Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амралтын өдрүүдэд толилуулах "Аида" дуурьт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг нар гоцолно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 11, 12-нд Ж.Вердийн "Аида" дуурийг толилуулна. 

Тавдугаар сарын 11-нд 17.00 цагаас толилуулах "Аида" дуурийн Аидад гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Амнерист М.Дариймаа, Радамест М.Даваадорж, Аманосрад Э.Отгонбат, Рамфист гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нар гоцолно. Харин тавдугаар сарын 12-нд толилуулах "Аида" дуурийн Аидад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Амнерист Ж.Энхмаа, Радамест Д.Эрдэнэ-Очир, Аманосрад Э.Бумхүү, Рамфист Б.Алтанхуяг нар гоцолно.

Амралтын өдрүүдэд толилуулах "Аида" дуурьт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг нар гоцолно

Амралтын өдрүүдэд толилуулах "Аида" дуурьт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг нар гоцолно

Ж.Вердийн хөгжим “Аида” дуурь Монголын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд анх мэндэлсэн. “Аида” дуурь тайзнаа анх тавигдсанаас хойш 140 жилийн дараа ийнхүү Монголын үзэгчидтэй уулзсан юм. УДБЭТ-ын хувьд “Аида” дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан. Учир нь, уг дуурь нь театрын уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалт шаарддагаараа бусад дууриас онцлог. Уг дуурийг ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулан тавьж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажилласан юм. 

Хэрвээ та уг дуурийг үзэх гэж буй бол либреттог заавал унших хэрэгтэй.

“Аида” дуурийн либретто

Нэгдүгээр бүлэг

Мемфис дахь хааны ордон. Тэргүүн зайран Рамфис, Эфиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт Эфиоп боол бүсгүй Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсч ядан хүснэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлнэ. Аида мөн сэтгэлийн зовлон эдэлж Радамесийг хайрлах сэтгэл, Эфиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Эзэн хааныг гарч ирэхэд элч хүрэлцэн ирж Аидагийн эцэг, Эфиопын хаан Амонасро цэрэг хөдөлгөн Фивад ойртон ирж байгаа тухай мэдэгдэнэ. Эзэн хаан тэдэнтэй дайтах их цэргийн жанжнаар Радамесийг сонгоно. Цөхөрсөн Аида ялалт байгуулахыг Радамест хүсэх боловч өөртөө үхлийг сонгохоор шийдэн ядна. Сүмд сүлд хийморийн ёслол болж тэргүүн зайран Рамфис дээдсийн ариун илдийг Радамест гардуулан өгнө.

Хоёрдугаар бүлэг

Боол бүсгүйчүүд ялгуулсан баатар Радамесийг хүлээж буй Амнерисийг хувцаслах зуур Аида түүний титмийг авчирна. Амнерис Аидаг уран аргаар эрхэндээ оруулан Радамесаас хайраа татахыг тулган дарамтлана. Фива боомтын талбайд ялагчдыг угтаж байна. Радамес ирж хүндэтгэлтэйгээр ёслоход эзэн хаан Амнерисийн гараар түүний тэргүүнд алдрын титмийг зүүж өгнө. Эзэн хаан түүний хүслийг биелүүлэхээ амлахад Радамес олзлогдогсдыг авчирч танилцуулна. Тэдний дунд Амонасро байх бөгөөд өөрийгөө илчлэхгүй байхыг охиндоо сануулна. Тэрээр Эфиопын хааныг дайны талбарт үрэгдсэн гэх бөгөөд олзныхон болон боолчуудад өршөөл үзүүлэхийг фараоноос гуйна. Эзэн хаан олзныхныг чөлөөлж харин Рамфисийн зөвлөснөөр эцэг охин хоёрыг барьцаанд үлдээхээр болж Амнерисийн гарыг Радамест атгуулна.

Гуравдугаар бүлэг

Нил мөрний эрэг дээрх шөнө. Сүмээс Изиде бурхны сүлд дуулал эгшиглэнэ. Амнерис Радаместай хуримлахаар бэлдэж, Аида насан туршдаа уучлахыг гуйхаар Радамесийн ирэхийг хүлээнэ. Гэнэт Амонасро гарч ирнэ. Тэрээр Аида, Радамес хоёрыг гадарласан байна. Түүнийхээр бол Эфиопчуудыг эргэн ялахад тус болох нууцыг Радамесаас эвтэйхэн тандах явдал гэнэ. Аида үүнээс татгалзах боловч эцэг нь түүнийг хүчлэн шаардана. Радамес Аидатай уулзан энхрийлж дахин ялалт байгуулж өөрийг нь авах хүслээ эзэн хаанд илэрхийлэхээ андгайлна. Аида харин эндээс оргох санал гаргана. Радамес нэлээд эргэлзсэний эцэст зөвшөөрнө. Аида хилийн аль хэсэг нь хамгаалалтгүй байдгийг асуухад Радамес нууцыг задлана. Тэр нь египетчүүд дайсан руу довтлоход бэлэн байдаг цорын ганц зам гэнэ. Энэ мөчид Амонасро нуугдсан газраасаа гарч ирэн өөрийгөө илчилнэ. Залуу дайчинд эх орноосоо урвах гэсэн санаа сэтгэлийг нь түгшээнэ. Сүмээс Амнерис, Рамфис нар гарч ирэхэд Аида эцэгтэйгээ оргон зайлах бөгөөд Радамес өөрийгөө тэдний гарт тушаана.

Дөрөвдүгээр бүлэг

Хааны ордон. Амнерис, Аидаг оргосон болон Радамесийг урвасанд гашуудан шанална. Тэрээр хэрвээ өөрийг нь хайрлавал эзэн хааны өршөөл үзүүлж чадахаа Радамест амлана. Гэвч Радамесийн сэтгэлийг эргүүлж эс чадна. Ордны доод нүхэн өрөөнд Радамесийг амьдаар нь сүмийн бунханд оршуулан цаазлах ял хэлэлцэхэд Амнерис бүх зайрангуудыг зүхэн хараана. Сүмийн доод нүхэнд Радамес зөвхөн Аидаг бодон үхлээ хүлээнэ. Гэнэт хайртынхаа зовлонг хуваалцахаар бунхныг нэвтрэн орж ирсэн Аидагийн ёолох дуу сонсогдоно. Тэр үхэх ёстой гэжүү гэсэн аймшигт бодол Радамесийг цочооход Аида түүнийг тайтгаруулна. Тэдний үхэл Амнерисын мөргөлийн уншлагатай сүлэлдэн уусна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан