“АПУ” ХХК-ийг удаа дараа далд сурталчилгаа хийж байгаа тул архи үйлдвэрлэх эрхийг нь цуцлах гэсэн дуулиан дэгдээд байсан. Учир нь, Тусгаар тогтнолын ордонд тоглож буй “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэсэн гомдол гарчээ. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу ШӨХТГ -аас ажлын хэсэг томилж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигт “АПУ” ХХК далд сурталчилгаа явуулсан эсэхийг тогтоохоор болсон байна. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд хэрэв далд сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нь түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүргүүлэх гэнэ. Түүнчлэн “I Love UB” хэмээх уралдаан нь “АПУ” компанийн үйлдвэрлэдэг Улаанбаатар гэх архийг сурталчилж байна гэсэн гомдол ч ирсэн гэнэ. Гэхдээ тус уралдааныг “Аврора Гет” гэх компани зохион байгуулж, “АПУ” компанитай ямар нэг байдлаар холбоогүй болохыг нь тогтоожээ. Харин 2010 оноос хойш “АПУ” компанитай холбоотой 26 зөрчил илэрсэн бөгөөд ШӨХТГ-аас эдгээрт нийт 51,6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Ер нь архи согтууруулах ундааг зөвхөн “АПУ” ХХК ч гэлтгүй бусад архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчид далд сурталчилгаагаар сурталчилж байгаа. Дээрх компаниудын талаар иргэд ШӨХТГ-т гомдол мэдүүлээгүй байна гэлээ.
Засварын газрынхан дуртай үнээ хэлдэг үе ард хоцорно
Вьетнам засварын газрууд засвар үйлчилгээний тодорхой тарифгүй тул амандаа орсон үнэ, ханшаа хэлж иргэдийг хохироодог болсоор нэлээд хэдэн жилийг үдэж байна. Энэ нь хэр бодитой, үндэслэлтэй болохыг ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч шалгажээ. Улаанбаатарт нийт 300 гаруй авто засварын газар үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл ирэх сарын 7-нд гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх авто засварын газар үнэ, тарифаа ил тавихыг үүрэг болгосон байна. Түүнчлэн эмийн сангуудыг ч хөнгөлөлт эдлэх эмийн жагсаалтыг гаргаж тавихыг даалгажээ.
Мэдээллийн үеэр тус газрын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
О.Магнай: Эрх мэдлийн дээр нийгмийн хариуцлага, ёс зүй байх шаардлагатай
-Өнөөдрийн хэвлэлийн хурал “АПУ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай гэж байсан шүү дээ?
-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой авдаг хоёр арга хэмжээ бий. Үүнд, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх. Энэ нь нэгээс гурван сарын хугацаатай.
Нөгөө нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох. Иймээс “АПУ”ХХК далд сурталчилгаа хийсэн гэдэг нь нотлогдвол тус компанийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ҮХАА-н сайдад хүргүүлнэ.
-Танай газрын зүгээс цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөөд байна?
-Яагаад Европт болон Монголд уудаг Кока Кола өөр өөр амттай байдаг вэ. Дээр нь, гадаадынхан стандартын шаардлага хангасан хүүхдийн живх хэрэглээд манайд импортолсон нь шаардлага хангадаггүй талаар маш их гомдол ирдэг. Энэ бүгдийг ойрын хугацаанд хийнэ. Европт зарагддаг стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Монголд борлуулах ёстой гэсэн шаардлагыг импортлогч нарт тавина.
Кока колагийн зүгээс албан ёсны тайлбар ирүүлсэн. Гэхдээ тэр нь хангалттай биш. Ойрын өдрүүдэд уг асуудлыг шийднэ. Ер нь Монгол Улсад мөнгө эрх мэдлийн дээр нийгмийн хариуцлага, ёс зүй хууль зайлшгүй байх ёстой.
-Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ тэнгэрт хадаж байгаа. Энэ тал дээр танайхаас дорвитой арга хэмжээ хэзээ авах вэ?
-Орон сууцны үнэтэй холбоотой гомдол бараг өдөр бүр ирж байна. Үүнтэй холбоотойгоор ОССК-тай хамтраад ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Тун удахгүй шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
-Бас таксины километрийн үнийн асуудал байна. Энэ тухайд?
-Такси компаниудтай холбоотой гомдол их ирдэг. Үнэ нь тодорхой бус янз бүрээр яваад байна гэж. Хувь хүн өөрийнхөө машинаар таксинд явж байгаа. Энэ тал дээр бид ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Харин тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ үзүүлж буй компаниуд үнэ нэмсэн бол манайд гомдлоо мэдүүлэх Арга хэмжээ авах хууль эрхзүйн орчин нь нээлттэй.