Эх орныхоо эзэн нь л юм бол эдийн засгаа босгоод ирнэ ээ гэх итгэл, үнэмшлээр өнөөгийн Засгийн газар богино хугацааны хөтөлбөр дэвшүүлсэн. Одоо ч бүгд мэддэг болж дээ, “ЭЗЭН-100” хэмээгчийг. Парламентын чуулган дамжин батлагдсан өдрөөс нь тооцоод үзвэл наймдугаар сарын 5-ны энэ өдөр 100 хоног дуусах дөхөж л байгаа. Анхандаа монголчууд Ерөнхий сайд Н.Алтанхуяг багаараа оройхон хөдөлж, ширүүхэн дайраад сөхөрч гүйцсэн эдийн засгаа сэп хийтэл өргөөд босгочих нь гэж горьдсон. Гэтэл тэд ажлаа эхлүүлсэн даруйдаа арагшаа сууж, нүхээ ухаж эхэлсэн. “Гуравхан сарын хугацаанд эдийн засаг эрчимжих үү” гэж асуунгуут л “Юу гэж гуравхан сар байх вэ дээ, ажлын 100 хоног шүү дээ” хэмээсэн. Ингэснээр нөгөөх бие багатай ч зорилго томтой хөтөлбөр 20 долоо хоног хэрэгжихээр болоод суначихаж буй юм. Бараг таван сар. Үүгээр барагцаалаад үзвэл УИХ-ын намрын чуулган эхлэх тэр цагт л ЭЗЭН хөтөлбөр өндөрлөх бололтой.
Нийгэм, олон нийт, сэтгүүлч миний бие ч ялгаагүй Эдийн засгийн эрчимжлийг нэмэх 100 хоног эхлэхэд их зүйл хүсч, хүлээж, гоёор төсөөлж байв. Хамгийн эхэнд ам.долларын ханш тэр үед тэвэрт багтдаг болж, тэнгэрээс бууж ирнэ. Тэгснээр зах зээл, нийгэм аяндаа тайвширч, дахиж валютад дээрэлхүүлэх цөвүүн цаг нүүрлэхгүй. Аливаа зээлийн болон хадгаламжийн орчин сайжирч, эдийн засгийн цус болсон мөнгөний урсгал хэвийн горимдоо шилжинэ.
Түүний дараа л эдийн засгийн маань царай шингэрээд, гэрэлтээд л ирэх болов уу гэж. Харамсалтай нь, өнөөдөр хамаг найдлага алдарч, хувиа борлуулж, довоо шарлуулж явах минь гэх бодол төрдөг боллоо. Яагаад. Яагаад гэвэл миний, таны, бид бүгдийн, бизнес эрхлэгчдийн төдийгүй ажил хийж амьжиргаагаа залгуулж буй хүн бүрийн алдсан зарлага, үүрсэн хохирлыг бид л өөрсдөө барж туулахаас Засгийн газар ганц хурууны ч нэмэр болохгүй. Ямар сайндаа “ЭЗЭН хөтөлбөр бол эдийн засаг эрчимжих суурийг тавих ажил болохоос 100 хоногтоо өндийлгөөд ирнэ гэсэн үг биш” гэж эхний тав хоног ч өнгөрөөгүй байхад араа хамгаалсан шүү дээ. Тэгэхээр ард түмэн бид ЭЗЭН гэдэг хөтөлбөрт найдаад суувал намар болоход “Чиний тэнэгийн гай, хохь чинь” гэдэг үг л өөртөө хэлж суух вий.
Инфляцын түвшин улсад 14.6 хувь
Монголбанк саяхан бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргаснаа хэлсэн. Тэр тайлбартаа ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляц 2014 оны зургадугаар сарын эцэст улсын хэмжээнд жилийн 14.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.1 хувьд хүрлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байна. Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал хэвээр байна” гэсэн юм.
Энэ мэдэгдлийг гаргадаг зөвлөлд Монголбанкны ерөнхийлөгчөөс гадна 13 хүн багтдаг. Бараг бүгд л эдийн засгийн чиглэлээр хувийн болон улсын хариуцлагатай алба хашдаг, туршлагатай хүмүүс. Тэдний хувьд арай л дэндлээ гэсэн цагт л бодлогын хүүг нэмэхээс биш таатай нөхцөл байдалд бодлогын хүүг хэвээр нь үлдээх юм уу, буулгах арга хэмжээ авдаг. Төсөв хэмээх төлөвлөгөөт мөнгөн дүнгээр зах зээлийн эрүүл мэндийг тандах боломжтой атал хамгийн их гай болж буй зүйл нь төсвөөс гадуурх мөнгө. Төсвөөс гадуурх хэрнээ төсөвтэй адил төстэй их мөнгө. Хамгийн тод жишээ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаа. Эдийн засгийн хөгжлийн яаманд шууд харьяалагддаг энэ газрыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын туслахаар ажиллаж асан Н.Мөнхбат гэдэг залуу толгойлдог. Бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй 888 төсөл шалгаруулж, түүнийгээ санхүүжүүлнэ гээд л сууж байдаг хүн. Яг үнэндээ тэгш тоотой тэр олон төслөөс тордоод тордоод амь орох нь арав хүрэхгүй дээ гэх нэгэнтэй ч таарч байлаа. Уг нь, эдийн засгаа Засгийн газар нь бүрэн мэдээд, төсвөө УИХ нь чанд хянаад, мөнгөний нийлүүлэлтээ Монголбанк нь бүрэн хараад байж чаддагсан бол гуравхан сая хүн амтай Монгол Улсад хөгжил тун ойрхонсон. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд “Мөнгөний бодлогын энэхүү шийдвэр нь төсвөөс гадуурх санхүүжилтийг оруулсан нэгдсэн төсвийн зохистой бодлоготой хамт хэрэгжих нь илүү үр дүнтэй байна” гэж сануулсан. Энэ бол Засгийн газарт, УИХ-д хандаж хэлсэн үг гэхэд болно. Товчхондоо, төсвөөс гадуурх санхүүжилтүүдээ тооцоолол, төлөвлөгөөндөө тусгадаг болчихооч ээ л гэдэг санаа юм. Илүү тодорхой хэлбэл Н.Батбаяр сайд туслах залуугийнхаа толгойг илж, дураараа мөнгө зарцуулдгийг нь хазаарлаач ээ гэсэн үг.
Хамаг хүндрэлийн эхлэл болсон ам.долларынхаа нөөцийг хэрхэн нэмэх вэ гэж эдийн засагчид тархиа гашилгах зуур эсрэг талд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүлий дүмбэ оргиж суух. Тэрээр “Миний ахлах зөвлөхийг сайн ажиллаж байтал хэлмэгдүүлж хорилоо, хатуу тэмцэнэ” хэмээн шударга үнэнг тогтоохоор явна. Хуультай улсад шударгаар амьдрахыг бусдад үлгэрлэе гэж бодож суугаа бол “Тэмцэнэ, Гансүхээ өмөөрнө” гэж ганц хүний араас хөөцөлдөж, бусадтай хэрэлдэхийн оронд өнөөх хөтөлбөрийнхөө хэрэгжих явцыг хянаж, цагдаж, ташуурдаж байвал хэрэгтэйсэн. “ЭЗЭН 100” хөтөлбөр дуусах тэр цаг дор ам.доллар үйлдвэрлэгч АНУ мөнгөний бодлогоо хатууруулах сураг гарч эхэллээ. Энэ бол тэнгэрийн оронд заларсан валютын ханшийг сансрын уудамд чулуудаж болзошгүй хүнд мэдээ. Гэтэл Засгийн газар Л.Гансүх гэдэг хүний л төлөө ажиллаж суугаа нь үнэн юм. Нэг бол тэр хүнээр дамжуулж шинэчлэлийн Засгийн газрынхны шийдсэн нууц асуудал, өөр юу ч юм илэрчих гээд байгаа. Эс бөгөөс эрхэм сайдуудад энэ эдийн засаг үнэндээ падлийгүй болохоор тоохгүй суугаа хэрэг гэж харах хоёрхон л гаргалгаа үлдлээ.
Тэд 100 хоногийн дотор бүгдийг хийнэ гэснээ “Биш ээ, таван сар” гэж хугацаагаа сунгасан. Таван сарын дотор эдийн засаг эрчимжих нь үү гэтэл “Үгүй ээ, эрчимжих суурийг нь тавина” гэж бултсан. Яг үнэндээ аливаа зүйл тэгээс эхэлдэг. Суурийг тавьж байж барилга босгодог нь үнэн боловч суурь цутгаж эхэлсэн л бол тэр барилгын ажил эхэллээ гэсэн үг. Үүнтэй агаар нэгэн байдлаар эдийн засгийг эрчимжүүлэх суурийг тавих ажилдаа орлоо гэдэг нь эрчимжлийн их аяны дохио дуугарлаа гэсэн санаа. Барилгын суурийг сайн цутгасан уу, үгүй юу гэдгийг хараад, шалгаад мэдэж болдог бол эдийн засгаа сайжруулах суурийг сайн хийсэн үү, үгүй юу гэдгийг цэгнэх ямар нэгэн шалгуур байхгүй. Тэгэхээр Засгийн газар ажлын 100 хоногийн дараа юу ч хийгээгүй мөртлөө “Эдийн засаг эрчимжих суурь шүү дээ” гээд ам таглахад бид толгой дохиод хоцрохоос өөр сонголтгүй.
Улстөрчдөд найдаад хэрэггүй
Одоо яадаг билээ. Ганц л зам байна, амь амиа бодох. Нэгэнт “ЭЗЭН 100” гэдэг хөтөлбөр “Зүгээр л 100 хоног” хэмээх шоу болсон тул дор бүрнээ амиа хоохойлж суухаас өөр сонголт алга. Эдийн засаг хэт халуурч, хохирол их, бага хэмжээгээр гарахад цалин авч, нийгмийн даатгал тушааж, зээл төлж суугаа жирийн иргэд л лайг нь үүрч үлдээд улстөрчид арилаад өгнө. Ер нь, манай улсад улстөрчдийн буруу шийдвэрт нь хариуцлага тооцох ямар тогтолцоо байна вэ. УИХ-ын гишүүн бол хамгийн сайндаа л эргүүлж татах бололцоотой, гэвч өнөөдрийг хүртэл ашиглаагүй. Албан тушаалтан бол түүнээс нь буулгах боломжтой ч түүнээс урьтаад өчнөөн тэрбум төгрөгийн хуйвалдаан хийгээд амжсан байдаг тул шийтгэл биш шагналын амралт болоод дуусна.
Ер нь, энэ улстөрчид утгаа алдаж дууссаныг тэр дотор суугаа арай эрүүл ухаантай хүмүүс нь л зориглож хэлэх юм. Жишээ нь, Засгийн газар огцрох ёстой гэдэг үгийг монгол хэлээр хэлж суугаа Р.Амаржаргал гишүүн байна. Түүний хувьд эдийн засгаа эмчилье, эдгээе гэвэл бодлогын толгойд суугаад буруу тийшээ жолоо мушгиад байгаа сайд нарын бүрэлдэхүүнийг л хамгийн эхэнд тараах хэрэгтэй аж. Үнэн хэрэгтээ юу баталж, ямар хууль дэмжиж, эсэргүүцэж байгаагаа ялгаж таньдаггүй УИХ-ын гишүүдийг ч шинэчилбэл зохилтой санагдана. ЭЗЭН 100 хэмээх үл бүтэх, үлгэрийн санааг дуу нэгтэй дэмжиж, баталж байгаа парламентаас цааш цаашдаа улс орныг хөгжүүлэх тулхтай шийдвэр гарна гэж найдах нь тэнэглэл. Түүний эсрэг талд, сөрөг хүчин болж шахаж, шаардах үүрэгтэй МАН-ын гишүүдэд ч итгэхэд бэрх. Эзэн хэмээх нэрний эсрэг Ард гэдэг үг бодож олсон нь маркетинг, шоуны сайхан санаа болохоос мань мэтэд өгөөж өгөх ганц ч акцент байхгүй. АРД 100 гэдгээс нь авч хэлэлцмээр ганцхан зүйл байгаа нь “Эрх баригчдад хариуцлага тооцно” гэдэг үгс. Гэвч сөрөг хүчин сонгуулиар бут цохиулсан шокноосоо гарсны дараачаас л эрх баригчдыг огцруулна, тараана, түйвээнэ, зогсооно, буулгана гэж үглэж, жагсаал хийж, тэмцэж ирснийг мартаж болохгүй. Тэднээс үр дүнд хүрч, зорилгоо биелүүлсэн нь нэг ч үгүйгээс харахад АРД 100 хөтөлбөр ч амжилтад хүрэхгүй мэт санагдана.
Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр зуун хоногийн маршрут дуусах дөхсөөр, амь амиа бодоорой...