Шинэ дэвшил хөдөлгөөний тэргүүлэгч М.Чимиддорж гуайн ярьснаар Шинэ дэвшилт холбоо нь эдийн засагчдын клуб дээр статистикчдын хөдөлгөөн нэгдсэнээр буй болсон аж. Гэхдээ МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөхөн буюу 1990 оны хоёрдугаар сарын 17-ны орой ийм шийдвэр гарч, нэр дээрээ ч тохиролцож чадаж.
* 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны жагсаал цуглааныг сонирхож явсан Бат-Очир статистикийн газрын программист хэсэг найздаа энэ тухай хэлж, 17-ны цуглаанд хамтдаа очиж МоАХ-ныхонтой уулзаж нэгдэхээр ярилцав. Гэвч гал олон газар асах ёстой гэсэн үүднээс шинээр хөдөлгөөн байгуулах болж, Шинэ дэвшилт нэртэй хөдөлгөөн үүсчээ. Тэдний гол зорилго бол МоАХ-ны үйл ажиллагааг дэмжих. Өдөр бүр үйл явдал буцалж байв. Хоёрдугаар сарын ихээр бидэнтэй нэг боловсролтой залуу ирж уулзах боллоо хэмээн Бат-Очир хэлжээ. Офицер хувцастай бор залуу орж ирсэн нь өнөөдрийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байлаа.
Ингээд Шинэ дэвшилт хөдөлгөөнийхөн МоАХ-ны жагсаал цуглааныг дэмжин оролцож, цаашид юу хийх тухайгаа Статистикийн хорооны жижиг өрөөндөө ярилцах нь олшров. Тэдний яриаг сонсч зогссон Нарантуяа “Дээр эдийн засгийн бүс нутгийн секторынхон бас л хөдөлгөөн энэ тэр гээд та нартай ижил зүйл яриад байсан даа. С.Бямбаа л тэргүүлж байгаа харагдсан” гээд гайхсан аястай хэлчихээд гараад явжээ. Бат-Очир, Чимиддорж хоёр ч гүйхээрээ гарч очвол Баасандаш, Бямбаа, Дамдинсүрэн, Энэбиш гээд баахан хүн байх. Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн том гарчигтай цаас ширээн дээр нь харагдана. Бие биеэ сайн танихын хувьд зорилгоо ярилцаж нэгдэж уулзацгаах болов. Эдийн засагчдын эвийн клуб нэрээр залуус Политехникийн дээд сургууль дээр аль эртнээс л цугладаг байсан тухай Чимиддорж гуай сонсоод дараагийн уулзалтад очих болжээ. Политехникийн дээд сургууль дээрх цуглаанд нь очвол Да.Ганболд, Мэдрээ, Сүх-Эрдэнэ, Баатар, Нэргүй /эмэгтэй/ Д.Батсүх нарын хүмүүс ч ирж.
Монголын Шинэ дэвшилт холбоог үүсгэн байгуулагчдын нэг, МҮДН-ын анхны дарга Да.Ганболд Шинэ дэвшилт холбооны хувьсгалын анхны өдрүүдийн үйл ажиллагааны тухай ингэж ярив.
“Эрдэнэс Оюу толгой” төрийн өмчит компанийн захирал Да.Ганболд: Тухайн үед залуус цуглаж нийлж ярилцах газар боломж ч хомс учраас өөр өөрийн хүрээлэлд таньдаг мэддэгээрээ цугларч, нийгмийнхээ талаар, эдийн засаг улс орны тухай ярилцана. Монгол Улс Үндсэн хуульдаа МАХН-аас өөр нам байх нь хориотой гээд заачихсан үед нам улс төрийн өнгө аястай бодлого санал санаачилгыг дэвшүүлэх, ярилцах, зөвшилцөх зорилгоор эвлэлдэн нэгдэхэд зөвшөөрөгдсөн цорын ганц арга нь холбооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах байсан. Миний мэдэхээр Эдийн засагчдын клуб нэртэй байгууллага 1987-1988 оны үед бий болж, улсын эдийн засгийн бодлогын байгууллага, хүрээлэнгүүд янз бүрийн засаг төрийн системд ажиллаж байсан хүмүүсийн сайн дурын санаачилгаар клуб маягаар үйл ажиллагаа явуулж байлаа. Тэр үед эдийн засгийн амьдралд яаралтай шийдэхгүй бол болохгүй болчихсон янз бүрийн асуудал хуримтлагдсан гэдгийг хүн бүр л анзаарч байв.
Эрх барьж байсан МАХН ээлжилсэн олон бүгд хурлаараа гол төлөв аж ахуйн механизм, эдийн засгийн салбарыг шинэчилье, реформ хийе гэж ярих ч төр засгийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс нэг хэв маягийн, идэвх, зориг их л улцгар байна, зоримог шийдэмгий санал санаачилга гарахгүй байна, илүү цар хүрээтэй, илүү радикал, иж бүрэн шинж чанартай өөрчлөлтүүд хийе гэсэн саналууд тухайн үед гарч байсан юм. Бид хэд хэдэн хурал хийгээд Монгол хэлээр хэвлэгдээгүй байсан янз бүрийн бүтээл нийтлэл, олон улсын шинж чанартай том том баримт бичгүүдийг хүртэл орчуулж, Монгол хэлнээ хөрвүүлж тэр үеийн бололцоотой ном сонин хэвлэлд тавьж байсан юм. Эдийн засгийн клубт тэр үеийн Төлөвлөгөөний комисс, Статистикийн хороо, Үнэ стандартын хороо, Монголбанк, Гадаадтай эдийн засгаар хамтран ажиллах хэд хэдэн байгууллага, Гадаад худалдааны яам зэрэг байгууллагад ажилладаг хүмүүс, МУИС, Поли, Намын дээд сургууль гээд эдийн засгийн танхимтай байсан бүх л сургуулиас багш эрдэмтэд ирж оролцоно.
Эцсийн дүндээ 1980-аад оны төгсгөлд “Клуб гэдэг чинь буу халах л ажил шүү дээ, тэндээс албан ёсны шийдвэр гарч чадахгүй. Гэхдээ клубийн дотор байсан хүмүүсээс арай дорвитой юм хийе, дэвшүүлээд байгаа саналыг хэрэгжүүлэхийн тулд ямар нэгэн улс төрийн утга агуулгатай үйл ажиллагаа явуулахгүй юм бол энэ маань бүтэхгүй юм байна” гэдэг дүгнэлтэд зугуухан хүрч эхэлсэн.
Цаашдаа улс төрийн ямар нэгэн цар хүрээний зорилтууд дэвшүүлэхгүй бол болохгүй нь гэдэг бодолд хүрч, үүнээсээ зарим нь айж болгоомжилж, клубийн үйл ажиллагаанд оролцохоо больж байсан энэ үед зарим аймаг, Улаанбаатар хотод МоАХ гэдэг байгууллага гарч ирж байгаа сураг дуулдлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөн дээр ч улс төрийн зорилготой зүйл яригдсан. Анхны жагсаал цуглааныг хараад, улс төрийн зорилготой холбоо байгуулагдсаныг зарлангуут нийлж хамтарч ажиллах ёстой юм байна гэдгийг тухайн үедээ ойлгоод МоАХ-ны анхны зарим нөхөдтэй уулзсан. Эдийн засгийн клубийнхээ үйл ажиллагааны анхны зорилтуудыг хэлээд санал солилцож байтал тэдний нөхдүүд харин “социализмыг жинхэнэ утгаар нь байгуулна. МАХН үзэл бодлыг нь гуйвуулсан, бид жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ” гэх бололтой юм ярилаа. Бид ч ийм зорилгоор хол явахгүй. Социализмаас бүрэн татгалзах ёстой. Гол нь капитализм гэдэг үг хэрэглэх үү, үгүй юу, зах зээлийн, чөлөөт өрсөлдөөнт эдийн засаг гээд жирийн хүмүүсийн чихэнд арай зөөлөн, улс төрийн өнгө аясгүй сонсогдох нэр томъёог хэрэглэе. Тэгэхдээ агуулга нь эцсийн дүндээ зах зээлийн өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний амьдарч байгаа зорилтыг тавья гээд жаахан санал зөрөлдөж байв. Нэг удаагийн уулзалтаар энэ бүхэн шийдэгдээгүй, асуудал хэд хэдэн удаагийн цуглаан, уулзалт хийсэн. 1990 оны МоАХ-ны анхны хурлаас өмнө гурван тусдаа л тэмцэл цуглаан хийгээд явсан. МоАХ-ны анхдугаар хурал дээр Баабар Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсаныг, Шинэ дэвшилт холбоог бид зарласан. Тэр өдөр Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Ардчиллын үндэс суурийг тавилцсан анхны холбоод, хожим хойно нь улс төрийн утга агуулга бүхий гурван холбоогоо түшиглээд гурван нам байгуулагдсан түүхтэй. Шинэ дэвшилт холбоо тухайн үедээ янз бүрийн хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн, янз бүрийн урсгалаас бүрдэж байгуулагдсан.
1990 оны гуравдугаар сарын 11-нд Монголын Үндэсний Дэвшлийн нам байгуулсныг албан ёсоор зарласан байдаг. ШДХ, МҮДН-аас “Тэмцэхийн учир” хэмээх баримт бичиг гаргаж, эдийн засгийн туай шинэ санаанууд хөндөж тавьснаараа онцлог гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэнд “Манай улсад ноёрхсон улсын өмчийн тухай үзэл баримтлалаас татгалзах нь бидний тэмцлийн нэг утга учир болно. Улсын өмчийн тухай үзэл баримтлал нь нийгмийн хөгжилд саад болж буй захиргааны хүнд суртлыг бий болгодог. Тиймээс эдийн засгийн үндсээр нь өөрчлөх зорилт тавьж байна” хэмээн тэмдэглэжээ. МҮДН анхдугаар их хурлаа 1990 оны тавдугаар сард хийсэн.
“Бид олуулаа болсон. Бидэнтэй хамт эвлэлдэн нэгдсэн МСДН, АСХ, ШДХ, МҮДН, МОХ зэрэг нам холбоодоос бүрдсэн “Ардчилсан хүчний эвсэл Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэлд зогсч байна. Ардчилсан хүчний эвсэл бол одоо хууль ёсны бөгөөд хүн амын тодорхой хэсгийн дэмжлэгийг хүлээсэн улс төрийн хүчин.” С.Амарсанаа “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номноос...