Нас тань 27 гарчихсан уу. Гэрлээгүй юу. Ийм бүсгүйчүүдийг Хятадад юу гэж нэрлэдэг гээч. “Үлдэгдэл”. Бүр ийм нэр томъёог төрийн төв хэвлэл нь гаргаж, хүнтэй суугаагүй 30 дөхөж яваа бүсгүйчүүдийг сэтгэлзүйгээр нь шахаж, нөхөрт гаргах бодлого барих болжээ. Үүнээс болоод ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун яваа бүсгүйчүүд хүртэл сэтгэл санааны дарамтад орох болсон байна.
Бээжингийн нэгэн радиод ажилладаг Хуан Юанюан бүсгүй хэдхэн хоногийн дараа 30 хүрэх гэж байгаагаа бодох тусам стресстэх болжээ. Учир нь, тэрээр одоо хүртэл ганц бие, найз залуугүй, гэр бүлийнхэн нь түүнийг хүнтэй суу гэж байнга шахамдуулдаг. Гэхдээ тэрээр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, биеэ даасан эмэгтэй. Цалин орлого ч сайтай, хувьдаа байртай, Хятадын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэгд магистрын зэрэг хамгаалсан, найз нөхдийн хүрээлэлтэй. Гэтэл түүн шиг бүсгүйчүүдийг “Үлдэгдэл” гэж нэрлэх. Өмнө нь түүнийг гэр бүл, найз нөхөд нь шахамдуулдаг байсан бол одоо телевиз радиогоор хүртэл янз бүрийн нэр хоч өгөөд, амар суулгахаа больжээ.
Ер нь, энэ нэрийг 2007 оноос Хятадын хэвлэлүүд хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр үеэс жендерийн тэгш байдал алдагдлаа, эхнэр олдохгүй хэдэн сая эрчүүд байхад хүүхнүүд нь хүнтэй суухгүй байна гэсэн шүүмжлэл гарч эхэлсэн юм.
Нэг хүүхэд бодлогын улмаас хятад гэр бүлүүд хүүхдийнхээ хүйсийг мэдэж байгаад үр хөндүүлэх нь түгээмэл болсон учир жендерийн тэгш байдал алдагдаж, хүн ам дунд эрчүүдийн эзлэн жин нэмэгджээ.
Хятадын Үндэсний Статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 30-аас доош насныхан дунд гэхэд эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ 20 саяар давсан байна. Энэ их тоо Хятадын эрх баригчдад цочроо өгч, улмаар ганц бие, нөхөрт гардаггүй бүсгүйчүүдийг шахах бодлого барьж эхэлсэн байна. Хэвлэлийн шог хошин зураг, нийтлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, судалгаа, мэдээ гээд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл бүрээр энэ тухай мэдээллийг цацах болжээ. Учир нь, одоо Хятадад 25-29 насны таван эмэгтэй тутмын нэг нь хүнтэй суугаагүй байгаа юм. Хамгийн сонирхолтой нь, энэ насны эрчүүд дунд гэрлээгүй үлдсэн залуус нь бүсгүйчүүдээсээ ч олон байдаг гэнэ. Гэтэл тэд яагаад хоорондоо суучихаж болохгүй байна гэвэл энэ их учиртай.
Хятадад, ер нь Хятад гэлтгүй хаа сайгүй эрчүүд гэрлэхдээ өөрсдөөсөө нэг шатаар дутуу бүсгүйчүүдийг сонгодог хандлага бий. Насны хувьд арай дүүмэд, боловсрол мэдлэгийн хувьд ч өөрөөсөө бага зэрэг дутмаг бүсгүйчүүдийг тэд эхнэрээрээ сонгодог. Үлгэрлэвэл “А” зэргийн эрчүүд “В” зэргийн бүсгүйчүүдтэй, “B” зэргийн залуучууд “C” зэргийн хүүхнүүдтэй. Цаашилбал “C” нь “D”-тэйгээ гэх мэтчилэн. Гэтэл энэ логикоор явбал “А” зэргийн бүсгүй хоосон хоцорчихоод байгаа биз. Тэдэнд зөвхөн “D “ зэргийн залуус л үлдчихээд байна. Тэгэхээр та өдий насны, биеэ даасан ганц бие бүсгүй бол өөрийгөө “А” зэргийнх гээд ойлгочихож болно.
Гэхдээ л “А” зэргийнх байлаа гээд бүхний дээд нь гэж ойлгож болохгүй. Улс орондоо тогтвортой сайхан гэр бүл үүсгэж, ирээдүйн өндөр боловсрол мэдлэгтэй, ген сайтай үр удмыг бүтээх эхчүүд ийнхүү залуу сайхан насаа ганцаар туулж байгаа нь улсын ирээдүйд, хүн ам зүйн бодлогод ч таарахгүй. Тэр тусмаа хэт олон хүн амынхаа генийг сайжруулах зорилготой байгаа Хятад шиг улсын хувьд мэдлэг боловсролтой чадвартай эрэгтэй, эмэгтэйг хооронд нь гэр бүл болгож, ирээдүйн сэхээтнүүдийг бэлтгэхийг яарч байгаа юм. Тиймдээ ч зарим муж, хотод ганц бие залуусыг хооронд нь уулзуулж танилцуулах ажил зохион байгуулдаг болжээ.
Чен бүсгүй Бээжин дэх хөрөнгө оруулалтын нэгэн компанид ажилладаг. Ажилдаа гаршсан тэрээр Бээжингийн амьдралдаа тун дуртай. Эцэг эх нь түүнээс алс хол өмнөд мужид амьдардаг бөгөөд сүүлийн үед бараг холбоо тасрах гэж байгаа гэнэ. Учир нь, тэрээр 38 настай, хүний ганц охин атлаа одоо хүртэл хүнтэй суугаагүй. Түүнийг ээж аав нь сүүлийн үед нутагтаа ирээд хэрэггүй гэдэг болсон бөгөөд өдий насанд хүрчихээд нөхөрт гараагүй хүүхэдтэй гэдгээ нутаг усныхандаа мэдэгдэхийг хүсдэггүй гэнэ. Найз нөхөд, хөршүүд нь элдвээр ярих вий гэж санаа нь зовсондоо хөгшин эцэг эх нь охиноо харалгүй удаж байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн хугацаанд эцэг эхийнхээ төрөл бүрийн шахалтад орж байжээ. Тухайлбал, энэ жилдээ багтааж хуримаа хийхгүй бол эцэг үрийн тангараг тасарна, хүнтэй суухгүй юм бол нэгмөсөн нутагтаа ирж, ээж аавтайгаа амьдар, зуучилж өгсөн залуутай нь суу гэх мэтээр түүнийг ээж аав нь янз бүрийн аргаар шахдаг гэнэ. Гэвч зуучилж өгсөн залуус нь сэтгэлд хүрсэн удаагүй бөгөөд хэвлэлүүдээр ч ийм эмэгтэйчүүдийг их голомтгой шилэмтгий гэж шүүмжилдэг байна. Харин Чений хувьд элдэв янзын шаардлага тавиагүй, ердөө л үнэнч, хариуцлагатай, хүнд хань болохоор хүнийг л хайж яваа гэдгээ ярьж байна.
“Хөөрхөн охидод хүнтэй суухын тулд боловсрол хэрэггүй. Тэд зөвхөн царай зүсээ тордоход л болно гэдгийг мэддэг. Харин гэрлэдэггүй, ердийн л царайтай бүсгүйчүүдийн хувьд боловсрол мэдлэгээ дээшлүүлж байж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэж итгэдэг учраас сурсаар, ажлаа хийсээр хамаг цагаа өнгөрүүлдэг. Гэтэл тэд магистр, доктор болж албан тушаал нь ахих тусам шарлаж буй сувд шиг нас нь явж байгааг мэддэггүй нь харамсалтай” хэмээн Хятадын нэгэн хэвлэлд бичжээ.
1986 онд АНУ-ын “Newsweek” сэтгүүлд гарсан нэгэн өгүүлэлд “40 насандаа хүнтэй гэрлээгүй эмэгтэйчүүдийн нөхөрт гарах магадлал нь террористуудын гарт амь үрэгдэх магадлалаас ч бага байдаг” хэмээн бичсэн нь тухайн үедээ ганц бие бүсгүйчүүдийн уурыг барж байв. Энэхүү үгэнд бухимдсан эмэгтэйчүүдийн гомдлыг “Newsweek” бүр хожим, 2010 онд тайлсан бөгөөд одоогоос гурван жилийн өмнө хийсэн судалгаагаар боловсрол мэдлэгтэй, ганц бие 40 насны бүсгүйчүүдийн гуравны хоёр нь нөхөрт гарсан байна гэдэг “баярт” мэдээ дуулгажээ.
Ер нь, түүхэн цаг хугацааны явцад эмэгтэйчүүдийн боловсрол, мэдлэг чадвар өндөрсөх тусам гэрлэх нас хойшилсоор байдаг гэдгийг судалгаа харуулж байдаг.
1950-иад оны үед хятад эмэгтэйчүүд дунджаар 20 наснаасаа өмнө хүнтэй гэрлэдэг байв. 1980 онд гэрлэх дундаж нас 25 болсон бол одоо 27 болж хойшилжээ. Эрчүүд ч бүсгүйчүүдийн гэрлэхэд тохиромжтой нас бол 27-гоос өмнө гэж үздэг болохыг санал асуулга харуулсан байдаг. Санал асуулгад оролцсон 10 эрэгтэй тутмын ес нь эмэгтэйчүүд 27 наснаасаа өмнө нөхөрт гарах нь зөв гэж хариулсан бол 60 хувь нь 25-27 бол яг тохирсон нас гэж үздэг байна. Харин ердөө нэг хувь нь л эмэгтэйчүүдийн эхнэр болох тохирсон нас бол 31-35 гэж хариулжээ.