“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” есдүгээр бага хурал өчигдөр боллоо. Уг хурлаар уул уурхайд өртөж буй байгаль орчны асуудлыг хэрхэн шийдэх, нөхөн сэргээх талаар ярьж буй юм. Энэ хурлын үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзав. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ажлын албаны дарга С.Бүрэнтогтохоос алт олборлолт, байгаль орны талаар тодрууллаа.
-Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг нь алт. Энэ онд хэдий хэмжээний алт олборлох боломж байна вэ?
-Алт үйлдвэрлэгчдийн холбоо гишүүдийнхээ дунд судалгаа хийж хэдий хэмжээний алт олборлох талаар тооцоо гаргасан. Уг судалгаагаар энэ онд алтны шороон орд ашиглаж буй компаниуд нийт 10 орчим тонн алт олборлох бололцоотой гэж үзсэн.
-Алтны шороон ордын нөөц дуусч буй гэдэг. Одоо хэдий хэмжээний нөөц үлдээд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд гэнэтийн ашгийн болон өсөн нэмэгдэх орлогын татвар, урт нэртэй хуулийн нөлөөгөөр алт олборлолт буурсан. Дээр нь хайгуулын лиценз олгохыг хориглосон. Ингээд алтны нөөц нэмэгдээгүй. Одоо тогтоосон нөөцөө олборлоод дуусч байна. Тэгэхээр шинээр батлагдсан Ашигт малтмалын хуулиар олон компани алтны хайгуулд хөрөнгө оруулж эдийн засагт орж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх байх гэж найдаж байна. Манай улсад одоогоор шороон ордын 50, үндсэн ордын 90 орчим тонн алтны нөөц үлдээд байгаа юм.
-Энэ нөөцийг хэдий хугацаанд олборлож дуусах бол?
-Манай улс 2005 он хүртэл 23 тонн алт олборлож байв. Гэтэл хууль эрх зүйн орчноос шалтгаалж өнгөрсөн оны байдлаар зургаан тонн алт олборлосон. Тэгэхээр хууль эрх зүйн орчин ямар байхаас алт олборлолт ихээхэн шалтгаална. Нөгөө талаар хууль бусаар алт олборлох нь тулгамдсан асуудал болоод байна. Хууль бусаар хил давуулж худалдаалж байгаа алтны далд наймаа үүнтэй холбоотой. Өнөөдөр алтны хууль бус худалдааны систем манайд бүрэлдэн тогтсон гэж хэлж болно. Үүнд төр засаг анхаарлаа хандуулж дорвитой хяналт тавьж, тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
-Алт олборлогчид байгаль орчин сүйтгэлээ гэсэн маргаан хамгийн их дагуулдаг. Байгаль хамгаалах талаар ямар ажил хийж байна вэ?
-Манай улсад Ашигт малтмалын газраар алт олборлогч 75 компани уулын ажлын төлөвлөгөөгөө гарган өгч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Үүний 45 компани нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад ажиллаж байна.
-Нөхөн сэргээсэн талбайд орон нутгаас нь хариуцаж авсан компаниуд олборлолт хийгээд байна гэдэг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Тийм. Энэ бол урт нэртэй хуулиас үүдэн гарч буй том асуудал. Уг хуулиар албан ёсоор зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг хориглосон. Тухайн үед тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд нөөц тогтоосон байдаг. Ийм мэдээлэл байгаа тул нөхөн сэргээлт хийхээс илүү хууль бусаар олборлолт хийгээд байна. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын асуудлыг УИХ нэн дариу хэлэлцэж шийдэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр нөхөн сэргээлт хийж буй компаниудын үйл ажиллагаанд БОНХЯ, МХЕГ анхаарал, хяналт тавих ёстой гэж үзэж байна.
-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд ашиглах хөрөнгө тусгай санд байршуулдаг. Үүнийгээ ашиглаж чаддаггүй гэсэн яриа бий. Энэ үнэн үү?
-Ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниуд Байгаль орчныг хамгаалах санд барьцаа мөнгө төвлөрүүлдэг. Тэгэхдээ тухайн жилд байгаль орчны менежментэд тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийнхээ 50 хувийг уг дансанд байршуулдаг. Энэ дансанд төвлөрүүлсэн мөнгийг Засгийн газар, холбогдох яамны шийдвэрээр байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ санд хэдэн төгрөг төвлөрүүлж аваад хэрхэн зарцуулсан, ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудыг нөхөн сэргээлт хийхэд нь буцааж олгосон эсэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтээ хийсэн компаниудад уг санд төвлөрүүлсэн мөнгийг нь буцааж олгож буй нь эргэлзээтэй юм.