Хэд хоногийн өмнө зохион байгуулагдсан “Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” нь Монголын Ардчилсан Холбооны нэр тамга тэмдэг, логог ашиглаж худал мэдээлэл тараасан, ард иргэдийг төөрөгдүүлсэн, ТББ-ын нэрээр иргэдээс мөнгө залилсан зэрэг гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үндэслэлээр Д.Монголхүү нарыг шалгуулахаар МоАХ-ныхон өчигдөр ЦЕГ-т гомдол гаргасан. Тэгвэл өнөөдөр Д.Монголхүү, А.Цэрэнбат нар МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзана гэх нэрийдлээр Ардчиллын ордонд ирэхдээ МоАХ-ны Их хурлыг ирэх гуравдугаар сарын 07-ны өдөр хийхээр төлөвлөснөө дуулгасан юм.
Гэвч Д.Монголхүү нь МоАХ-ны гишүүн биш тул Их хурлыг зарлах эрхгүй учир их хурал хийх саналыг нь албан ёсны эрхтэй МоАХ-ныхон хүлээж авсангүй. Д.Монголхүүгийн хувьд МоАХ-ны нэр, бэлгэдэл, туг зэргийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь өмнө нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож байсан билээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Ардчилсан холбооны хүмүүс дараах тайлбарыг өглөө.
Д.Пүрэвбаатар: Хэн нэгэн дурын хүн МоАХ-ны Их хурлыг зарладаггүй юм
/Монголын Ардчилсан Холбооны хяналтын зөвлөлийн дарга, хуульч, өмгөөлөгч/
-МоАХ-ны дүрэмд Үндэсний зөвлөгөөн хийнэ гэсэн зүйл, заалт огт байхгүй. Зөвхөн Их хурлаа хийдэг. Удирдах зөвлөл нь хуралдаж Ерөнхий чуулганаа зарлан хуралдуулдаг. Ерөнхий чуулганаас Их хурлаа зарладаг байгаа. Хэн нэгэн дурын хүн МоАХ-ны Их хурлыг зарладаггүй юм.
МоАХ-ны дүрмийг зөрчиж өөрсдийгөө зарлан тунхаглаад хурал хийж буй нь бусдыг төөрөгдөлд оруулж, залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир цагдаагийн байгууллагад шалгуулахаар зохих зүйл заалтыг нь үндэслэж хандсан. МоАХ гэдэг байгууллага өөрийн гэсэн дүрэм, журамтай. Дүрмийн дагуу л бүх үйл ажиллагаа явагдах ёстой.
Бид эдгээр үйлдлийг цаанаасаа зохион байгуулалттайгаар хийгдэж байна харж байгаа. МоАХ-ны дарга байсан Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-тай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Тэдний өгсөн үүрэг даалгавар болов уу. Миний харж буйгаар МоАХ-г татан буулгах, тараах гэсэн захиалгатай үйлдэл. МоАХ улс төрийн нам биш. Гэтэл төрийн бус байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох үйлдэл хийж буй нь өөрөө байж боломгүй асуудал.
Их хурлын хувьд бол МоАХ-ны дүрмийн дагуу хийгдэх үйл ажиллагаа. Дүрэмд зааснаар даргатай холбоотой асуудлыг Ерөнхий чуулганаар шийддэг. Энэ хуралдааныг 30-35 хоногийн өмнө зарладаг. Бид Ерөнхий чуулганы хуралдаан зарлах асуудлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр маргааш хэлэлцэх гэж байна.
С.Эрдэнэцогт:Ардчилсан намыг самарсан хүмүүс МоАХ руу орж ирж байна...
/Монголын Ардчилсан Холбооны Хэрэг Эрхлэх Газрын дарга/
-Д.Монголхүү нарын яриад байгаа анхдагчдын зөвлөгөөн гэдэгт оролцсон хүмүүсийн 80 хувь нь Баянгол дүүргийн АН-ыг “хувьчилж” авсан С.Эрдэнийн талынхан байсан шүү дээ. Үнэндээ МоАХ-ны дүрэм, журмыг зөрчсөн зохион байгуулалттай үйл ажиллагаа болсон. Тэгээд ч Д.Монголхүүг МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар томилох хурал биш. АН-ыг тараан бутаргасан хүмүүс өнөөдөр МоАХ руу дайрч эхэлсэн үйл явдал болж байна. МоАХ тэднийг шаардсан ч, шаардаагүй ч Их хурлаа хийнэ. Энэ бол цаг хугацаатай, дүрэмтэй зүйл юм.
Б.Отгонхүү:Д.Монголхүү МоАХ-ны бүртгэлд байхгүй байна
/Монголын Ардчилсан Холбооны Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга/
-МоАХ иргэн Монголхүү, Ганхөлөгийг гишүүн биш гэж үзэж байгаад тайлбар өгье. МоАХ-ны салбар зөвлөлүүдэд өгсөн албан даалгавар бий. 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийн энэ даалгаварт гишүүдээ бүртгэлжүүлж, анкетжуулж явахыг үүрэг болгосон. Бүртгэл хийж, журмаа бас гаргасан. Энэ хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр МоАХ-ны Баянзүрх дүүргийн салбар зөвлөлийн дарга Майнбаяр МоАХ-ны Хэрэг эрхлэх газарт бүх гишүүдийнхээ бүртгэлийг өгсөн. 486 гишүүнтэй энэ бүртгэл дээр МоАХ-ны салбар зөвлөлийн тамга болон Майнбаяр даргын гарын үсэг бий. Хурлын протокол, тэргүүлэгчдийн гарын үсэг нь ч байна. Бүх бичиг баримтыг нь тамгатай, дүрс бичлэгээр баримтжуулж хүлээж авсан. Энэ бүртгэлд иргэн Монголхүү, Ганхөлөг нарын нэр байхгүй. Өөрөөр хэлбэл, МоАХ-ны гишүүний бүртгэлд байдаггүй. Гэтэл удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна. МоАХ-ны зүгээс хууль бус үйлдлээ таслан зогсоохыг сануулж байгаа. Бид шат шатны хуулийн байгууллагад хандсан. Эхний шатны байгууллага нь тэднийг МоАХ-ны гишүүн биш гэдгийг нь тодорхойлсон. Бид мөн ЦЕГ-т бас мэдэгдэл өгсөн байгаа.