Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн гэрээг сайжруулахгүй бол Засгийн газрыг огцруулна гэв

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Оюутолгой компанид Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд очиж “Рио-Тинто” компанийнхантай хэлэлцээр хийгээд ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ мэдээлэл нь хэтэрхий бөөрөнхий “тата-тунга” маягийн ямар ч тодорхой мэдээлэлгүй байсныг бие даагч гишүүд хэлж байна. Тиймээс энэ мэдээллийг олон нийтэд ил болгож, нээлттэй байлгахыг шаардаж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Оюутолгойн орд бол 45 сая тонн зэс, 1800 тонн алттай, мөнгөтэй, дэлхийд эхний гуравт орох том орд. Эрдэнэтийн ордоос хэд дахин их зэсийн агууламжтай. Тухайн үеийн Засгийн газар Оюутолгойн гэрээг маш муу байгуулсан. Муу байхаас ч аргагүй. Яагаад гэхээр тухайн үеийн Засгийн газар Айвэнхоу майнз компани, Монголын талд зөвлөгөө өгч байсан “Голдман сакс” гэдэг компаниуд ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм. Тухайлбал, “Голдман сакс” компани нь “Айвэнхоу лимитед” компанид хувьцаа эзэмшдэг нь илэрсэн. Тэгэхээр энэ гурав холбоотой байхад Монголын талд ашигтай сайн гэрээ болохгүй нь ойлгомжтой.
“Оюутолгой” компани НӨАТ төлөхгүй. НӨАТ-ын тухай хуулиар 10 сая төгрөгөөс дээш орлоготой байгууллага төлдөг учиртай. Гэтэл Оюутолгой компани алтнаас бусад ашигт малтмалд төлөхгүй. Мөн роялти буюу байгалийн баялаг ашигласны төлбөрийг 30 жилийн хугацаатай таван хувиар царцаасан байгаа юм. Өсөн нэмэгдэх роялтын хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэр 13 хувиар төлж байх жишээтэй. Бид хөршүүдтэйгээ ижил тэгш харилцах ёстой.
“Оюутолгойн” гэрээний 2.12 дугаарт найман жилийн хугацаанд татварын алдагдал нэрээр Аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь чөлөөлж байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т Бүтээн байгуулалтын хугацаанд нийт оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд нэг тэрбум төгрөгийг нь эргүүлэн өгнө гэсэн үг. Энэ бол Оюутолгой ийм хөнгөлөлтийг эдэлсэн болохоор хөрөнгө оруулалтынхаа зардлыг өсгөж, монголын талыг ашиггүй ажиллуулах зорилго тавьж байна.
Гэнэтийн ашигийн 68 хувийн татварыг ч энэ компани төлөхгүй гээд боддоо. Үүнээс харахад манай улс Оюутолгой төслөөс авч болох бүх зүйлээ алдсан. Олон тэрбум долларыг хөнгөлөлтөөр алдчихаад байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Оюутолгой компани аль болох татвар төлөх байдлаас зугтаагаад байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, УИХ-д өргөн бариад байгаа Алтны ил тод байдлын тухай хуульд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах тухай заалт орж ирсэн. Энэ нь таван хувийн роялтын татварыг төлөхийг 2.5 хувь болгосон. Үүнийгээ үндэслэлийг Оюутолгойн алтыг оруулж ирнэ гэж тайлбарлаад байгаа юм. “Оюутолгойн” алт чинь монголын алт. Гэтэл Монголын алтыг монголд оруулж ирэхийн тулд авах гэж байгаа мөнгөө багасгана гэдэг инээдэмтэй зүйл. Үүнийг жирийн монгол хүнд ойлгогдохгүй байна. Ирэх жил Оюутолгой 29 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлд нэг км алт 50 мянган доллар гэж тооцвол 1.5 тэрбум долларын орлого олно. Үүний таван хувь нь 75 сая доллар. Тэгэхээр тэр хуулийн төслийн заалтаар бол 37 сая долларыг чөлөөлөх гэж байна. Энэ бол зөвхөн ирэх жилийнх. Алтны олборлох хэмжээ жил ирэх тусам өснө. Гэтэл бид Урт нэртэй хуульд 170 гаруйхан тонн алтны тухай яриад л хэрүүл хийгээд байгаа. Гэтэл Оюутолгой компани 1800 гаруй тонн алтыг ухах гээд байна.
За яахав алтыг чөлөөллөө гэхэд экспортын орлого буурснаас валютын ханш өсчихөөд байна. Ирэх жил Оюутолгой компани Эрдэнэт үйлдвэрийн чинээ экспорт хийнэ. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээнд “Бүтээгдэхүүний экспорт борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулна” гэж заасан байгаа. Тэгэхээр монголруу валют орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл, хоёрдахь Эрдэнэттэй болсон мөртлөө валютын урсгал л Монгол руу чиглэхгүй нь. Тэгэхээр гэрээ хийсэн хүмүүс, хэлэлцээр хийж байгаа хүн үүнд маш сайн анхаарах ёстой. Энэ бүх орлогоо гадаадад хадгалбал олон улсын банк санхүүгийн байгууллага монголд орж ирэхгүй. Монголын баялаг ачигдаад гадаадад очоод хадгалагдах болчихоод байгааг анхаарах хэрэгтэй.
Түүнээс гадна УИХ-ын 57 дугаар тогтоолын өөрчлөлтийг одоо л хөндөх ёстой. Хөрөнгө нөхсөний дараа 50-иад доошгүй болгох өөрчлөлтийг хийх ёстой.
Оюутолгой-Рои-Тинто-Монголын Засгийн газар хоёрын хооронд байгуулсан гэрээнд “Оюутолгой Монголиа” гэдэг компанийн 66 хувийг гадагшаа өгөхөөр болбол Монголын талаас асууна. Харин 66 хувийг эзэмшиж байгаа “Туркис хилл ресорс” компанийн эзэмшиж байгаа 51 хувийг хэн нэгэнд зарахаар бол Монголын талаас асуухгүй байх заалттай. Тийм л эрсдэл байна. Айвэнхоу компанийн эзэмшиж байгаа 51 хувийг хаа нэгтээ зарахад л бид дагаад явах нь. Тиймээс үүнийг анхаарч, хэлэлцээрийн үед Риотинтогийнхон өмнө нь давтсан алдаагаа засах магадлалтай тул түүнийг нь бид анхаарч, өөрсдийнхөө алдааг засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монголын Засгийн газрын төлөөлөл Рио-Тинтогийн талтай хэлэлцээр хийж байгаа. Гэтэл өмчийн эзэн болсон монголын ард түмэн ямар ч мэдээлэлгүй байна. Энэ талаар УИХ, ард түмнээрээ хэлэлцэж байж шийдвэр гаргах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг яах гэж байгуулсан бэ гэвэл ирээдүйд маргаан гарвал зохицуулах гэж. Өнөөдөр хэлэлцээрт орж байгаа хүмүүс гэрээний аль заалтыг хэн зөрчсөн бэ гэдгийг яадаж бидэнд мэдээллэ учиртай. Миний ойлгож байгаагаар Хөрөнгө оруулалтын гэрээг Рио-Тинто зөрчөөд байна. 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардал гаргана гэж гэрээнд заасан мөртлөө одоо долоон тэрбум долларын хөрөнгө хийсэн гэж байгаа. Энэ нь ирээдүйд Монголын тал хүртэх хувь хэмжээ дур мэдэн бууруулсан хэрэг. Дээрээс нь 24 тэрбум долларын өрөнд оруулах гэж байгаа.
Бие даагчдын зөвлөлөөс гишүүдтэй хамтраад Ерөнхий сайдад бичиг явуулсан. Наймдугаар сард хоёр бичиг явуулсан, есдүгээр сарын 24-нд дахин явуулсан. Яагаад хариулт өгөхгүй байна вэ. Энэ бол Үндсэн хуулийг зөрчиж байна. УИХ-даа тайлагнах ёстой. Энэ янзаараа байвал Монголын ард түмнийг төлөөлж байгаа бие даагчдын зөвлөл Засгийн газрыг огцруулах дээрээ тулчихаад байна.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан