Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛЛАХААС ӨӨР ТЭНГЭР ҮГҮЙ, МУХАММЕД БОЛ ТҮҮНИЙ ЗӨНЧ


Өдгөө дэлхийд гарч байгаа 10 алан хядах ажиллагааны ес нь лалын шашин, Аллах тэнгэрийн нэрийн өмнөөс хийгдэж байна. Өдөр болгон мэдээ үзэж, уншиж байгаа хүнд “Аллах нэртэй бурхан юутай догшин, ямар их цус нэхдэг юм бэ. Яагаад?” гэсэн бодол аяндаа төрөх нь зүйн хэрэг. Хариулт тун энгийн. Бусад шашинтай харилцах харилцаа ба шашны доторх олон урсгал хоорондын зөрчил.
Үнэн хэрэг дээрээ Аллах тэнгэрийг шүтэх шиг энэрэнгүй  шашин үгүй. «Ашхаду ал-ля иляха илля л-Лаху уа ашхаду анна Мухаммадан расулю л-Лах» буюу Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед нь бурхны илгээсэн элч гэдэгт итгэж хүлээж зөвшөөрөхөд  л хангалттай.
Нэгэнт л ингэж шүтэж, итгэж чадвал зарим нэг зүйлийг дагаж мөрдөх хэрэгтэй болох нь зүйн хэрэг. Хамгийн эхнийх нь намаз. Өдөр болгон  таван удаа Аллах тэнгэрийн төлөө залбирах. Дараа нь Закят буюу эд хөрөнгөө буяны үйлд хандивлах. Лалын шашинтан хүн жил болгон өөрийн хөрөнгийн тавны нэгийг ядууст тусламж болгон хандивлах ёстой. Хөрөнгө чинээ багатай лалын шашинтнууд ингэж хандивлахаас чөлөөлөгддөг. Цаашлаад Рамадан сард мацаг барих. Рамадан сарын хугацаанд нартай үед хоол, унд идэхгүй бурхандаа илүүтэй мөргөнө, элдэв нүгэл хийхээс аль болох татгалзана. Үүнийг саум, ураза гэх. Үүний дараа хаж байна. Лалын шашинд Аллах тэнгэр, Мухаммедын дараа орох шүтээн байдаг Мекка хотноо амьдралдаа ядаж нэг удаа зочлох ёстой.
Ингээд л бодохоор тун ч энгийн гэж санагдмаар. Магадгүй тийм  болохоор лалын шашинтнуудын тоо нэг тэрбумыг давсан байх. Гэхдээ юм ийм хялбар байсан бол сайхан. Үнэн хэрэгтээ лалын шашин нь христийн шашны адилаар дотроо олон урсгал чиглэлтэй. Тэдгээр нь өөр хоорондоо ямагт тэмцэлдсээр ирсэн түүхтэй. Лалын шашны хамгийн олон дагагчтай урсгал бол сунныг дагагчид буюу суннитууд юм.
Суннитууд нь дэлхий дээрх лалын шашинтнуудын 85 хувь орчим болдог. Ойрх Дорнод, Хойд Африк, Төв болон Өмнөд Азийн орны хүмүүс бүгд суннит. Манай казах үндэстнүүд ч суннитууд. Лалын шашинтнууд байгаа газарт тэргүүн нь бүх нийтийн сонгосон халиф байх ёстой гэдэг онцлогтой. Лалын шашинтнуудын дийлэнх болохоор Аллах тэнгэрийг яаж тахих, сургаалийг нь яаж сурталдахыг зөвхөн өөрсдөө мэддэг гэцгээдэг. Өөр бодолтой хэн ч байсан харшилтай.
Дагаж мөрддөг хүний тоогоор лалын шашинд хоёрдугаарт ордог урсгал бол шиа дагагчид буюу зөнч Мухаммедын хүргэн  Али ибн Абу Талиб ба түүний үр удмын лалын шашинтан болгоны тэргүүн байх ёстой шиитүүд. Лалын шашинтнуудын 13 хувь нь байдаг. Дотроо исмаил, алав, алев гээд олон урсгал болж задарна. Гол төлөв Иран, Йемен, Ирак, Саудын Арабт аж төрдөг.
Лалын шашин дотроо нөлөө бүхий гурав дахь хүчин бол харижитууд. Шашны хувьд сунна дагагчидтай төстэй ч лалын шашинтан болгоны тэргүүн нь хамгийн анхны гэгддэг хоёр халифыг хүлээн зөвшөөрөөд бусдыг нь тоодоггүй. Харижитууд нь дотроо ибадит, аджрадит, азракит, байхасит, мухаккимит, надждатит, саалабит, суфрит гэх мэт түмэн урсгалтай.
Буддын шашинд шашин хамгаалагч буюу улааны, догшин, нууц урсгал байдагтай адил лалын шашинд ч суфи урсгал гэж байна. Энэ урсгал оюун ухааныг гэтэлгэх бясалгал, бие махбодийг амраах йог мэтийн өөрийн гэсэн өвөрмөц дасгалтай. Алдарт Али Абу ибн Синаг суфи урсгалыг хүн байсан гэгддэг.
Энэ мэтээр Аллах тэнгэрийн төлөө олны сэтгэлийг дагуулан залбирдаг олон урсгал болон зөвхөн өөрийн урсгалаа л жинхэнэ лалын шашин гэнэ. Бусад нь нэр зээлдэгч, юу ч мэддэггүй “нинжа” нар болж хувирдаг. Арай  ч үгүй байлгүй дээ гэсэн эргэлзээ төрөх нь зүйн хэрэг.
Энд яригдсан болгон үнэн гэдгийн хамгийн наад захын жишээ бол Иран улс. Сая манай Ерөнхийлөгч  айлчлаад Ил хаадын үеэс үлдсэн олон зүйлсийг та бидэнд үзүүлэн тайлбарласан газар. Иран улсын лалын шашинтнуудын илэрхий олонх нь шиитүүд. Суннитуудтайгаа тун ч таарамж муутай гэдэг нь ойлгомжтой. Иракт байдаг шиитүүдийн сүм дугана, бунхныг хүртэл суннит зэвсэгт дээрэмчид өдөр, шөнөгүй шахам дайрч, дэлбэлж, буудаж байдаг гэхэд хилсдэхгүй.
Ер нь, лалын шашинтан гурван хүний нэг нь сунн, нэг нь шиа, нөгөөх хариж гээд өөр урсгал байвал гурван биеэ тойрч зодолдоод салахгүй гэж хэтрүүлж ч болох юм. Ингэж маргалдах хамгийн том шалтаг бөгөөд шалтгаан нь “Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед нь бурхны илгээсэн элч” гэсэн үг юм. Учир нь, ганц бурхан зөнч Мухаммедээр дамжуулан Коран судрыг хүмүүст айлтгасан атал урсгал болгон өөрийнхөөрөө тайлбарладагт хэргийн зангилаа байгаа юм. Ираны лалын шашинтнуудын хувьд Мухаммедын хүргэн, түүний удмын хүмүүсийг шашны болон төрийн тэргүүн гэж шүтдэг бусад суннитудыг осолтгүй л Христийг шүтэгчдээс дээгүүр хүмүүс гэж үзнэ. Иймдээ ч Израйл, АНУ гэсэн орон Ираныг цөмийн зэвсэг бэлдлээ гэсэн шалтгаар дайн эхлүүлэх гэхэд Арабын Нэгдсэн Эмират, Куйвет мэтийн лалын шашинт орнууд ашгүйдээ дайтаад дараад өгөх нь гэсэн байр сууринаас ханддаг. Пакистанд болдог алан хядах ажиллагааны олонхи нь шиитүүдийн эсрэг, эсвэл сунниутуудын эсрэг хийсэн байдаг. Монголчууд ч нэгэн цагт нэг шашны хоёр урсгалын нөлөөллийн төлөө хоорондоо талцаж явсан гэдгээ мартаж болохгүй. Цогт хунтайж буддын шашны улаан малгайтны талыг баримталдаг хүн байгаад захиалгаар Лхасыг эзлэн одоо хятадуудын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхээ шахсан байдаг.Энэ тухай нэлээд сайн хийгдсэн кино байдгийг бид бүгд үзэж байсан. Адилхан Шагжамуни бурхныг шүтдэг, дөрвөн үнэн байдаг гэдэгт итгэдэг атлаа өөр хоорондоо тэгтлээ байлддаг байсан гэхэд итгэхэд бэрх. Гэвч улс төрийн эрх мэдлийн төлөөх тулаанд яс үндэс, угсаа гарвал, шашин шүтлэг, шашны урсгал хүртэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа, шашны үл мэдэг ялгаа маш чухал ач холбогдолтой болдог. Иймд лал, будда, христ гэлтгүй төрөөс маш зөв бодлого баримтлахгүй бол судар дээр “а”  гэсэн байхад уншихдаа “б” гэж дуудаад байна гэсэн шалтгаанаар цөөхөн хэдэн монголчууд хоорондоо муудалцаж магадгүй дээрээ тулсан. Хамгийн наад захын жишээ гэхэд Христийг дагагч айлд ороод бөө мөргөл, эсвэл Буддагийн тухай яриад үзээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан