Кори хэмээх энэ хүү таван наснаасаа жигнэмэгийн бизнес хийж эхэлжээ. Одоо тэр бизнесээ хийгээд даруй таван жилийн нүүр үзэж, энэ хугацаанд ээжийгээ "хөөрхөн" цалинжуулж ирсэн төдийгүй хоёр жилийн өмнө компаниа байгуулжээ. "Ноён Коригийнх" хэмээн нэрлэсэн түүний компани одоо долоо хоногтоо 1000 ширхэг жигнэмэг худалдаалдаг болж. Тэр бүгд гэрт хийсэн, хүнсний нэмэлт бодис ороогүй, органик орцтой, эрүүл жигнэмэг хэмээн Кори бүтээгдэхүүнээ сурталчилдаг.
Сарын өмнөөс телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр Коригийн тухай нэвтрүүлгүүд олноор гарч, тэр одоо бараг л од болоод байгаа. Түүний Инстаграмд 33 мянган дагагч бий бөгөөд тэд Коригийг бизнесээс гадна хувцаслалт, загварын мэдрэмжийг нь сонирхсондоо түүнийг дагажээ.
Корид бизнес эхлэх санаа маш энгийн, амьдралаас урган гарчээ. Нью-Йоркийн Бронксоос Нью-Жерсид нүүж ирсний дараа ээж нь машингүйгээс түүнийг сургуульд нь хүргэж өгч чаддаггүй, дандаа автобусанд суудаг байж. Өвлийн хүйтэнд автобусаар явах хэцүүг өөрийн биеэр ойлгосон хүү юуны түрүүнд ээжийгээ машинтай болгохоор шийджээ. Ингээд тэр гэрийнхээ гадаа халуун какао зарж эхэлсэн байна. Яваандаа тэр ээжийнхээ хийсэн жигнэмэгийг халуун какао дээрээ нэмж зарах болсон нь Коригийн бизнесийн үндэс болжээ. Тэрээр жигнэмэгийн бизнес нь сайн байгааг мэдрээд ээжтэйгээ интернэтээс олон төрлийн жигнэмэгийн жор суралцаж, тэндээс өөрсдийн хийдэг нэрийн жигнэмэг хийх аргаа олжээ.
Одоо ингээд тэднийх шоколадтай, сахаргүй үзэмтэй, самрын тостой гэх мэтчилэн жигнэмэгүүдийг гэрийнхээ гал тогоонд үйлдвэрлэх болж. Одоохондоо бизнес нь жижигхэн учир ээж нь бүх үйлдвэрлэлээ дангаараа хийдэг. Кори өөрөө насанд хүрээгүй болохоор ээждээ туслаж чадахгүй, зөвхөн зарах үүрэгтэй аж. Тэрээр ээжийгээ долоо хоногийн 15 доллараар цалинжуулж байгаад сүүлдээ 10 ам.доллараар цалинг нь нэмжээ. Тэр бас хүслээ биелүүлж ээждээ машин "авч өгсөн". Гэхдээ яг ч худалдаж авсан юм биш. Түүнийг алдарт хөтлөгч Эллен өөрийн ток шоундаа урих үеэр цоо шинэ фордыг ээж хүү хоёрт бэлэглэсэн юм. Түүгээр ч барахгүй 10 мянган доллар хийсэн мөнгөний шилэн сав ч өгчээ.
Кори бизнес нь амжилттай байгаа шалтгааныг бүтээгдэхүүнээ танилцуулах чадвар гэж үздэг. Бас тэдний жигнэмэг амттай байдгийн нууц нь "хайр" хэмээх нууц жортой хэмээн хүү телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
Кори одоо хувийн бизнесээс гадна "Ralph Lauren", "Tommy Hilfiger" зэрэг нэртэй брэндийн хувцсыг сурталчлах моделийн үүрэг давхар гүйцэтгэдэг болж. Тэрээр угийн мэдрэмж сайтай, орчин үеийн хувцасладаг болохоор энэ брэндүүд Кориг онцлон моделио болгожээ. Түүнийг ийм гайхалтай хувцаслахыг хараад хүмүүс ээж чинь ингэж зөвлөсөн үү хэмээн гайхдаг ч ээж нь хариуд нь "Та нар намайг хар л даа.Харин ч би түүнээс зөвлөгөө авдаг шүү" хэмээн хэлдэг гэнэ.
Кори 10-хан настай гэхэд маш том хүсэл зорилготой. Тэрээр нэр хүндтэй Принстоны их сургуульд сурах мөрөөдөлтэй бөгөөд аль хэдийнэ тус сургуулийн холбогдох хүмүүстэй яриад өөрт нь тэтгэлэг өгөх талаар бодолцож байхыг санал болгож амжжээ.