Хоёр уушгиндаа хүнд хэлбэрийн хатгаатай эмнэлэгт ирсэн нэг сартай бяцхан охин ээжийнхээ хамт орцны жижүүрийн давчуу амбаарт мэндэлснээсээ хойш амьдарчээ. Эмч энэ охинд шаардлагатай эмийг гаднаас авчруул гэхэд нь “Манай нөхөр ажлаа тараад орой авчирна” гэж ээж нь хэлсээр гурван өдрийг өнгөрөөв. Эцэст нь хөөрхий эмэгтэй хамт хэвтэж байсан бүсгүйд эм авчирч өгөх нөхөр байтугай эргэж ирэх хамаатан садангүй болохоо ярьжээ. Тэрээр хоёр ч удаа гэрлэж гурав дахь хүүхдээ төрүүлсэн нь энэ. Хоёр томыгоо асрамжийн газарт өгсөн. Охиноо ч мөн өгөх бодолтой байгаа гэнэ. Өөрөө ажил хийж орон гэртэй болчихвол хүүхдүүдээ авна даа гэх. Анхны нөхөр нь архи ууж агсам тавих тул аргагүйн эрхэнд хоёр тийш болж. Харин удаах нь хөл хүнд байхад орхиод явжээ. Зүрх зүсэгдэм сонстох авч ийм зовлонт бүсгүй ганц нэгээр дуусахгүй нь өнөөгийн нийгмийн үнэн төрх болов. Төрөлт жил ирэх тусам 10 орчим хувиар нэмэгдэж манай улс удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөх нь гэхийг баярын мэдээ болгон авч, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхэв гэгчээр мөнгө хүртэл амласан.
Хүсэн хүлээсэн гурван сая дахь иргэд маань хэвлийд байхаасаа хүчирхийлэлд өртөж, өнчрөлийн зовлон амсчих вий гэх айдас хэнд ч бодогдсонгүй. Харамсалтай нь, өнөөдөр өрх толгойлсон эмэгтэй манай улсад албан бус эх сурвалжаар 100 мянга даваад байгаа бол тэдний гар дээр 400 мянга орчим хүүхэд өсч торниж байна. Орь ганцаараа хүүхдээ тээж, төрүүлээд өсгөнө гэдэг амаргүй даваа. Адаглаад л хүүхэд өвдчихвөл эмэнд гүйгээд өгөх, ээлжилж элгэндээ тэврээд эдгээгээд өгөх эцгийн сэтгэл юу юунаас илүү үгүйлэгдэх нь гарцаагүй. Бие давхар, нялх биетэй ээжүүд ажил хийх боломжгүй тул эдийн засгийн хувьд нэг хэсэгтээ л нам сууна. Ядаж байхад хүүхдийн эм тариа живх хувцас, сүү гээд мөнгөний асуудалд өдөр бүр шанална. Ийм байдалд хүргэсэн эцэг нь харин үртэй гэдгээ ч мартан өөр бүсгүйг хүзүүдэх нь олонтаа.
Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдийн эцгээс цалингийн тодорхой хувийг нь тэтгэмж болгон авч болох ч эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь ямар нэг шалтгаанаар ийм тэтгэмж авч чаддаггүй байх юм. Арга ч үгүй биз. Нялх хүүхэдтэй хүн шүүх цагдаагаар нэхэмжлэл гаргаад явахад нэгдүгээрт цаг завгүй, хоёрдоод хэл ам хийхээс ч жийрхэнэ. Эцгээс нь мөнгө нэхэмжилж амьжиргаандаа зарцуулъя гэхэд “Хүүхдэд минь муу юм тохиолдвол яана” гэх нь ч бий. Дааж давшгүй ачааг нуруундаа үүрч үр хүүхдээ гэх эхийн сэтгэлээр элгээ дэвтээж яваа эдгээр бүсгүйн 80 гаруй хувь нь ядуу, үүний дотор 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна.
Ээжүүдэд зориулсан цахим группт эцэггүй хүүхдээ өсгөх гэж зовж буй бүсгүйчүүдийн бичвэр хэд хэд байх юм. Хоёр сартай хүүхэдтэйгээ Сар шинийн баяраар эгчийнхээ гэрт байсан тухайгаа нэг ээж бичжээ. Баяраар аав ээжийнхээ нүүрийг улалзуулахгүй гэсэндээ, хүүхдийн чинь аав хаана байгаа юм бэ гэх хамаатан садны асуултаас бултсандаа тэр гэнэ. Улс даяараа баярлаж байхад үрээ тэврээд гуниглах... Өөр нэг бүсгүй жирэмсэн байхдаа найз залуугаасаа салж хүүхдээ хоёр нас хүртэл нь ганцаараа өсгөжээ. “Түрээсийн байранд амьдардаг болохоор амьдрал хүнд байна. Хүүхдийнхээ эцгээс мөнгө гуйсан нь дээр үү эсвэл ганцаараа гүрийсээр байх уу“ гэх асуулт тавьсан байх юм. Энэ бүхнийг эргэцүүлбэл жилд мэндэлж буй 70 орчим мянган хүүхдийн хэдийг нь элэг бүтэн амьдрал тосоо бол. Санаснаас их тоо ч гарч мэднэ.
Эмэгтэй хүн сөхөрч унахад эх орон дагаад унахгүй яах билээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай дээдчүүл олонтаа ярьж, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын тоо ч талийж өгсөн. Харамсалтай нь үр дүн өөрчлөлт алга. Төрөөс тэтгэмж тусламж өгнө гэхээсээ илүүтэй хүүхдийн эцэгтэй хатуухан хариуцлага тооцдог тогтолцоог бий болговол зүгээрсэн. Гэр бүлийн тухай хуулиар бус хүчирхийллийн эсрэг хуулиар шийтгэж яагаад болохгүй гэж. Эх үр хоёрыг эдийн засаг, эрүүл мэндийн хүнд дарамтад оруулж, ирээдүйг нь харанхуйлсан тэр хүн хүчирхийлэгч биш гэж үү. Эр хүн бүр орхиод гарсан үр хүүхэд надад бий бил үү, хөл хүнд байхад нь хаяад явсан найз бүсгүй бий бил үү гэж боддог болтол дорвитой хөдөлгөөн өрнүүлж яагаад болохгүй гэж.
Өнөөдөр сайхан амьдарч үр хүүхдээ хайрлан жаргаж суугаа байж болох ч үлдээгээд явсан өөдсийн чинээ үр чинь өөр нэг газар бий бил үү, бодоорой.
Эцэст нь “Аав аа та намайг, би ч таныг танихгүй ээ. Гэхдээ л үгүйлэх юм таныгаа” гэх цөөн үгийг олон мянган хүүхдийн өмнөөс аав нарт нь илгээе. Айлын хүүхдүүд аавдаа эрхэлж байгааг хараад харцанд нь гайхашрал атаархал бас гуниг дүүрээд ирэх тэр хүүхдийн аав нь та биш биз.