Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан МоАХ-ны удирдлагууд болон хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл "Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр МоАХ-ны анхдагч гишүүн В.Уранчимэгтэй ярилцлаа.
-Таны өвөө хэлмэгдэж байсан юм байна. Хэрхэн хэлмэгдсэн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Өвөө маань Хиагтыг чөлөөлж байсан жанжин Сүхбаатарын цэрэг байсан хүн. Шоронд хоригдох явцдаа тэндээ нас барсан байдаг. Харин эмээ маань Сэлэнгийн буриад. Тэр үед буриадуудыг хүйс тэмтэрч үхэр, малыг нь хураасны дараа амьжиргаанаасаа салсан эмээ маань таван хүүхдийнхээ гурвыг нь алдсан. Үлдсэн хоёр хүүхдийнхээ нэгийг айлд өргүүлж, нөгөөгийнх нь овог нэрийг сольсон юм билээ. Ингэж л хэлмэгдэж явсан буриадын охин байна, би. Аавын маань аав ч гэсэн бүх хөрөнгөө хураалгаад лам байх эрхээ хасуулаад зогсохгүй хамаг бурхан шүтээнээ хураалгаснаас үүдээд тархины цус харвалтаар нас барсан байдаг юм. Ингээд харахаар эгч нь хоёр талаасаа хэлмэгдсэн хүний үр сад байгаа биз. Миний хувьд 1990 онд ардчилсан хувьсгал болоход анхны салбар зөвлөлийн зохицуулагчаар ажилласан. Энэ цагаас хойш ардчилал, хүний эрх, шударга ёс тогтох болов уу гэж их хүлээлээ. Ардчилсан хувьсгалаас хойш хууль, эрхзүй гээд бүх зүйл цаасан дээр ардчилсан юм шиг байсан боловч яг үнэндээ өнөөдрийг хүртэл коммунистууд засагласаар л байна. Хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхалт, өмч хөрөнгөгүй, ядуу зүдүү байлгадаг бодлогын өнгө аяс нь өнөөдөр ч хэвээрээ байна.
-Өнгөрсөн он жилүүдийн хэлмэгдүүлэлтийн талаар ярихаас илүүтэй энэ цаг үеийн талаар яриагаа үргэлжлүүлье. Та сая өнгө аяс нь ч хэвээрээ явж байна гэлээ. Жаахан дэлгэрүүлвэл?
-Монгол хүн эх орондоо аз жаргалтайгаар өөрөө хөдөлмөрлөөд, эрүүл энх, амар тайван амьдрах ямар ч боломж алга. Боломж нь хумигдсаар. Өнөөдөр хар л даа. Үзэл санааны, баялгийн хуваарилалтын, ковидоор халхавчилсан гээд бүхий л хэлмэгдэл байна.
Ковидоор нас барсан хүний тоо мянга гарлаа. Хэн ч тоохоо байлаа. Эндээс эхлээд л эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдөж байгаа биз.
Мөн саяхан УИХ-ын гишүүд маань хуулийг өөрсдөдөө ашигтайгаар долоохон минутад өөрчилчихөж байна. Хэлмэгдүүлэлт хийдэг коммунистууд маань сүүлдээ капиталист болж хувирлаа. Коммунист, капиталист хоёр шинжийг агуулаад улс эх орныхоо бүхий л эд хөрөнгийг залгиснаас болоод ядуурал, өвчин зовлон, эдийн засгийн уналт дээд цэгтээ хүрлээ. Бид яагаад үүнийг нь тэсээд байдаг юм бол. Үнэхээр гайхаж байна. Ардчилсан хувьсгал боломж байсан. Үзэл санаа, үйл хэрэгтээ эзэн болж чадаагүйн гай.
Хэдхэн хүн урваж бусдын гар хөл болж, авлигал хээл хахуул авснаас болоод барьцаалагдчихсан, ийм л төртэй болчихсон байна.
-Авлигалаас үүдэлтэй албан тушаалын наймаа хэлмэгдүүлэлтэд их нөлөөлж байх шиг?
-Цүнх баригч нараа өөрсдийн гар хөл болгож ажиллуулдаг энэ явдал бүр системд ороод бараг 20-иод жил болсон. Сонгуулиас сонгуулийн хооронд идэж уугаад, цавчаад дуусъя гэдэг школтой, санаа бодолтой хүмүүс төрд шургалж байгаагаас болоод манай улс доройтсон. Хийморь, сүлдгүй ч боллоо. Энийг эргүүлэхийн тулд оюун санааны өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Одоогийн залуусын оюун санаа тэс өөр болжээ. Тэгэхээр одоогийн залуус улс эх орноо аварвал аварна, чадахгүй бол бүр туйлдаа хүрнэ. Сая импортоос хараат улс болсноо хөл хорионоор харлаа шүү дээ, хил гааль дээр юу болов. Хэчнээн хүн ажилгүй болов. Энэ бүхэн коммунистуудын буруу бодлогоос үүдэлтэй. Жинхэнэ ЖДҮ-чид нь сөхөрч байна. Бүтэн талхаа тал болгож байх жишээтэй.
Өнөөдөр ковидоор гэхэд хэчнээн мянган хүн өвдөж, хэд нь нас барав. Өвчин зовлонгоор зоолж сонгууль хийж, хулгай хийсэн нь байж болох хамгийн том нүгэл. Эх орон, ардчилал, тусгаар тогтнол гэж яриад л байдаг. Үүний цаана юу нь үнэт зүйл юм бэ. Тэр нь монгол хүн байхгүй юу. Гэтэл нохой шиг л үхэж байна.
Монголчууд маань тэр аяараа өвдөж, сурч боловсрох эрх нь хумигдаж, хөдөлмөрлөж, ая тухтай амьдрах бүхий л эрх зөрчигдөж байна. Маскнаасаа салаад ажил, амьдрал нь хэвийн горимдоо шилжсэн хэчнээн улс орон байна вэ. Тэд зөв бодлого хэрэгжүүлж, бэлтгэл ажлаа сайн хангасныхаа үр шимийг үзэж байна. Гэтэл бид яав.
-Бас л буруу бодлогын золиос боллоо гэх гээд байна уу, та?
-Манай улс гадаадаас хэчнээн их тусламж авсан билээ. Монголчууд маань хүртэл бүгд л чадлынхаа хирээр мөнгөн тусламж үзүүлсэн. Тэр их мөнгө өнөөдөр хаана байна. Мөнгөгүй хүн бол эм тариагаа ч авч чадахгүй үхэж байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэднэ.
Тэгэхээр одоо залуустаа л найдах үлдлээ. Дэлхийд гарсан залуус олон байна. Улс орнуудын хөгжил ямар байдгийг нүдээр харсан, амьдралын хэв маягийг нь судлаад ирсэн залуус өнөөдөр Монголдоо ирээд төр засгийнхаа бодлогыг жигшиж, монголчуудыгаа ямар тэвчээртэй, хүлээцтэй байгааг нь хараад гайхаж сууна. Энэ залуусыг нэгтгээд “Дараагийн ээлж хоолондоо” гэдэг системийг үндсээр нь солих шаардлага зайлшгүй бий. Коммунистуудын хүүхдүүд хүртэл коммунист болчихсон энэ цаг үед ардчилсан сэтгэлтэй, шуналгүй залуусыг гаргаж ирж, дэмжиж байж улс эх орны хөгжил зөв голдиролдоо орж, энэ их хэлмэгдүүлэлт үгүй болно гэж бодож байна.