагдсан гэдгийг тэр олж мэдсэний дараа л ганц удаа ингэж хэлэв/ охины ээж Альмаг Улаанбаатар руу эмчилгээнд явахад 3000 доллар өгснөө байн байн дурдаж /энэ нь түүний хувьд маш өгөөмөр явдал болсон бололтой/ байсан юм.
“Энэ киног хийхийн тулд би банкин дахь дансаа хоосолсон. Хэрэв кино амжилтад хүрвэл энд аялал жуулчлал өргөжиж, тэр хэрээр энэ гэр бүл, энэ хавийнхан үр шимийг нь хүртэнэ. Би энэ гэр бүлийнхнийг доромжлох гээгүй. Цаашид энэ гэр бүлд ямар хувь ногдохыг би мэдэхгүй. Эхлээд киногоо зарах хэрэгтэй байна” гэж тэр ярьсан. Харин би түүнд энэ гэрээний оронд Айшолпаны гэр бүл ямар ашиг хүртэхийг тодорхой заасан гэрээ хийх ёстой юм биш үү гэдгийг сануулсан. Нэг долларын гэрээ нь интернэтээр цацагдсаныг олж мэдсэний дараа Отто бөөн гуниг болж, хана руу гөлрөн суугаад хоёр өдрийн ажлаа алдсанаа ярьж, “Одоо бүх дэлхий даяараа нэг долларын гэрээг мэдчихлээ. Гэхдээ би түүнийг чинь мөнгөгүй байхдаа хийсэн. Одоо кино маань яах бол” хэмээн үглэж байв. Тэр үнэхээр их уурласан байсан.
Харин тэр хооронд Ашер өөрийгөө доромжлуулсан гэж үзсэн бололтой. Цэрэн өөр рүү нь хашгирч орилж, доромжилсон хэмээн онлайнд бичсэн байв. Үнэндээ тийм явдал болоогүй гэдгийг тэнд байсны хувьд би сайн мэднэ. Тэр энгийн тайван ярьж, яагаад тэр гэр бүлийн санаа бодлыг орчуулагч нь кино багийнханд хэлж ярьж өгөөгүй юм бэ гэдгийг асуусан. Харин Ашер яагаад гэдгийг мэдэхгүй гээд цааш асуух бүрт юу асуугаад байгааг ойлгохгүй байна гэж байв. Тэр юу ч ойлгохгүй байгаа дүр эсгэж, зүгээр л нэг тэнэгийн дүрд тоглож байгаа юм шиг санагдсан. Харин дараа нь түүнтэй ярилцахад тэр гэрээний тухай юу ч мэдэхгүй гээд бүх асуудлыг Оттод үүрүүлж орхив. Израильчуудын тухай яриа сөхөгдөхөд тэр өөрийгөө илт хамгаалж, ийм нэгэн хэвийн ойлголтод дургүй гэж байв. Тэр Цэрэнг манай хөтөч гэж ойлгосон бололтой. Тэр түүнийг Алпайгийн гэр бүлийнх нь найз гэдгийг мэдээгүй байсан юм. Тэр нэг бол гараа нуруундаа авчихаад эсвэл элгээ эвхчихээд байсан болохоор харилцаж болохгүй хана үүсгэсэн мэт санагдаж байв. Тэгснээ дараа нь их л эелдэг нөхөрсөг болж хувирсан. Тэр чухам ямар учраас ингэж тэнэглэснийг би ойлгоогүй.
Эцэст нь ССАЖЯ-наас гэрээг дахин шинээр бичих, гэрээг байгуулах үед гэрчээр байлц хэмээн “Blue Wolf”-ийг томилсон юм. Гэрээг казах хэлээр дахин бичих ч бай, түүнийг батлахад мэргэжлийн хуульч гэрчээр оролцох болсон ч бай, эцэст нь өнөөх нэг ам.долларын төлбөрийг л гол нь анхаарах ёстой. Би болоод зүрх сэтгэлтэй хүн бүр шударга ёсыг хүсч, энэ хэрэг дээр дуу хоолойгоо гаргах ёстой гэж бодож байна. Дараагийн удаа хууль ёсны зөв гэрээ хийх байх л гэж найдъя.
Харин энэ хооронд Ашер аль хэдийнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан ирээдүйд гарах киноныхоо DVD-г худалдан авах захиалгаа өгөөрэй хэмээн уриалаад эхэлж.
Оттогийн хувьд Сандэнс, Канн гээд олон зах зээлд киногоо гаргахаар оролдож байгаа аж. Харин Алпай “Мөнгө өгөхгүй бол кино хийлгэхгүй” хэмээн хэлж байсан юм. Үнэхээр ч үүнийг тэр л шийдэх эрхтэй. Хэрэв Отто, түүний зүй бус гэрээний тухай хэн ч анзаараагүй, олж мэдээгүй бол хэмээн бодохоос би тэнд байж, болсон үйл явдлын гэрч болсондоо баяртай байгаа.
Харамсалтай нь, гэрээг дахин байгуулахад “Blue Wolf”-ийг орчуулагч зуучлагчаар сонгосон нь буруу алхам болсон мэт санагдана. Тэд гэрээг дахин хийхээр Алпайг сумын төв дэх оффистоо авчрахдаа Цэрэнг “солиотой” хэмээн ярьж, түүнээс урвуулахыг илтэд хичээж байсан юм.
Алпай, Айшолпан хоёр зураг авалтын үеэр үнэхээр хичээж ажиллаж байсан. Бүргэдээ яаж нисгэхийг нь хүртэл зааварлаж, тэд ч үнэхээр сайн жүжиглэж байв. Отто Алпайг гараа хөдөлгө гэж зааж, Айшолпанд “арай чанга” гэж хэлж байснаас харвал энэ кино зохиолгүй боловч, аав охин хоёр тэнд жүжигчний үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой байсан. Отто Айшолпаныг бүргэдийн баярт түрүүлсэн цомоо сургууль дээрээ аваачиж, ангийнхандаа үзүүлээч гэж хүсэхэд Айшолпан татгалзсан. Гэвч Отто кино багийнхандаа “Юмыг яаж мэдэхэв, цомыг нь аваад яв” гэж хэлж байхыг сонсоход хэтэрхий албадсан юм шиг санагдсан. Тэд киноны зургаа бараг 20 гаруй цаг авч байсан. Отто хэлэхдээ ирэх өвөл /арваннэгдүгээр сард/ зураг авалтаа дуусгахаар Ашерийг Монгол руу дахин явуулна гэж байсан. Энэ нүүдэлчин гэр бүлд ирээдүйн их алдар нэр яаж тусахыг хэн мэдэх билээ. Айшолпанаас том болоод ямар хүн болохыг хүсч байна гэж асуухад сувилагч болно гэж хэлсэн юм. Түүний хүсэл биелээсэй л гэж хүсч байна даа.