Монгол Улсын баатар, Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид 2021 оны 11 сарын 26 буюу “Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр” Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан нээж үг хэлсэн бол Монгол Улсын консерваторын магеструуд Монголын Төр бат оршиж, төрийн түшээд шударга, үнэнч байж, түмэн олон бид амар жаргахыг бэлгэдэн “Эрхэм төр” дууг морин хуурын аян данд эгшиглүүлсэн юм.
Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн тэмдэглэлт энэ өдөр Монголын шашин төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, улмаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдах үйл явцын эхлэлийг тавьсан түүхэн гавьяаг залгамж хойч үед зөвөөр ойлгуулан таниулах зорилгоор энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Богд хааны цаг үеэ олсон улс төрийн манлайлал, Халхын Хан ноёдын нэгдсэн бодлого үйл ажиллагаа нь тухайн үед ганхаж эхэлсэн Манж гүрний ноёрхлыг Монгол улсаас түлхэн гаргах оновчтой, мэдрэмжтэй шийдвэр байсан төдийгүй, Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн юм.
Монголчууд 1911 онд Манж Чин гүрний хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөн, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэнээр ХХ зуунд дэлхийд Монгол улс сэргэн мандсан шинэ түүх эхэлсэн билээ.
1913-1918 онд Богд хааны зарлигаар Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтрийг зохиож, хэвлэсэн нь Орчин үеийн Монголын хууль ёсны эхлэл болсон юм.
Түүхч эрдэмтэд Богд хаант Монгол улсын эрдэмтэн мэргэд 1914 онд Англи, Америк, Япон, Норвеги, Швейцар улсуудын Үндсэн хуулиудыг орчуулан иш болгож “Богд хаант Монгол Улсын үндсэн хууль”-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон хэмээн тэмдэглэсэн байдаг.
Улс орныхаа эдийн засгийн бие даасан бодлогыг хэрэгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийг эрмэлзэж байсан Богд хааны засгийн газрын эрх мэдлийг Хятадын цэргийн харгис хүчин түр хязгаарлаж, Богд гэгээнтнийг Хятадын гамин цэргүүд баривчлан шоронд хорьсон боловч богинохон хугацааны дараа Оросын Барон фон Унгерн-Штернберг шоронгоос суллан, Хүрээг хятадын харгис цэргүүдээс 1921 оны 2 дугаар сарын эхээр чөлөөлсөн юм. Улмаар 1921 оны 2 дугаар сарын 22 буюу Цагаан сарын 15-ны өдөр Монгол Улсын эзэн хааны ширээнээ дахин залсан билээ.
1921 оны 7 дугаар сарын эхээр Нийслэл Хүрээнд орж ирсэн Монгол Ардын Журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийнхан Богдын засгийн газрын гишүүдийг баривчлан, засгийн эрхийг хүчээр Ардын засагт шилжүүлжээ. 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээт цаазат эзэн хаанаар өргөмжилж, хааны Зарлигаар засгийн газраа эмхлэн байгуулсан хэдий ч харамсалтай нь Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалал болсноор Монголд хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг тунхаглан зарласан билээ.
Үндэсний эрх чөлөөний удирдагч, өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүний бодит гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 09 дүгээр зарлиг гаргаж, Монгол Улсын эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд зохион байгуулж, архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн, түүхийн ном, уран сайхны кино бүтээсний зэрэгцээ Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.