УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хүсэлтээр парламентын гишүүнээсээ татгалзахаар өргөдлөө өгсөн нь шуугиан тариад байгаа. Түүний асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэх юм. Тиймээс тус байнгын хорооны дарга А.Бакейгаас энэ талаар тодрууллаа.
-Танай байнгын хороо Р.Амаржаргал гишүүний өргөдлийг хэзээ хэлэлцэх вэ?
-Эрхэм гишүүн хуульд заасан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байна. Хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Өргөдөл өгснөөс хойш төд хоногийн хугацаанд хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт зохицуулалт байдаггүй. Тиймээс ирэх оны төсвийн төслийг баталсны дараа хэлэлцэх байх гэж бодож байна.
-Ирэх оны төсвийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батална. Тэгэхээр ирэх баасан гарагт хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг хэлэлцэх байх.
-Р.Амаржаргал гишүүн өргөдөлдөө 6.6.3-т зааснаар гэж үндэслэлээ тайлбарласан байсан. Энэ нь чухам ямар заалт вэ?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн заалт. Ямар шалтгаанаар гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж байгаагаа хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрөө тайлбарлах байх.
-УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргээс Р.Амаржаргал гишүүн сонгогдсон. Түүнийг хүсэлтийг хүлээж авбал тухайн тойрогт нөхөн сонгууль явагдах уу?
-УИХ-ын гишүүний өргөдлийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхи өргөдлийг нь дэмжвэл 14 хоногийн дараа нөхөн сонгуулийн тухай яригдана.
-АН гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй байна гэж тэрээр удаа дараа хэлж байсан. Тэгэхээр хариуцлага нэхэж уг өргөдлийг гаргасан байх. Тойргоос сонгогдсон хүн олон мянган сонгогчоо хөсөр хаяж, ийм шийдвэр гаргах нь хүндэтгэх шалтгаанд тооцогдох үндэслэл мөн үү?
-Хүндэтгэх шалтгаан гэдгээ хэрхэн тайлбарлахыг хэлж мэдэхгүй байна. Тэрээр энэ тухай өргөдөлдөө тодорхой бичээгүй, хуулийн заалтыг л бичсэн байсан. Тойргоос сонгогдсон гишүүдийн цаана маш олон сонгогчийн хүндэтгэл байгаа. Хэдийгээр улс төрийн үүднээс дээрх шийдвэрийг гаргаж буй ч сонгогчдын саналыг бас харгалзаж үзэх байх. Нөгөөтэйгүүр намын хамт олны хүрээнд ч яригдах асуудал юм.
-УИХ-ын гишүүнээсээ энэ мэт татгалзаж байсан тохиолдол өмнө нь гарч байсан уу?
-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм билээ. Ц.Шаравдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт тавихад гишүүд дэмжээгүй юм билээ. Тиймээс эцсийн шийдвэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргана.