Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын эртний цанын тухай

Монголчууд бидний өвөг дээдэс нэн эртнээс ангийн аж ахуй эрхлэн аж төрж байгаад дэлхийн бусад ард түмнүүдтэй нэгэн үед Мезолит буюу Дундад чулуун зэвсгийн үед 15000-7000 жилийн тэртээгээс малыг гаршуулж гэршүүлсэн ба монгол орон бол дэлхийн мал аж ахуй үүссэн гурван том голомтын нэг юм. Хүрэл зэвсгийн үед буюу 4000 гаруй жилийн орчимд бидний өвөг дээдэс нүүдлийн мал аж ахуйтай болжээ.

Хүн төрөлхтөний нэн эрт ба эртний түүхийг өөрөөр хэлбэл бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн түүхийг судлахад археологийн дурсгал хосгүй их ач холбогдолтой байдаг. Тэдгээрийн нэг том төрлийн дурсгал болох Хадны сийлмэл (хонхойлон цоолборлосон) дурсгалаар Монгол дэлхийд хамгийн баялаг орон болох нь Монголын болон гадаадын археологчдын хийсэн судалгаагаар батлагдаж байна. Бидний археологчид Монгол Улсын нутгаас хадны зургийн хэдэн зуун дурсгалыг нээн судлаж энэ чиглэлээр 30 орчим эрдэм шинжилгээний суурь бүтээлийг туурвиж Монгол, Орос, Солонгос, Франц, Итали зэрэг оронд нийтлээд байна. Монгол орон тэр дотроос Монгол Алтай, Говь-Алтайн нуруу болон тэдний салбар уулс хадны зургийн дурсгалаар нэн баялаг билээ. Энэ удаа бид Монгол Алтайн зүүн сугаас эх авч урсах Бага Ойгор голын саваас олдсон цанатай анчны зургийн тухай товч өгүүлье.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан салаа, Бага ойгор голын нийлэх уулзвараас доош ( зүүн тийш ) 10 км орчимд Бага Ойгор голын хойт талын уулын өвөрт буй нэгэн өвөлжөөнөөс урагш зүүн урагшаа харсан жижиг хадны хажуу хавтгайд эл зургийг цоолборложээ. Энэ зургийг 1998 онд Ц.Пүрэвдорж анх олж илрүүлсэн юм.

Хаднаа хорь гаруй нугачаа бүхий сүрлэг том эвэртэй хар хурдаараа дүүлэн давхиж, анчнаас амь тэмцэн зугатаж байна. Түүний араас ар бүсэндээ том хоромсого зүүсэн, цана хөлөглөсөн анчин эрийг жижиг нумаа онилон тэхийг харвахаар завдаж байна. Ийм хэлбэрийн зүймэл наалтгүй нум Хүрэл зэвсгийн үед өргөн тархсан байдаг. Анчин дээш ээтийсэн урт хошуутай цана хөлөглөн хөлөө өвдгөөр нь үл мэдэг нугалан ихэд хүчлэн нумаа онилон татаж байна. Тэдний доод талд сүрлэг том хоншоортой азарган нохой том чихээ хумайлган хоёр хөлөө хамаг байдгаар нь тэнийлгэн харайж янгирын доод талаас хашиж шахан өгчээ. Анчин, янгир, нохой гурвын харайж давхиж буй хөдөлгөөнийг маш чадмаг гаргаж  дүрсэлжээ. Иймээс зураг бүхэлдээ ихэд бодит амьд мэт болсон бөгөөд хадны сийлмэл зургийн хосгүй гайхамшигт бүтээл болж чаджээ. Ази, Европын хадны зургийн урлагт үүнтэй төстэй цана хөлөглөн нохойтой, нум сумаар ан хийж буй сэдэвтэй иймэрхүү зураг миний мэдэхэд урьд олдож мэдэгдээгүй төдийгүй түүний зохиомж, урласан арга барил хөдөлгөөнийг илэрхийлсэн зэрэг нь үнэхээр хосгүй юм. Бага ойгорын хадны энэхүү зураг нь Монгол нутагт эрт цагт оршин сууж байсан бидний өвөг дээдэс хүрэл зэвсгийн үед цана хэрэглэж байсны хөдлөшгүй үнэтэй чухал баримт юм. Магадгүй түүнээс өмнө чулуун зэвсгийн үед ч цана хэрэглэж байсан байж болох талтай. Зураг бүхэлдээ 40х35 см хэмжээтэй.

Монголчууд 13-р зууны үед цана хэрэглэж байсан тухай Иран угсааны Рашид-ад-дин-Хамадани (1247-1318)-ны удирдан Монгол, Иран зэрэг орны түүхчдийн хамтран зохиож Перс хэлээр туурвисан “Судрын чуулган” зохиолд Монголын “Ойн Урианхай аймаг”-ийнхан хэрхэн цана хэрэглэж байсан тухай сонирхолтой мэдээ тэмдэглэн үлдээжээ. “Тэдний нутагт маш их уул, ой байдаг, цас их ордог учир өвөл их цасанд өдий төдий шувуу агнадаг. Тэд цана гэдэг тусгай банз хийгээд дээр нь зогсон, сураар жолоо хийж (банзны урд үзүүрт бэхлээд) гартаа таяг барин усаар хөлөг онгоц явуулах адил таягаар газар тулан цасан дээгүүр (гулсан) явдаг. Тэд цанаараа тал, тэгш газар, газрын уруу өөд хурдлан уулын үхэр бусад амьтдыг гүйцэн алдаг. Тэд унасан цананаасаа өөр цана уян чирж, түүн дээрээ алсан шувуугаа ачдаг. Түүн дээрээ хоёр, гурван Ман (Иранд хэрэглэдэг хүндийн хэмжээ)  ачсан ч ялихгүй хүч гаргахад  цасан дээгүүр хөнгөн гулсан явдаг. Энэ талын мэдлэггүй, туршлагагүй хүн гүйх юм бол уруу буух, хурдан явах юм бол хөл нь салж алцайдаг. Сурсан хүн бол маш амархан гүйдэг. Нүдээр үзээгүй хүн ч итгэхгүй. Лалын эзний сонорт энэ мэдээ хүрч, тэр орноос хэсэг хүн авчир гэж тушаажээ. Тэд дурдсан аргаар хийсэн байна. Тэр нь үнэн болохыг нотолсон байна. Одоо үед хоёр дахийг хийг гэж тушаажээ. Туркестан, Могулистаны ихэнх нутагт цаныг мэддэг, ялангуяа түүний тухай Баргужин төхүм нутагт Хори, Хиргис, Урасут, Теленгут түмэн төсөөлөлтэй байдаг учир нь тэдгээр нутагт энэ аргыг хэрэглэдэг юм. Тэд дурдсан угсаатан тэр журам, зан үйлээ гуйвалтгүй дагаж ойд байнга суудаг” гэж дурдсан байна.
Энэхүү баримтаас үзэхэд 13-р зууны үед Монгол нутагтаа амьдарч байсан Ойн урианхай болон бусад аймгууд цаныг зөвхөн унаанд хэрэглэж ан гөрөө хийдэг төдийгүй тээврийн хэрэгсэл болгон ачаа тээдэг байсан ажээ. Түүгээр ч барахгүй Лалын эзэн Ираны хаан тэднийг аваачин цана хийлгэж байсан нь Монголын Ойн иргэдийн амьдрал ахуйнхаа шаардлага хэрэгцээгээрээ сэдэж бүтээсэн техникийн дэвшлийг цана мэддэггүй нутгийнхан үнэлэн үзэж, тэднийг аваачин цана хийлгэж байжээ.

Энэ зурвас мэдээ дундад зууны Монголын аж ахуй, ан агнуур, үйлдвэр¬лэл, хөсөг тээврийн хэрэгсэл, биеийн тамирын болон гадаад харилцааны түүхэнд ч чухал ач холбогдолтой ховор сонин баримт болж чадна.
Доктор, профессор Д.Цэвээндорж
dtseve@yahoo.com  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан