Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд өөрчлөлт орж түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсны үр дүнд хоёр жилийн хугацаанд Хүннү гүрний үеэс Богд хаант Монгол Улс хүртэлх он цагийг хамаарах 1751 ширхэг түүх, соёлын үнэт зүйлсийг алдагдахаас сэргийлж, гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох эрх бүхий байгууллагуудад шилжүүлээд байна.
Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан соёлын биет өвүүдээс 70 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг багтаасан үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд (2024.09.25) нээгдлээ.Тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаагийн албаны ажил биш,соёлын өвийг хадгалж хамгаалж олон нийтэд таниулах нь бүх байгууллагын өмнө хүлээсэн үүрэг. Бүгдээрээ хууль бус хулгайтай тэмцэж байж нийгэмд болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгөх ёстой. Тийм ч учраас манай музейн зүгээс олон нийтэд монголын соёлын өвийг дэлгэн таниулж сурталчлахаас гадна хууль бус хулгайтай тэмцэж байгаа зүйлтэй нэгдэж, хамтарч өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үзсэн. Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг “Аврагдсан өв” хэмээн нэрийдсэн нь ч утга учиртай. Цагдаагийн ажилтнуудын амь өрсөн цаг наргүй ажиллаж олсон түүх, соёлын дурсгалт зүйлсүүд ямар их үнэ цэнтэйг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон. Та бүхний хөлс хүчээр олсон эрдэнэс болгон монголын түүхийг нөхөж, манай музейн чимэг болон хадгалагдаж байгаа, удахгүй олон түмэнд дэлгэгдэнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.Үзэсгэлэнгийн нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулх газрын дарга Б.Даваацэрэн, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд болон бусад албаны төлөөлөл оролцлоо."Аврагдсан өв” үзэсгэлэн 9 дүгээр сарын 29 хүртэлх хугацаанд дэлгэгдэх бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг он цагийн дарааллаар түүвэрлэн тус албанаас каталог хэвлүүлсэн аж.