Монголын Ардчилсан Холбоо нь улсын бүртгэлтэй Нийгэмд Үйлчлэх Төрийн Бус байгууллага юм. Сүүлийн хугацаанд тус байгууллагын нэрийг ашиглан Монголын Арчдилсан Холбооны албан ёсны төлөөлөлгч мэтээр иргэд, нийгэмд буруу ойлголт төрүүлэх үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс явуулж, МоАХ-ны нэр туг бэлгэдэл зэргийг ашиглан түүгээр ч зогсохгүй улс төрийн намаас санхүүжилт авсан гэх мэдээлэл түгэх болсон.
Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, хууль бус ажиллагаа байж болох тул Монголын Ардчилсан Холбооноос хууль сахиулах байгууллагад ханджээ. Хуулийн байгууллагаас энэ сарын 9-нд “...Ирүүлсэн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 -т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна” гэсэн хариу ирүүлсэн байна.
Энэ талаар Монголын Ардчилсан Холбооны Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-ны 5 дугаар их хурал гэгчийг зохион байгуулж, тэндээсээ Д.Монголхүүг МоАХ-ны даргаар томилсон гэх хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдөлд орууллаа.
Энэ хүмүүс 2021 оны арванхоёрдугаар сараас эхэлж шат дараатайгаар худал мэдээлэл түгээхдээ МоАХ-ны нэр, туг, логог ашигласан. МоАХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс манай байгууллагын нэрийг ашиглаад байсан учир зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан. Өчигдөр хариу нь ирлээ.
Яагаад залилангийн шинжтэй гэж хэлээд байна вэ гэхээр 2 дугаар сарын 18-нд болсон хурал, цуглаанаа хийхдээ цахим нэртэй Ардчилсан намаас санхүүжилт авч соёлын төвийнхөө түрээсийг төлсөн байдаг. Мөн иргэн Л.Ганхөлөг өөрийн дансыг байршуулан иргэдээс хандив, тусламж авсан. Эдгээр үйлдлүүд дээр эрх бүхий МоАХ-ны Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газраас тухай бүрт нь мэдээ, мэдээлэл өгөөд явсан. Үнэн, зөв мэдээллийг хүргээд явахгүй бол энэ хэрэг цаашлаад улсыг хамарсан гэмт хэргийн бүлэглэлд ороод явах нөхцөл байдал бий болох нь” гэлээ.
Түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэе.