АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс орны нөхцөл байдлаас өмнө АН-ын дотоод асуудал ямар байгаа талаар танаас асуумаар байна. АН яагаад энэ байдалд хүрэв гэдэгт биш АН цаашид хэрхэх вэ. Ирэх парламентын сонгуулийн өмнөх намаа хэрхэн харж байна вэ. Энэ тухай яриагаа эхлэе?
- Манай нам зарим хүмүүсийн ойлгоод байгаа шиг хоёр хуваагдаагүй. Намаа сонгуульд дараалан ялагдуулаад үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээж огцорсон дарга нь үл мэдэгдэх шалтгаанаар өөрийгөө дарга гэж ахин зарлаад байна. Үүгээр ч зогсохгүй хуурамч тамга хийлгэж, улсын бүртгэлийн ажилтантай хуйвалдаж өөрийгөө даргаар бүртгүүлэх гэж оролдсон асуудал бий. Цаашлаад авлигын хэрэгт холбогдож шалгагдсан хүмүүс намын эрх мэдлийн төлөө хуваагдал үүссэн мэт харагдуулаад байна. Ардчилсан намыг хуваах сонирхол, явуулга хэн нэгэнд байвал шинэ залуу үе хэзээ ч уучлахгүй хатуу тэмцэнэ. Тийм зориг, мэдлэг боловсрол бүхий АН-ын ирээдүй болсон залуучууд олон байгаа шүү гэдгийг зориудаар хэлчихье. Намын анхан болон дунд шатны гишүүд нэг талдаа байгаа гэдгийг олон удаа нотолсон. Цаашдаа ч нотолно. Ардчилсан нам хүчгүй мэт харагдах нь эрх баригчдад ашигтай. Учир нь улс орны нөхцөл байдлаас үүдээд ард түмэн бухимдалтай байна. Улсын Дээд Шүүхийн увайгүй зарим шүүгч нар улстөрчдийн заавраар АН-ын нийт гишүүдээс сонгогдсон даргыг хоёр ч удаа бүртгэсэнгүй. Гэхдээ парламентад суудалтай, олон мянган гишүүд дэмжигчидтэй учраас бид хэзээ ч ухраагүй, ухрахгүй. Ирэх сонгуульд урьдын адил эв нэгдэлтэйгээр, Монгол Улсын иргэн бүрт чиглэсэн хөгжлийн бодлогоо дэвшүүлэн оролцох болно гэдгийг итгэл төгс хэлье.
-Та бол АН-ын залуу гишүүдийн төлөөлөл. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан. Ер нь Монголын улс төрд залуучуудын дуу хоолой, оролцоо, хэр хүрч, тусаж байна вэ ?
-Улс төрд хөгшин залуугийн ялгаа уг нь байх ёсгүй. Зорилго, хөтөлбөрөө өвөртлөөд улс эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эрч хүчтэй ажиллаж чадах сэтгэл, зүтгэл, чадвар байхад болно. Гэхдээ цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Хийдгээ хийсэн бол нэр төртэй залуу үедээ ачаагаа үүрүүлдэг ахмад үе байгаасай. Улс төр өөрөө өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гурван цагийн дунд хуучин болон шинэ улстөрчдийн залгамж халаа уламжлал дээр гурван үеийн хэлхээ болж явдаг гэж би ойлгодог. Монгол Улсын үнэт баялаг нь өвөг дээдсийн ген, оюун санаа бие бялдрыг өвлөсөн монгол хүмүүс, хэдэн мянганыг дамнан уламжлагдсан түүх соёл, газар нутаг. Гэтэл эх орондоо иргэн бүр чинээлэг, юунд ч санаа зовохгүй сурч боловсрох, ажиллаж амьдрах аятай боломж бололцоо нэг л бүрдэхгүй байна. Энэ бүхнийг л эхнээс сууриар нь, цогцоор нь хурдан шуурхай оновчтой шийдвэрлэхийн төлөө залуу улстөрчийн хувьд хичээн ажиллана гэж боддог доо.
-Эрх баригч намын дийлэнх олонхийн парламент бүрдээд бүрэн эрх нь бараг дундаа орж байна. Энэ парламент, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна?
-Цар тахал, дайн дэлхийн эдийн засагт шинэ нөхцөл байдал тулгаж, өөр зохицуулалт шаардаж байгаа нь үнэн. Гэвч эрх баригчид дэндүү удаан, хойрго, болхи байна. Уул уурхайгаас бүрэн хамааралтай эдийн засаг маань доройтож, 1990 оныхоос ч хэцүү хомсдолтой нүүр тулах магадлалтайг эдийн засагчид сануулсаар байна. Хил гаалийн асуудал шийдэгдэхгүй удсанаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ тогтмол нэмэгдэж байгаагаас тээврийн зардал хүчрэгдэхгүй болж байна. Энэ хямралын нөхцөл байдал хамгийн түрүүнд ард түмний нуруун дээр бууна. Хүнсний дэлгүүрүүдэд өрийн дэвтэр зузаарч, хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр өдөр хоногийг аргацааж байгаа өрх гэр хөдөө хотгүй олон болчихлоо. Өдөр ирэх тусам хэцүүдэж байна гэж иргэд бухимдах ийм нөхцөл рүү орохоос өмнө амжиж зохицуулах боломж эрх баригч нарт байсан. Монгол Улсын нийт иргэдийн 70 гаруй хувь, гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байна. Энэ бол сард нэг өрх айл 180 мянган төгрөгөөр амьдарч болно гэсэн тооцоололтойгоор гаргасан 2021 оны Үндэсний стастикийн хорооны дүн мэдээ юм. Төрийн боловсон хүчний чадавх суларч, удирдлага, манлайлалгүй болж, жилээс жилд төрд итгэх итгэл суларч байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал ийм байгаа нь УИХ, Засгийн газарт өгөх дүгнэлт, үнэлгээ мөн.
-Дандаа шүүмжлэх биш гэрэл гэгээтэй тал, өнцөг бий байх. Ямар асуудлыг дэмжиж байна вэ?
-Уг нь стратегийн салбартаа төрийн нэгдмэл бодлогоор зангидаж, улс орны хэтийн ирээдүйд хэрэгтэй том төслүүдээ хөдөлгөөд явж байсан. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед хэт их улстөржилтөөс үүдэн асуудал бүр мөсөн цэгцэрч чадахгүй л байна. Олон Улсын нөхцөл байдалд Монгол Улсын баримталж байгаа байр суурь, экологийн сүйрлийг зогсоох арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд гээд ганц хоёр гялтайх зүйл эрх баригч нарт байгаа. Гэхдээ нэг нам хэт их эрх мэдэл авахаар дотроо хуваагдаж, нэгнийхээ ажлыг гацаадаг бололтой. Саяхан ОХУ, Хятад, НҮБ-ын гурван томоохон төлөөлөгч Монголд айлчиллаа. Эдгээрээс үр ашигтай хэлэлцээрүүд гарна байх.
-АН бол хүчтэй сөрөг хүчин байх учиртай. Гэвч сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж олон нийт дүгнээд байгаа. Бүлэгтэй, бүлэггүйн асуудал ч гарч ирж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Бүлэг дотроо асуудлаа шийдээд цэгцэрсэн гэж ойлгож байгаа. Парламентын гишүүд ч өөр өөрсдийн микрофоноор сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргээд л байна. Ард түмнээс сонгогдсон гишүүд хоорондоо учраа ололцоод парламентын гишүүний үүргээ биелүүлээд явж байгаа байлгүй дээ.
-Эрх баригчид аливаа мэдэгдэл хийхдээ өнгөрсөн рүү харж, АН засаглаж байсан үеийг их дүгнэж ярьдаг. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан саяхан АН өр тавьж, МАН төлж байна гэлээ. Мөн тухайн үед хийж хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг нэхэн шалгадаг хуультай боллоо. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-2017-2022 он хүртэл МАН хэт олонхоороо УИХ, Засгийн газарт хэмжээгүй эрх мэдэл эдлэж байна. Гэтэл улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд улам л дордлоо. Сангийн сайд нар нь “АН-ын тавьсан өрийг бид төлөх гэж ядаж байна” гэж байнга ярьдаг. Гэтэл нийт 11 бондын өр төлбөрөөс хоёр нь л АН-ын үед бусад нь МАН-ын Засгийн газрын тавьсан өр. МАН-ын дангаараа тавьсан зээл нь 2012 оны Евро, 2017 оны Хуралдай, Гэрэгэ, 2018 оны Хөгжлийн банк, 2019 оны МИК-ОССК, 2020 оны Номад, 2021 оны Центури гэх бондууд нэг нь ч төлөгдөөгүй байна. Жишээ нь, 2017, 2018 онд МАН-ын авсан Хуралдай, Гэрэгэ, Хөгжлийн банк гэх зээл, бондуудыг 2023-2024 онд төлж эхэлнэ. Тэгээд ч энэ бол Монгол Улсын хөгжлийн төлөө авсан зээл тусламж болохоос намууд талцах маргааны сэдэв биш шүү дээ. Аль нь ч засаг барьсан хариуцлагаа үүрэх л үүрэгтэй.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтууд биелэгдэхийн тулд луйврын системийг задлан, Монгол Улсын эрх ашгаас урвасан, хариуцлагагүй улстөрчдөд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэтэл улсын төсвөөс хулгайлсан, стратегийн орд газрыг гадныханд хууль бусаар зарахыг санаархсан, улсын онц чухал үйлдвэрүүдийг наймаалсан гэмт хэрэгтнүүд өнөөдөр улс төрийн гол тоглогч болчихсон явж байна. ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэлтнүүд авдаг. Эдийн засаг төгөлдөржих, хүчирхэгжих төслүүдээ улстөржилтөөр саармагжуулан гацаадаг, нэг улс, нэг боомтоос хамааралтай байх сонирхол амь бөхтэй хэвээрээ л байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авч төсөвт хоёр жилийн хугацаанд 1.9 их наяд төгрөг, Таван-толгойг Хятадын төрийн өмчит Шиньхуа, MCS компанийн түншлэлд 100 жилээр өгөх гэж байсныг зогсоож, жилд 500 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлж, Оюутолгойн гэрээ Дубайн луйврыг илчилж үр дүнд нь Риотинто 2.3 тэрбум долларын өр хүчингүй болсон гэх мэт Монгол Улсын төсөвт хууль бусаар гадагшаа гарсан орлого буцаж орсон. Дарханд 10 сая малын арьс шир боловсруулах үйлдвэр баригдаж дууссан. Гэтэл яагаад өдий болтол үйлдвэр ашиглалтад орохгүй байгаа нь ойлгомжгүй. Монгол Улс жилдээ 10 гаруй сая мал нядалж, хүнсэндээ хэрэглэдэг. Энэ үйлдвэр ажиллаад эхлэх юм бол арьс шир үнэгүйдэж, малчдын орлого хомстох байдал арилах ач холбогдолтой. Өөрсдөө ажлаа хангалттай сайн хийж чадахгүй болохоор бусад руу бухдаг муухай хандлага улс төрд хоцрогдсон.
-Улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байна вэ. Цар тахал, гадаад өр, экспорт, томоохон бүтээн байгуулалтууд гацсан, хууль хяналтын байгууллагын шударга бус байдал гээд л нэг л онцгүй байна гээд иргэд бухимдах юм. Үнэхээр асуудал хүнд байна уу?
-Судалгаанаас харахад монголд хөдөлмөр эрхэлж буй хоёр хүн тутмын нэг нь хөдөлмөрийн мөлжлөгөд өртдөг. Бага цалинтай хүнд хүчир ажил хийхээс илүү дээд боловсрол эзэмшиж ширээний ард суух эсвэл гадаадад гарч гайгүй цалинтай ажил хийхийг эрмэлзэгчдийн тоо асар их нэмэгдсэнийг буруутгах аргагүй. Нийгмийг чирдэг дундаж давхарга үгүй болж, гадаадад байнга оршин суугчдын тоо 20 мянгад хүрсэн нь Монголд амьдрахаас харьд дүрвэж, цагаачлах нь илүү дээр болсон уу гэх асуултыг тавихад хүргэдэг. Хууль хяналтын байгууллагууд цаасан дээр бичигдсэн хууль, дүрэм, журмыг бус эрх баригчдын даалгавраар ажиллаж, нийгэмд шударга бус байдал газар авчихаад байна. Хэлмэгдүүлэлт, ялгаварлал газар авсан. Ялагдсан намын тодотголтой захиргааны цэвэрлэгч хүртэл ажлаасаа халагддаг бурангуй үзэл суртал хэвээрээ л байна. Сүүлийн 32 жилээс 26 жилд нь МАН засагласан нь ардчиллынхан төдий жилээр хэлмэгдэж, хавчигдсан гэсэн үг. Энийг засахгүйгээр хүнд суртал арилах боломжгүй. Ардчиллын тулгуур зарчмууд, хүний эрх, эрх чөлөө сүүлийн жилүүдэд аймшигтай хумигдлаа. Эрх баригчдыг шүүмжилсэн болгон шоронгийн хаалга татаж, 1930-аад оны хэрцгийлэл дахин давтагдах нь уу гэлтэй. Хүний эрхийн зөрчил ч тоймгүй. Ялангуяа цар тахлын үед жам ёсны эрх гэх ойлголт ямар ч утгагүй зүйл болж хувирсан. Монголын төр иргэнийхээ амийг үнэгүйдүүлдэг, үрэн таран хийдэг байж болохгүй. Энэ бол ХХI зууны соёлт хүн төрөлхтөн, дэлхийн шинэ төрт ёсны хэм хэмжээнд байж боломгүй алдаа шүү.
-Удахгүй намрын чуулган нээнэ. Энэ чуулганы эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх товтой байна. Та эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү?
- Шинэ Үндсэн хууль 1992 онд хэлэлцэгдэн батлагдахдаа бүх ард түмнийг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдаж, ард түмнээс сонгогдсон 430 гаруй депутат 76 хоног хуралдаж баталсан. Гэвч МАН хэт олонх үедээ байнга эцэг хуульдаа гар дүрж, дордохын долоон өөрчлөлт мэтээр бусниулсан хэмээн анхны депутатууд, Улсын бага хурлын гишүүд хүчтэй шүүмжилдэг. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг улам нэмсэн. Гэтэл энэ нь намаасаа хараат Ерөнхий сайдтай болох гажуудал руу түлхсэн. Одоо намынх нь нэр хүнд шалдаа буугаад ирэхээр дахиад Ерөнхийлөгчийг хүртэл парламентаас сонгох, парламентын гишүүдийн тодорхой хувь нь ард түмний сонголтоор бус намын жагсаалтаар УИХ-д суух зэргээр эрх мэдэлд тэсч үлдэхээр яаравчилж, самгардсан заалтууд тулган ард түмнээр хэлэлцүүлэх нэрийн дор ёс төдий уулзалтууд зохион байгуулж байна. УИХ-ын гишүүдээ наадмын өмнөхөн тойрогт нь ажлуулсан ч ард түмэн их дургүйцэж хоёр, гуравхан жилийн өмнө өөрчиллөө гэчихээд дахин дахин засварлаад байвал Үндсэн хуулийн дархлаа алдагдаж, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл төдий болох вий дээ.
-Энэ дунд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, улс төрийн намуудын үйл ажиллагаатай холбоотой заалтууд ч багтсан байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт 1992 оныхоос хүн ам өссөнтэй зэрэгцээд парламентын гишүүдийн тоог нэмэх нь онолын хувьд байж болох асуудал ч яг одоо тулгамдсан асуудлуудаа цэгцлэхгүйгээр УИХ улам данхайх магадлалтай. Хоёрдугаарт, авлигын үзүүлэлтүүдийг бууруулж, бурангуй, буруу тогтолцоог шинэчлэн сайжруулахгүйгээр муйхар, болхи аргаар шууд төрийн бүтцийг өөрчлөх нь асуудалтай. Үндсэн хууль батлалцсан Улсын бага хурлын гишүүд, депутатууд хоёр танхимтай парламентыг дэмждэг юм билээ.
-УИХ-ын дарга Г.Занданшатар бид эх орноосоо хөөгдөх вий гэх мэт агуулгыг илэрхийлж байсан. Төрийн хэмнэлтийн бодлогын талаар таны бодол?
-Нэгэнт хязгааргүй эрх мэдэлд хүрээд алдахгүйг хичээж байгаа хүмүүс хэмнэж чадахгүй. Харин яаж ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах вэ гэдэг дээр л толгойгоо гашилгаж байх шиг. Төрийн хэмнэлтийн хамгийн сонгодог жишээ нь авилгач улстөрчдөө цэвэрлэх юм. Гэвч шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ажлаа хүлээж авснаас хойш гацаа, ганихарлаасаа гарч чадахгүй дэмий л том том мэдэгдэл хийхээс хэтрэхгүй байна. Хөшөө музей гэх мэтийн хэрэггүй хоосон барилга барих нь төсвөөс хусах арга гэдгийг ч бүгд мэддэг болсон доо.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаар гэр хорооллын дэд бүтэц, махны үйлдвэрүүд, бохир ус цэвэршүүлэх гэх мэт стратегийн чухал асуудлуудад БНХАУ-тай хамтарч ажиллахаар болсон. Монгол хүний дархлаа, улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудлуудад гадны улс хэт орж байна гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсын тусгаар тогтнол нэгэнт гаднаа хилийн зурвас, хилчин дайчдаараа хамгаалуулж байгаа ч дотроосоо авлигад идүүлж, эдийн засаг нь нэг улсаас бүрэн хамаараад зогсохгүй хүсвэл хилээ нээж худалдаа арилжаа явуулдаг, хүсэхгүй бол таг гацаадаг байдал руу ортлоо доройтсон нь олон шалтгаантай. Улс төр, эдийн засаг хоёр адилхан хүчирхэгжиж тусгаар тогтнол бүрэн утгаараа тогтдог. Энэ бол бидний л сул дорой, хүлцэнгүйн гор. Урд хөршийн мөнхийн санаархал манай газар нутаг шүү дээ. Ашиг сонирхлоо илэрхийлэх нь ч байх. Томоохон стратеги судлаачид тухайлбал, Норвегийн Бизнесийн Сургуулийн уур амьсгалын стратеги судлалын профессор Жорген Рандерс “...Хятад улс өөрийн сонирхлын бүсээ өргөтгөхгүй ч эдийн засгийн ач холбогдолоо умартахгүй. Санхүүгийн өвөрмөц хуримтлал нөөцөө бусад улс гүрнүүдэд тухайн зах зээл дэх харьцангуй сайн нөхцөл болон улс төрийн бодлоготойгоор зээлдүүлэх замаар ашиглана. Гадаадад нийтийн эзэмшлийн газар, дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх ба улмаар зарим улсад ширүүн сөргөлдөөн бий болгосноор дэлхийд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх томоохон үсрэлт болно” гэжээ. Энэ бол Монгол Улсад хамгийн их хамааралтай, анхаарахгүй орхиж болохгүй дүгнэлт. Сүүлд батлагдсан Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын өөрийн газар нутаг, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын асуудлаар аливаа хэлбэрийн санал асуулга явуулахыг хориглосон заалт тусгагдсан нь дэлхийн неоколонизмын аюулаас сэргийлсэн маш чухал алхам болсон гэж үздэг. Хоёр орон хамтраад эдийн засгийн асуудлаа шийдэж болох ч хэт их хамаарал аажимдаа эрсдэл дагуулж ч мэдэх юм.
-Сүүлд С.Эрдэнэ дарга парламентад суудалтай намд улсаас өгдөг мөнгийг авсан мэдээлэл гараад байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний тайлбар өгөхгүй юу?
-Ардчилсан нам зөв зохион байгуулалт хийгээд, нэр дэвшигчдээ зөв сонгоод ажиллахад ялах бүрэн боломжтой нам. Харин энэ намыг ялуулахыг хичээдгүй наймаа арилжааны хэрэгсэл болгож олон нэр дэвшигч намын эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр тоглож байсан тод жишээ өнөөдөр хэн ч харсан ойлгомжтой харагдахаар байгаа. Ардчилал, ардчилсан нам, олон мянган гишүүдийг хэрхэн доромжилж байгааг харуулж байна тэр үйл явдалд нь МАН хэрхэн туслаж байгаа нь үүнээс харагдаж байна. Ардчилсан намыг хүчгүй байлгах ганц гацаа нь МАН-д барьцаалагдсан С.Эрдэнэ юм л гэж хэлье дээ.