Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд 5.8 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийнэ

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар энэ оны наймдугаар сарын байдлаар манай улсад  ашигт малтмалын  2782 лиценз байна. Үүний 1351 нь ашиглалтын, 1431 хайгуулын лиценз юм. Дүгнээд үзвэл нийт нутгийн 7.6 хувьд нь ашигт малтмалын лиценз олгоод байгаа юм.  Манай улс энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.2 тонн алт, 583 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Монгол Улсын ДНБ өнгөрсөн онд 17.5 их наяд төгрөг болжээ. Үүний 3.2 их наяд буюу 18.4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байдаг. Иймд уул уурхайн салбар манай эдийн засгийн гол тулгуур болоод буй билээ.

Уул уурхайн салбар өргөжихийн хэрээр олборлолтод өртөж буй газар нутгийн хэмжээ нэмэгддэг. Энэ онд   274 лиценз эзэмшигч компани Ашигт малтмалын газарт уулын ажлын төлөвлөгөө, тайлан  гарган өгчээ. Гэвч одоогоор 69 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үлдсэн лиценз эзэмшигчид нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, усны дүгнэлт гараагүй, ашигт малтмалын зах зээлийн үнийн уналт, хөрөнгө оруулалт нь бага зэрэг шалтгаанаар ажиллаагүй байна.

Энэ онд улсын хэмжээнд нийт 976 га талбай ашигт малтмалын олборлолтод өртөнө. Үүний 685 га талбайд нь нөхөн сэргээлт хийнэ гэж Ашигт малтмалын газраас мэдэгдэж буй.  
Үүнээс гадна манай улсад уул уурхайн олборлолтод өртөж нөхөн сэргээлгүй хаягдсан 4.7 мянган га талбай бий. Уг талбайг улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээх, лиценз эзэмшиж  олборлолт хийсэн аж ахуйн нэгж, эзнийг нь тогтоож арга хэмжээ авна гэж Уул уурхайн яам мэдэгдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хийх, байгаль орчин хамгаалах талаар дэвшилд хүрчээ. Жишээлбэл, өнгөрсөн онд 685 га талбай уул уурхайн олборлолтод эвдэрсэн. Энэ талбайн 621 га-д нь нөхөн сэргээлт хийжээ. Мөн нөхөн сэргээлтэд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ ч жил бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд нөхөн сэргээлтэд 2.6 тэрбум гаруй төгрөг зарцуулсан тооцоо бий. Тэгвэл энэ жил 5.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.  


Тосонгийн үйлдвэр  аялал жуулчлал, жимсний аж ахуйн бүс нутаг болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “BGR” буюу ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, “Монполимет” групп хамтарч  “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн есдүгээр хурлыг зохион байгууллаа.  Энэ хурлын үеэр “Монполимет” группийн Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайг үзэж  туршлага солилцов. Тус компани  Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших  Тосонгийн гольдрилын болон дэнжийн ордоос алт олборлож буй юм. 

Уурхай ажиллаж буй нутаг нь  ургамал газарзүйн мужлалаар Евро-Азийн шилмүүс ой, нуга хээрийн их муж, чийглэгдүү хэв шинжийн Дорнод Азийн муж, Орхон-Туулын  нам уулсын тойрогт хамаардаг ажээ. Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангайн уулт их муж, Орхон Туулын савын бэсрэг уулсын муж, Орхон- Ерөө голын тойрогт багтдаг.   Иймд уулын сул хөгжилтэй хар хүрэн ба хар шороон хөрстэй юм. Нөхөн сэргээлт хийсэн талбайд 23 овгийн 59 зүйл ургамал бүртгэгджээ. “Монполимет” группийн алт олборлож буй  ордод нийт 722 га талбай өртөнө. Одоогийн байдлаар 645 га-д техникийн 433 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Эдүгээ биологийн нөхөн сэргээлт хийгээд байгаа талбайгаас 2008, 2009 онд алт олборлож байв. Энэ талбай нь Туул голоос 20-50 метр зайтай бөгөөд драг ашиглаж олборлолт хийжээ. Тэгэхдээ голын урсгалд оролгүй хиймэл нуур үүсгэж олборлосон аж. Гэтэл урт нэртэй хууль батлагдаж гольдролын ордоо ашиглах боломжгүй болсон байна. Ингээд уг хуулиар тогтоосон хамгаалалтын бүсэд хамаараагүй Дэнжийн ордоо ашиглаж буй юм.

Туул голын тохойгоос алт  олборлосон талбайгаа нөхөн сэргээхдээ бэлчээрийн олон наст ургамал, мод бут тарьсан байна. Тухайлбал, улиас, шар хуайсны төгөл байгууллаа.  Мөн саман ерхөг, соргүй согоовор, хиаг, ботууль зэрэг бэлчээрийн үетэн ургамал, шар царгас тарьжээ. Бас нутгийн иргэдийн хүсэлтээр үхрийн нүд, чацарганы бут суулгасан байна. Ингээд өнгөрсөн жилээс үр ашгаа өгч эхэлсэн аж. Жимсний модны энэ төгөлд үхрийн нүд мянга, чацаргана 415  ширхэгийг  суулгаад буй юм. МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан  “Голын тохойд олборлолт явуулсан ч нөхөн сэргээхдээ эргүүлээд байгалийн унаган төрхөнд оруулсан нь харагдлаа. Нөхөн сэргээлтийг ингэж л хийх хэрэгтэй. Энэ нь олон компанид жишиг болж сурах зүйл их байгааг харууллаа. Монголчууд бид эх орныхоо баялгийг ашиглаж, алтыг нь аваад авдрыг нь хаялгүй унаган төрх байдалд нь оруулж чаддаг болсон нь эндээс тод харагдаж байна” хэмээж байв. “Монполимет” группийн байгаль орчны мэргэжилтнүүд “Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж хөрсний шинжилгээг тогтмол хийдэг. Бид нэг га талбайг нөхөн сэргээхэд 16 сая төгрөг зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл олборлолт хийж ухсан нүхээ тэгшилж дээр нь мод, ургамал тарихад дээрх хэмжээний мөнгө зарцуулж буй юм. Ер нь нэг га талбайг нөхөн сэргээхэд 20-25 кг ургамлын үр ашиглаж байгаа. Мод, олон наст ургамал үржүүлгийн хүлэмж байгуулсан. Манай компани 2005 оноос мод үржүүлж байна. Энэ мод үржүүлгийн газартаа Канадын саваа хэлбэрт бургасыг нутагшуулан ургууллаа. Мөн  Увс аймгийн Боршоо болон Хөндлөнгийн голоос  цагаан бургас, унгараль, найлзуурт бургас, удлиг бургас, сарнайдуу бургас үржүүлэх болсон. Бид  одоогоор навчит, бутлаг болон жимсний мод нийлсэн 14 төрлийн 18 зүйлийн мод үржүүлж  байна” хэмээв.  Өнгөрсөн жилийн байдлаар 183 га талбайд зургаан км урт дөрвөн хэсэг модны төгөл байгуулжээ. Одоогоор Туул голын тохойд тарьсан модод 7-8 настай 4-6 метр өндөр ургасан аж.  Жишээлбэл төглүүдэд  улиас 24060, хайлаас 3700, Канадын саваа хэлбэрт мод 16760, бургас 9100 ширхэг тариад байна.  Ингээд  нийт 60 мянган ширхэг  мод    ургуулжээ.

Энэ онд 227 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийнэ. Үүнд 10-12 төрлийн бэлчээрийн олон наст ургамал тарих аж. Мод үржүүлгийн газар нь 160 мянган ширхэг суулгац тариалж нөхөн сэргээлтэд ашиглахад бэлэн болсон байна. Цөөрөм үүсгэж  алт олборлож байсан газартаа 2001 онд 16 га талбайд хиймэл нуур хийжээ. Энэ нуур нь Туул голтой газрын хүйсээр холбоотой, дороосоо ундрагатай  юм. Ус нь бохирдохгүй байнга сэлбэгддэг тул олон төрлийн загас  үржиж байна. Тухайлбал  зэвэг, алгана, цурхай, цулбуурт гэх мэт загастай юм. Уг хиймэл нуурыг 2011 онд хийсэн Монгол орны усны тооллогоор усны мэдээллийн санд бүртгэн авчээ. Нуурын усанд жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий ирж өндөглөөд үр төлөө бойжуулдаг болжээ.  Иймд уурхай хаагдсаны дараа  аялал жуулчлалын бүс нутаг болгох, жимсний аж ахуй байгуулах боломж бүрдэж байгаа аж. Эцэст нь хэлэхэд нийгмийн хариуцлагатай, нөхөн сэргээлтээ чанартай хийдэг, уурхайн хаалтын төлөвлөгөөтэй компани олон төрөөсэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан