Монгол Улсын ШУА-ын Биологийн хүрээлэнгийн мазаалай судлаач Т.Одбаяр зургаан сарын хугацаанд АНУ-ын Айдехогийн их сургуулийн генетикийн лабораторид тус сургуулийн багш доктор Лисет Вэйтсийн удирдлага дор Монгол баавгайг судалжээ.
Тэрбээр дэлхийн ховор амьтны нэг болох мазаалайг Монгол орны унаган амьтан, бие даасан дэд зүйл болохыг тогтоосон байна. Энэ тухай БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Уур амьсгалын өөрчлөлт төслийн зохицуулагч Ц.Туяа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн мазаалай судлаач, генетикч Т.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийв.
Т.Одбаяр судалгаа хийхдээ мазаалайн 600 гаруй үс, арьсны 80 дээжид 2800 туршилт хийжээ. Хүрэн баавгай нь гималайн, евроазийн, төвд, сирийн, уссурын баавгай гэх мэт 13 төрөл зүйл байдгаас эхлээд мазаалай болон хүрэн баавгай хоёрын ДНХ-ын ялгааг гаргасан байна. Хүрэн баавгай 240 нуклеотидтэй байсан бол мазаалай 232 нуклеотидтэй гарчээ.
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ярихдаа, “Өнөөдөр та бүхэн түүхийн нэгэн үйл явдлын томоохон гэрч болж байна. Мазаалай баавгай Түвдийнх ч биш, Гималайнх ч биш Монгол орны унаган амьтан болох нь батлагдлаа. Энэ баталгаагаа бид Засгийн газарт хүргүүлж, олон улсад зарлана. Цаашид мазаалай баавгайн хамгаалалтыг сайжруулахаас гадна судалгааны ажлыг үргэлжлүүлнэ”гэлээ.
Энэ жил мазаалай баавгайг хамгаалах болон судалгааны ажилд 471 сая төгрөг зарцуулах бөгөөд бусад эх үүсвэрээс 129 сая төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Баавгайн амьдрах орчныг сайжруулах талаар тодорхой ажлыг өрнүүлэх бөгөөд автомат хоёр худаг байгуулах, Алтайн өвөр говьд нэмэлт тэжээлийн цэг байршуулах юм байна. Мөн энэ жил мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр гаргахаар төлөвлөжээ.
2008 оны тооллогоор мазаалай баавгай 22 тоо толгой байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл сарын дараа мазаалай баавгайн тоог гаргах аж. Одоогоор мазаалай нь говийн их дархан газрын нутаг Атас-Ингисийн уул, Шар хулсны нуруу, Алаг-Өндөр, Хавцгайт, Ланзатын нуруу, Сэгс цагаан богд уулын 30 баян бүрд болон булаг шанд бараадан 15.5 мянган км квадрат нутагт амьдарч байна. Харин 1930-1960 онд хийсэн судалгаагаар 45 мянга орчим км квадрат нутагт буюу Идрэнгийн нуруу, Ээж хайрхан, Тост Нэмхэтийн уул, Торойтын ууланд мазаалай үзэгдэж байсан тухай тэмдэглэсэн байдаг.