Украинд хэдэн сар үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн олон хүний аминд хүрч, улс орныхоо эдийн засгийг сүйрүүллээ. Улс орон ард түмнийхээ төлөө хэмээн амлаж тангараг өргөдөгч эрх мэдэл, хувийн ашиг сонирхлоосоо хэтэрдэггүй улстөрчдийн алдаа юунд хүргэдэг хийгээд эцэст нь тэд хэрхэн бултдагийг өнөөгийн Украин, 2008 оны Монголын үйл явдал харуулж байна. Монголд 2008 оны долдугаар сарын 1-нд, Украинд 2013 оны аравдугаар сард жагсаал ерийн л тайван замаар эхэлсэн юм. Гагцхүү эрх мэдэл, албан тушаалдаа хоргодож, үнэнээс айсан улстөрчид түүнийг нь эмх замбараагүй байдал болгон хувиргаад эцэст нь цус урсган дарах гэж оролддог нь яг адилхан үйл явдал байв. Өгүүлэх нь.
Украин 2014 он
Украинд өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал-Майдан ялалтад хүрч тус улсын Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь зайлуулан ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр парламент Дээд Радагийн спикер Александр Турчиновыг томиллоо.
Украины Дээд Рада аравдугаар сард Украиныг Европын холбоотой эдийн засгийн хэлэлцээр хийхийг болиулж, ОХУ-аас 15 тэрбум долларын зээл авах хэлэлцээрийн ширээнд суухаар шийдвэрлэснийг эсэргүүцэж Европын талыг баримтлагчид нийслэл Киевт эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлсэн.
Тэд тус улсын парламентын улс байсан үеийн 2004 оны Үндсэн хуулийг сэргээх мөрдөх, Ерөнхийлөгч Януковичийг огцруулах шаардлага тавьсан.
Монгол 2008 оны долдугаар сарын 1.
Энэ бүхэн 2008 оны долдугаар сарын 1-нд манайд болсон эмх замбараагүй байдалтай яг л ижил өрнөсөн юм. 2008 оны УИХ-ын сонгууль маргаантай болж сонгогчдын бодож байснаас огт өөр дүн гарснаас үүдэж сонгогчид энэ бүхнийг асуухаар тухайн үеийн МАХН, өнөөгийн МАН-ын байрны өмнө цугларсан. Жагсагчид уг нь энэ бүхний учрыг тайлбарлаж өгөхийг л МАХН-ын дарга, Ерөнхий сайд Санжийн Баяраас шаардсан юм.
Януковичийн хүлээцтэй хандлага
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович харин ч сөрөг хүчнийхэнтэй удаа дараа хэлэлцээрийн ширээнд сууж тэдний Сөрөг хүчний удирдагч Виталий Кличког Ерөнхий сайд, Яценюкийг Ерөнхий сайдын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч болгох санал тавьж байлаа. Хамгийн сүүлд хоёрдугаар сарны 18-наас сөргөлдөөн ширүүсээд ирэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулахыг хүртэл хүлээн зөвшөөрсөн юм.
Санжийн Баярын хатуурхал
Харин С.Баяр бол сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш албан өрөөндөө бүгж байлаа. Түүнийг гарч ирж сонгуулийн дүнгийн талаар тайлбар хийхийг жагсагчид шаардсаар байсан ч тэр царайгаа ч цухуйлгаагүй. Харин дараа нь тэр “Би намын байрандаа хамгийн сүүлд ганцаараа л үлдсэн” гэж мэдэгдэж байлаа. Тэр ердөө л албан тушаалаа алдахаас үхтэл айж байсан юм.
Янукович сөргөлдөөнийг аллага болгов
Украины Ерөнхийлөгч Янукович сөрөг хүчний шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарахаар оролдож эхэлсэн нь хүчний байгууллага, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсгэж жагсагчид болон цэрэг цагдаагийн нийлсэн 80 гаруй, зарим эх сурвалжаар 100 орчим хүний амь нас үрэгдэж бараг 1000 орчим хүнийг бэртэж шархдахад хүргэсэн юм. Хамгийн сүүлд тэрээр тусгайгийн “Беркут” хүчнийхнийг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
С.Баяр “Онц байдал” тогтоохыг шаардаж хүний аминд хүрсэн
“Онц байдал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр удаа дараа шаардаж байсан” гэж тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Ингэснээр цагдаагийнхан энгийн номхон жагсагчид руу гал нээж таван хүний аминд хүрсэн.
Харин С.Баяр маргааш өглөө нь таван хүний амь үрэгдсэнд харамсч байгаагаа илэрхийлэхийн оронд намынхаа шатсан байшингийн араас гашуудан мөргөж, цагдаагийн удирдлагад “Байшин шатаасан хүмүүсийг олж хатуу хариуцлага тооц” гэсэн үүрэг өгч байлаа.
Виктор Януковичийн сүйрэл
Эхнээсээ л хатуурхаж, замд нь зарим буулт хийсэн ч Украины Ерөнхийлөгч Виктор Янукович эцэст нь 2004 оны Үндсэн хуулийг сэргээн хэрэглэх, Ерөнхий сайд асан Тимошенког шоронгоос суллах, Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах буулт хийлээ. Гэсэн ч парламент дахь түүнийг дэмжигч Бүс нутгийн намынхан түүнээс нүүр буруулснаар Дээд Рада түүнийг огцруулж парламентын спикер Александр Турчиновыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 28-нд явуулахаар шийдвэрлэв.
Санжийн Баярын харгислал
Харин манай Санжийн Баяр бол эрх мэдлээсээ үхэн хатан зууралдаж, Ерөнхий сайдын суудалдаа шигдэж байгаад долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон хүмүүсийг мөрдөн мөшгиж шийтгэсэн юм. Жагсагчдыг Дэнжийн мянган саатуулах төвд хорин нийтдээ 200 орчим хүнийг шүүхээр шийтгэсний дотор насанд хүрээгүй хүүхэд ч байсан.
Виктор Янукович зугтаахад хүрлээ
Ийн улс орноо сүйрэл рүү хөтөлсөн Украины Ерөнхийлөгч Виктор Янукович эцэстээ хаана байгаа нь мэдэгдэхгүй болж тансаг орд харшаа хаяад Оросын ивээлд орохоор зугтаасан тухай бичиж байна. Эхлээд түүнийг их хэмжээний ачаа тээш аваад өөрийнхөө харшаас нисэх гэсэн ч онгоцонд нь хил давах зөвшөөрөл өгсөнгүй. Тэгээд эцэст нь Крымээс Оросын байлдааны хөлөг онгоцонд сууж зугтах гэлээ гэж бас бичиж байна. Юутай ч тэр Украинд байх нүүргүй болсон гэдгээ ухамсарлаж.
Санжийн Баяр бол хөрөнгөө зузаалж аваад зугтсан
Санжийн Баяр бол таван хүний амь нас эрсэдсэн, хэдэн зуун хүн шоронд орсон хариуцлагаас зугтаж, сөрөг хүчнээс айхдаа хамтарсан Засгийн газар байгуулан Ерөнхий сайдын суудалдаа шигдэн өөртөө хөрөнгө хуримтлуулсаар л байлаа. Эцэст нь үнэнд гүйцэгдэж муу муухай нь сөхөгдөөд ирэхээр намын нөхөртөө албаа өгөөд гадаад руу зугатсан. Дэлхий дахинаа жагсаал цуглааныг цус урсган дарсан дарангуйлагчид ээлж дараалан зохих шийтгэлээ хүлээж байгааг харсан тэр Ерөнхий сайд байхдаа гадаадад гарах бүхий л бэлтгэлээ хангасан байсан юм