Төмөр замын дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Зам, тээврийн сайд А.Гансүх анх удаа зочиллоо. Түүний хамт УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.А. Домбровский болон албаны бусад хүн оролцсон юм. Сайд А.Гансүх Төмөр замын дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Төрөөс төмөр зам төдийгүй тээврийн талаар баримтлах бодлогыг чухалд тавьж байгаа. Иймд танай сургуульд УБТЗ төдийгүй үндэсний хэмжээнд зам, тээврийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хэрэгцээ шаардлага тавигдаад байна.
Тиймээс төмөр зам, зам тээврийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх санаа жилийн өмнө нь төрж байлаа. Энэхүү бодлогоо миний бие хэрэгжүүлэх боломжтой болсонд баяртай байна. Тиймээс танай сургуулийг “Зам харилцааны дээд сургууль” болгон өргөжүүлэхийн зэрэгцээ, багш нарын мэдлэг чадвар, сургалтын чанар, төвшинг дээшлүүлэх, материаллаг бааз, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах болно” гэж онцолсон юм. Өөрөөр хэлбэл, тус сургууль нь төмөр зам болон авто замын, авто тээврийн, далайн тээврийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болох ажээ. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсоны дараа салбарын сайд, “Зүтгүүрийн цахилгаан тоноглол”, “Вагоны цахилгаан, радио тоноглол”, “Вагон засвар”, “Хөдөлгөөн зохион байгуулах”, “Үйлдвэр дотоод тээврийн” лабораторуудаар орж, сургалтын материаллаг баазтай танилцлаа.