Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатартай ярилцлаа.
-Зах зээлийн төвлөрөлтэй холбоотойгоор сүүлийн үед захын дүүргүүдийн хүн ам эрчимтэй өсч байна гэсэн судалгааг хотын мэр танилцуулж байна лээ. Хоттой 36 км ойр Налайх дүүргийн хувьд хэр олуулаа болсон бэ?
-Статистик дүнгээр дүүргийн хүн ам 5000 гаруй хүнээр нэмэгдсэн. Гэхдээ дийлэнх нь суурьшихаасаа илүүтэй улирлын чанартай ажил хийчихээд буцдаг нүүдлийн шувуу шиг л байх юм. Манайд бүх аймгаас ирж ажилладаг. Зуны цагт малаа оторлох үедээ тоосгоны үйлдвэрүүдэд ажиллаж, хэдэн төгрөгтэй болоод буцдаг хүмүүс байна. Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй учраас зах зээл хаана байна, тэнд л хүн суурьшина. Буруу өгөх хэцүү. Манай нутгийн хүн биш гээд хөөж туух ёсгүй шүү дээ.
-Одоо Налайх дүүрэгт хэдэн тоосгоны үйлдвэр байгаа вэ?
-Өмнө нь 22 тоосгоны үйлдвэрт 2000 хятад ажилладаг байсан. Өнгөрсөн жил 280 болж буурсан. Өмнө нь, үйлдвэрийн удирдлага нь ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгө төлдөггүй байсныг төлүүлж, Хөдөлмөрийн алба, нийгмийн даатгал, татвар, халамжийн байгууллага хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхийн сацуу ус, газар ашигласан гээд улсад төлөх ёстой төлбөрийг нь төлүүлдэг болсон. Манай Налайхад хэдэн тоосгоны, цементийн нэг үйлдвэр л үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрийг л үйлдвэр гэж хэлэхгүй бол үндсэндээ үйлдвэр байхгүйтэй адилхан. Нийслэлийг 70 жил нүүрсээр хангасан Налайхын уурхай хаагдсанаар Монголд ганц байсан шил, шохойн завод ч хаалгаа барьж, иргэдийн амьдрал хэцүүдэн хувиараа нүүрс олборлодог болсон түүхтэй. Ямар ч хөдөлмөр хамгааллын дүрэм, журам баримталдаггүйгээс жилдээ 20 хүн нас бардаг үе байлаа.
-Нэг үе ч Налайхын амьдрал хэцүү байснаас хувиараа нүүрс олборлон амьдралаа залгуулдаг хүн олон байсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэггүйгээс харамсалтай үйл явдал гарч байсан шүү?
-Тийм. Уул уурхайн яам, нийслэлийн захиргаатай хамтран замбараагүй олон нүүрсний амыг хааж, журамлан хүмүүсийг нь мэргэшүүлж, сургалтад хамруулснаар осол эндэгдлийг 60 хувиар бууруулсан. Ажлын маань ч үр дүн гарсан. Хэдий осол эндэгдлийн тоо 20-оос 6-7 хүн болж буурсан ч, бас л их. Тэр хүмүүсийн ард эхнэр хүүхэд, ээж, аав нь байгаа шүү дээ.
-Ер нь, сүүлийн үед бичил уурхай гэж их ярьдаг болсон. Энэ чиглэлээр нь хөгжүүлбэл нийгэм, эдийн засагт болон орон нутагтаа ч зүгээр юм биш үү?
-Бид Засгийн газрын тогтоолын дагуу бичил уурхай хөгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтрах талаар ажиллаж үзсэн л дээ. Тэд ирж үзээд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэйгээс гадна зарлага ихтэй юм байна гэдэг. Тэгэхээр нь нөхөрлөлийн гэрээгээр ашигт малтмалын А лицензтэй эрх бүхий 10 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хууль дүрэм журмын талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
-Одоо ч олон хүнийг хоолтой нь залгуулж буй Налайхын уурхай маань хэр их нөөцтэй юм бэ?
-Судалгаагаар уурхайн үлдсэн нүүрсний нөөц 50 тонн сая гэсэн. Гэхдээ хүмүүсийн ухаад байгаа нь ашиглаад үлдээсэн жижигхэн цооног л доо.
Тэрнээс биш нүүрс олборлодог хүмүүс нөөц рүү нь орж чадахгүй. Яагаад гэвэл, шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй бол тэр нөөцийг ашиглана гэж байхгүй. Ер нь, жилээс жилд уурхайн өнгөн хэсгийн нүүрсний нөөц багасч байгаа л даа.
-БХБЯ, нийслэлээс Налайх дүүргийг ганц уурхай гэлгүй барилгын түүхий эдийн ордод нь түшиглэн барилгын материалын үйлдвэрлэл, ложистикийн төв болгоно гэж яриад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Энэ ажил тодорхой үе шаттайгаар явж байгаа. Бид эхний ээлжинд газрын асуудлаа шийдсэн. Ямар дэс дараалалтайгаар хийх дүрэм, журмыг нийслэл дээр боловсруулж байгаа. Бидний хувьд манай дүүрэгт барилгын материалын төв байгуулах нь зөв зүйтэй мэт санагдах ч, хотын иргэд нүүгээд ирчихвэл хэдэн хүнээ яаж ажилтай болгох вэ гэдэг л асуудал байна. Тиймээс зүүн зүгийнхнийг барилгын материалаар хангах зориулалттай ложистик төв байгуулбал манай иргэд ажилтай болно. Тэрнээс биш нийслэлийн иргэд суурьшчихвал хүн амын тоо өсөхөөс биш Налайхын унаган иргэдийн ажилтай болно гэсэн горьдлогын хувь багасана. Яахав, ложистикийн төвийг дагаад барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Зөв зүйтэй асуудал.
-Түрүүн та Монголд ганц байсан шил, шохойны завод Налайхад байсан гэлээ. Барилгын материалын үйлдвэрлэлийн төв болгон хөгжвөл энэ үйлдвэрүүдийг авч явах боловсон хүчин байна уу?
-Шилний үйлдвэрийн хувьд хүмүүстэй ярилцаж байна. Гадаад, дотоодын компанийн удирдлагатай хамтран ажиллах талаар санал солилцож байгаа. Гэхдээ хараахан ажил хэрэг болчихоогүй. Юу юуны туханд хүрэлгүй хэвлэлээр дэлгэчих мэдээлэл ч алга.
Гэхдээ Михайлд нэг бодол бий гэдэгчлэн байлгүй яахав. Болох талаас нь үзнэ. Налайхын иргэд ажилтай, орлоготой болох ёстой учраас энэ олон хүний ажил, амьдралыг хариуцдаг хүний хувьд хийж, бүтээх ёстой гэж боддог.
-Налайх дүүргийн газар нутаг их ээлтэй юм. Нүүрс, шохой, шил гээд барилгын материалын түүхий эд ихтэй. Эдгээрээс өөр ашигт малтмал бий болов уу?
-Болор, алт, зэс гээд бүх л юм байна. Гэхдээ бид газраа ухахаасаа илүүтэй толгойдоо мэдлэг хийх нь чухал. Өнөөдөр хойч үедээ баялгийг нь авсан газар нутаг өгөхөөсөө илүүтэй толгойгоо, хоёр гараа ажиллуулах нь чухал гэж ойлгодог. Тэрнээс манайд ийм тийм ашигт малтмал байна гэж зарлавал болохгүй юм байхгүй. Мөнгөтэй хүмүүс нь ирээд ухаад онгичоод л хаячихна. Энэ бол хөгжил биш.
Харин толгойдоо мэдлэг хуримтлуулан түүнийгээ ашиглах нь Налайх дүүргийн иргэдийн хөгжил.